Улаанбаатар
Өнөөдөр / 2017.11.18
-12
Өдөртөө
-19
Шөнөдөө

Чөлөөт сонгууль минь баяртай

2017 оны 2 сарын 10

1990-оны хувьсгалаар Монголчуудын олсон нэгэн ололт бол Чөлөөт ардчилсан сонгууль байв. Хятад Коммунист нам нь төр барьдаг бөгөөд өмнөх удирдагчид нь залгамжлагчдаа томилдог тогтолцоотой. Тэнд чөлөөт сонгууль гэх ойлголт байдаггүй юм. ОХУ-д ч гэсэн чөлөөт сонгууль байхгүй гэж хэлж болно.

 

2000-онд, Б.Ельцин өөрийн залгамжлагчаар Б.Путиныг томилсноор ОХУ-ыг чөлөөт сонгуульгүй улс болгох замыг сонгожээ. Тиймээс барууны стандартад нийцэх чөлөөт сонгууль гэдэг юм Монгол улсаас 4000-10000км цаана л байдаг ажээ.

 

2008-07-01-нд, Монголчууд сонгуулиа хийж чадсангүй. Гол будилаан санал тоолох дээр гарчээ. Үүнээс болж иргэд олон нийт жагсаал цуглаан хийж, улмаар 20-иод хүн цагдаад буудуулж, 5 хүн нь үхсэн билээ. Үүний дараах сонгуулиудад санал тоолох барууны стандартад нийцсэн машиныг оруулж ирэн, саналыг үнэн зөв тоолдог болсон. Гэвч Монголын сонгуулийн Чөлөөт ардчилсан, шударга байдал жилээс жилд алдагдаж байна.

 

Ойрын үед болсон сонгуулиудад гарсан Луйврын нэг бол Царцаа нисгэх технологийг хэлж болно. Мөн сонгогчид гарын хээгээ уншуулан саналын хуудас авч, бөглөн саналаа өгдөг гэх авч, нэг хүн олон хэсгийн хороонд очиж саналаа өгч байсан тохиолдол байсан. Бас үлдэгдэл саналын хуудсуудыг бөглөн машинд олноор нь уншуулсан тохиолдолч гарч байжээ.

 

Миний хэлэх гэж байгаа санаа бол Монголд өрсөлдөгчгүй сонгууль болдог ОХУ-ын жишиг тогтох байх гэсэн санаа юм.

 

Жишээлбэл: МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2 ч удаагийн сонгуульд оруулсангүй. 2017-оны ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшиж болохоор хүчтэй Лийдрүүдэд АТГ, ЦЕГ-ын зүгээс зохиомол хэрэг үүсгэн, нэр дэвших боломжгүй болгох гэсэн хар улс төр, хэлмэгдүүлэлт явагдах байхаа. Энд хэд хэдэн хүний нэрийг бичье.

 

Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчид нэр дэвших боломжгүй болгох гэсэн зорилгоор АТГ зохиомол хэрэг үүсгээд дуудаад эхэлсэн байна. Мөн Женкод ч гэсэн АТГ- дээр хэрэгт зохион, дуудах сурагтай байна. Бас Э.Бат-Үүлийг хүн амины хэрэгт татна гэж айлгадаг ажээ.

 

Саяхан болсон АН-ын даргын сонгуульд, АТГ ба ЦЕГ-ыг удирдан улс төрийн сэдэлттэй баривчилгаа хийлгэдэг эзэд нь С.Эрдэнийг дэмжин мөнгө төгрөг тараалган зүтгүүлсээр луйвраар ялуулав.

 

Ер нь бол С.Эрдэнэд нийгмийн даатгалын хөрөнгийг хууль бусаар зарцуулсан асуудлууд байдаг. Үүнийг нь АТГ, ЦЕГ мэддэг ч ямар нэгэн асуудал үүсгэдэггүй юм. Харин С.Эрдэнэ тэндий үгэнд орохоо боливол л асуудыг нь босгон ирж, АТГ ба ЦЕГ ашиглана. Хэд хоногийн өмнө М.Энхболд С.Эрдэнийг ялсанд баяр хүргэн Хадаг барин золгож байгаа харагдсан.

 

Хамгийн гол нь С.Эрдэнэ энэ удаа М.Энхболдод зөөлөн хоол болохоор нэр төдий жижиг хүнийг АН-аас 2017-оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, замыг нь засан туслах хүн нь юм шүү дээ. 

 

Энэ бүхний ард 2017-оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас М.ЭНХБОЛД нэр дэвшин бодитой өрсөлдөгчгүй ялах тактиктай байгаа бололтой юм. Иймэрхүү хар технологи нь шинэ юм биш л дээ (ОХУ-ын Б.Путин сүүлийн хэдэн сонгуулиудад дандаа тэгж ялж байлаа.)

 

Эцэст нь хэлэхэд: Монголын нам дамжсан Олигархиудын бүлэглэл нь АТГ, ЦЕГ, Прокурор, ТЕГ, ШҮҮХ, СЕХ, үндсэн хуулийн ЦЭЦ, зэрэгт үүсгэсэн сүлжээгээ ашиглан Монголчуудын чөлөөт сонгуулийн системийг үгүй хийж байгаа нь энэ ажээ.

 

Ойрын 6 сарын дотор Монголд болох улс төрийн бохир үйл ажилгааг зураглан үзүүлэхэд ийм байна.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 4
  • 0
  • 3
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...
...