Монгол Улсын АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал тэргүүтэй төлөөлөгчид АНУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд Дэлхийн банкинд зочилж, тус банк болон Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх НҮБ-ын хамтарсан Хулгайлагдсан хөрөнгийг буцаах “СтАР” санаачлагын мэргэжилтэн, төлөөлөгчидтэй уулзаж, хоёр байгууллагын хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
Уулзалтын үеэр Дэлхийн банкны Нийтийн албаны салбарын асуудал хариуцсан нэгжийн ахлагч Жоел Туркевитз өнгөрсөн хугацаанд Монгол Улсын АТГ-тай хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд манай улсын хууль сахиулах байгууллагуудын албан хаагчдын санхүүгийн болон авлигын гэмт хэргийг илрүүлж, шалгах чадавхийг нэмэхэд чиглэсэн сургалт, зөвлөгөөн, хөрөнгө, орлогын бүрдүүлэлт, хяналт шалгалтын цахим системийг хөгжүүлэх төслийг амжилттай зохион байгуулж ирснийг онцлоод шинээр хэрэгжиж буй төсөлд тусгах саналыг харилцан ярилцжээ.
Харин АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал сургалт, зөвлөгөөн зохион байгуулах, хөрөнгө, орлогын бүрдүүлэлт, хяналт шалгалтын цахим системийг хөгжүүлэх, гарын авлага боловсруулах зэргээр дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд Дэлхийн банк болон Хулгайлагдсан хөрөнгийг буцаах “СтАР” санаачлагын мэргэжилтнүүдэд талархаж, цаашид шинээр хэрэгжүүлэх төсөлдөө авлига, санхүүгийн гэмт хэргийг Олон улсын хэмжээнд мөрдөн шалгах чиглэлд мэргэшүүлэх сургалтуудыг тусган оруулж, хамтын ажиллагааныхаа хүрээг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Улмаар хоёр тал үргэлжлэн санал солилцож, нэмэлт ажлуудыг тусгахаар тохиролцсон байна.
Ийнхүү АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал тэргүүтэй төлөөлөгчид АНУ-д албан ёсны айлчлал хийж, зохих байгууллагуудтай уулзаж яваа ажээ.
Д.Түвшин
Сэтгэгдэл (10)