МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн хөтөлбөрийн багш, доктор, профессор Л.Оюунтай ярилцлаа.
-Шатахууны үнийг Засгийн газраас тохиролцоо хийж өнгөрсөн онд 150 төгрөгөөр, өчигдөр 100 төгрөгөөр буулгалаа. Ингэж зохицуулалт хийх нь зөв юм уу. Энэ талаар яриагаа эхлүүлж болох уу?
-Цаг үеийн асуудлаас эхэлсэн нь зөв л дөө. Шатахууны үнэ эдийн засагт тэр дундаа ард түмний амьдралд шууд нөлөө үзүүлдэг. Стратегийн ач холбогдолтой хэд хэдэн бараа, үйлчилгээ бий. Үүний нэг нь шатахуун. Тиймээс шатахууны үнийг Засгийн газраас байнга барьж байдаг. Уг нь дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурахаар шатахууны үнэ буурдаг, өсөхөөр дагаад нэмэгддэг зүй тогтол байх ёстой. Харин манай улсад шатахууны үнэ өсдөгөөс зах зээлийн үнийг дагаад буурдаггүй юм. Тиймээс нефтийн үнэ буурахаар шатахууны үнэ дагаад буурдаг тогтолцоо руу орох гэж байна. Үүнийг дэлхийн зах зээлийн үнийн мэдрэмж гэж хэлдэг. Манай улсын хувьд шахалтын байдлаар энэ арга хэмжээ хэрэгжиж байна. Уг нь шатахуун импортлогч компаниуд Засгийн газрын оролцоогүйгээр өөрсдөө хийх ёстой юм. Гэвч эсрэгээрээ байгаад байгаа учраас Засгийн газар оролцохоос өөр арагүй нөхцөл байдал үүсч байна. Шалтгаан нь шатахуун импортлогч компаниуд монополь байдалтай явж ирсэнтэй холбоотой.
-Шатахууны үнийг автоматаар бууруулах гэсэн энэ үзэгдэл удаан хугацаанд үргэжлэх болов уу?
-Дэлхийн зах зээл дээрх бензиний үнэ өсвөл тэр жишгээрээ дагаад л нэмэгдэнэ. Гэтэл энэ нь стратегийн чухал ач холбогдолтой бараа учраас үнэ өсч байсан ч Монголд хямд байх ёстой гэж үзэж болно. Харин одоогийн энэ арга хэмжээ шиг шатахууны үнийг тогтмол доогуур барих арга байхгүй. Тэгэхээр удаан үргэжлэхгүй л дээ. Стратегийн хамаарал бүхий барааны үнийг барихын тулд олон улс яадаг вэ гэхээр үнийг зориуд хямд байлгах бодлого барьдаг юм. Үүнийг дивальюци гэдэг. Уг аргыг хэрэгжүүлэхийн тулд тухайн нөхцөл бүрэлдсэн байх шаардлагатай. Мөн Засгийн газар тухайн бараан дээр нөөцтэй байх хэрэгтэй. Харин Засгийн газарт онцгой байдал үүсэхэд зарцуулах нөөц бий. Хэрэгжүүлж буй арга хэмжээ нь зөв боловч мөн л удаан хугацаанд үргэлжлэхгүй.
-Тэгвэл шатахууны үнийг тогтвортой барихын тулд яах ёстой юм бэ?
-Засгийн газар өөртөө шатахуун түгээх станцтай байх хэрэгтэй. Өмнө нь улсын өмчийн шатахуун түгээдэг НИК гээд сүлжээтэй байсан юм. Үүгээр Засгийн газар алдагдалтай ажиллаж байсан ч бензиний үнийг хямд байлгах боломжтой байлаа. Тиймээс Засгийн газар өөрөө гаднаас бензин худалдан авч болно. Ийм тогтолцоо ч гаднын орнуудад хэрэгждэг юм. Тухайлбал, БНСУ-ын ард түмний хүнсний гол хэрэглээ нь цагаан будаа. Засгийн газар нь тариачдаасаа өндөр үнээр худалдаж авдаг. Нөөцөлж авсан цагаан будаагаа хямд үнээр ард иргэддээ нийлүүлдэг. Мэдээж энд Засгийн газар алдагдал хүлээнэ. Гэхдээ ингэх нь цагаан будааны үнэ нэмэгдэж, инфляци өсч, ард түмний амьдралд учирах хохиролоос хэд дахин бага нөлөөтэй гэж Солонгосын Засгийн газар үздэг. Энэ нь туйлын зөв шийдэл. Манай Засгийн хувьд ийм арга хэрэглэвэл магадгүй инфляц хөөрөгдөхөөс сэргийлэх бүрэн боломж байхыг үгүйсгэхгүй.
-Тэгэхээр манай улсад ч ялгаагүй Засгийн газраас алдагдал хүлээгээд ч хамаагүй үнийг барих нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөс илүү ашигтай гэж ойлгож болох юм байна?
-Тэгэлгүй яах вэ. Засгийн газар ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна гэсэн үг. Энэ утгаараа алдагдал хүлээх эсэх нь тийм ч хамаатай биш. Төсвөөс нөхөгдөөд явна шүү дээ.
-Ирэх онуудын төсөв алдагдалтай гарвал Сангийн сайдад хариуцлага тооцох хэрэгтэй гэж чуулганаар ярьсан. Гэтэл гаднын улсад эсрэгээр байдаг юм билээ. Ер нь төсөв алдагдалтай байх ёстой юм уу, эсвэл эрсэгээрээ байх нь нийгэмд ашигтай юм уу?
-Төсөв алдагдалтай гарна гэдэг хэвийн үзэгдэл. Гагцхүү алдагдал нь юунаас болж гарав гэдэгт шүүмжлэлтэй хандаж болно. Үнэхээр иргэдээ халамжилж байгаад алдагдалтай гарчихав уу эсвэл томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гээд алдагдалтай гарсан уу гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Өндөр хөгжилтэй орнуудад төсөв нь алдагдалтай гардаг. Юу гэхээр тухайн улс нийгмийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, түүндээ зардал гаргасан гэдгийн илрэл нь болдог юм. Төсөвт нийтийн хэрэгцээний зарцуулалалтыг хийж байх ёстой л доо. Тухайлбал, зам, гэрэлтүүлэг, аюулгүй орчин, гэр хорооллын барилгажилт, дэд бүтцийн төсөвт суулгахдаа орлогоос давж болно. Хамгийн гол нь иргэн хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой. Тиймээс төсөв алдагдалгүй гарах нь гаж үзэгдэл.
-Энэ онд нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг 0.5-1 хувиар нэмэгдүүллээ. Ирэх онд ч мөн хувиар нэмэгдэнэ. Энэ нь хэр цагаа олсон шийдэл юм бэ?
-Тэтгэвэр, тэтгэмжийн асуудал яригдаж байна. Өнөөдөр тэтгэвэр хэд билээ. Зөвхөн тэтгэвэр биш халамжийн өөр үйлчилгээнүүд байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн өсөх үзэгдэл бага багаар явагдах л байсан. Миний хувьд нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэх үзэгдэл байх ёстой гэж үзэж байна. Скандинавын орнуудад бол ажил хийсэн үедээ нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн шиг төлчихдөг. Халамжаа авсан шиг авчихдаг тогтолцоотой. Юу ч өгөөгүй байж халамж нэхээд байх боломжгүй л дээ. Үүнийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Мөн нийгмийн халамж тэгш хуваарилагдаж байна уу, хүртэх ёстой зүйлээ хүртэж байна уу гэдэгт хүмүүс өөрсдөө идэвхтэй оролцоотой байх хэрэгтэй.
-Тэтгэвэр гэснээс тэтгэврийн зээлийн хүүг дахин бууруулах боломж бий юу?
-Боломжтой. Ер нь тэтгэврийн зээл гэж байх ёсгүй. Бид тэтгэврийн зээлд судалгаа хийж үзсэн юм. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас “Та бүгдийн хийсэн судалгаанд үндэслэн тодорхой арга хэмжээг авлаа” гэсэн хариуг бидэнд өгч байсан. Судалгааны дүнд тэтгэврийн зээлийн хүү буурсан. Мөн тэтгэврийн зээлийг 100 хувь барьцаалахыг болиулж чадсан. Цаашид судлая гэвэл олон ажил бий. Тухайлбал, нийгмийн даатгалын шимтгэлийг юунд зарцуулдаг, хэдийг нь халамжаар авдаг зэрэг гаднын орнуудын судалгаа байдаг. Ийм судалгааг хийлгэх нь бодлого боловсруулахад ч хэрэгтэй.
-Энэ онд эдийн засгийн хөгжлийн зорилтот түвшинг найман хувьд хүргэх зорилт тавьсан. Зорилтот түвшиндээ хүрэх боломжтой болов уу?
-“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” гэх үзэл баримтлалыг гаргасан. Энэ нь шат дараалалтай л даа. Жишээлбэл, 2000-2025 он, 2025-2030 он зэрэг дараалалтай юм. Дээрх зорилтод нийт бүтээгдэхүүний өсөлтийг найман хувьд хүргэх, ядуурлыг тэглэх, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 14 мянган доллар болгох зэрэг томоохон зорилтуудыг тавьсан байгаа. Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ одоо бол 3000 мянган ам.доллар байгаа юм. Харин 2030 он хүртэлх хугацаанд тавьсан уг зорилтуудад хүрэх үү, үгүй юү гэх асуудал бий. Энэ байдлаар явбал тухайн зорилтот түвшинд хүрэхгүй.
-Түүхий эдийн үнэ ойрын хоёр жилд үнэд савлагаа орохгүй гэж их яригдсан. Гэтэл савлаад эхэллээ. Энэ байдал хэр удаан үргэлжлэх хандлагатай бол?
-Үүнд хариулах хэцүү. Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ улс орнуудын хөгжлөөс хамаардаг. Тэнд хөгжил, цэцэглэлт явагдаж, түүхий эдийн хэрэгцээ шаардлага байвал эрэлт нэмэгдээд, үнэ өсөөд л явна. Гэхдээ хоёр жилээр төсөвлөх нь аюултай. Хоёр жилийн хандлага бол харагдахгүй байна. Түүхий эдийн үнэ ямар байхыг судлахын тулд Монголоос түүхий эдийг авч үйлдвэрлэл хийдэг химийн үйлдвэрлэлийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, түүхий эдийн үнэ ийм байх юм байна гэдэг хандлагыг гаргаж ирнэ. Ер нь цаашид дэлхийгээс хамаардаггүй, өөрсдөөсөө хамааралтай, нөөц нь бэлэн байдаг салбаруудаа дэлхийн зах зээл дээр гаргаж байж орлого олдог хэтийн төлөв, бодлогод суурилж хөгжвөл манай улс эдийн засгийн дархлаатай болно.
-Уг нь тийм байх боломж нь байгаа юм шиг.
-Байлгүй яах вэ. Боломж нь байна. Гэхдээ бодлого байхгүй. Хувийн хэвшлээ дэмжээд боломжийг нь нээж өгөх хэрэгтэй. Дундуур нь төр гүйж ороод байвал хувийн хэвшлийнхэн хөдөлж чадахгүй шүү дээ.
-Хувийн хэвшлийнхнийг дэмжих хэрэгтэй. Гэхдээ таны хэлсэнчлэн стратегийн хамаарал бүхий газрыг төр хувьчилснаас үүдэж бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг асуудал бий болоод байна шүү дээ?
-Нэг талаас нь харвал тийм. Гэхдээ хувьчлалыг зөв явуулах хэрэгтэй. Засгийн газар “Ник”-ийг хувьчласан нь л хамгийн том алдаа болсон. Үүний дүнд Засгийн газар импортлогч компаниудын захирлуудыг гуйдаг байсан шүү дээ. Гаалийн татвараас чөлөөлье, хямд эх үүсвэрээр хангая зэргээр хөнгөлөлт эдлүүлдэг байсан боловч нэмэр болоогүй.
-Та энэ оны эдийн засгийн төлөв байдлыг юу гэж харж байна вэ?
-2019 онд огцом зүйл гарахгүй гэж бодож байна. Тухайлбал, НӨАТ-ын тухай хуулийг тухайн үед боломжийн гэж харж байлаа. НӨАТ-ын тухай хуулийг хэрэгжүүлснээр хаана юу үйлдвэрлэж, хэн юу худалдаж авч байгаа талаарх суурь бүртгэл бий болох давуу талтай. Гэтэл өнөөдөр хууль бүрэн хэрэгжихгүй байна. Үүнд Засгийн газрыг буруутгахаас илүү иргэдийн оролцоо хамааралтай. Наад зах нь НӨАТ-ын баримтаа авъя гэдэг шаардлагыг тавьдаггүйгээс хуулийн хэрэгжилт муу байна.
-НӨАТ-ыг хэдхэн хүнд урамшуулал болгон өгч байхаар нийтээрээ тэгш хувааж авъя гэдэг саналыг иргэдээс гаргасан. Ингэх нь хэр оновчтой юм бэ?
-Ингэж болохгүй. НӨАТ-ыг хэрэгжүүлсэн шиг хэрэгжүүлэх хэрэгтэй. Дээр дурдсанчлан үр дүнд нь хаана, хэн юу, авч байгаа бүртгэл бий болно.
-Эдийн засгийн гурван хөшүүргийн нэг болох банк, санхүүгийн байгууллага манай улсад нэлээд хөгжсөн. Харин хөрөнгийн бирж зах зээл хөгжлийн эхэн шатандаа явна. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд үүсч буй асуудлыг хэрхэн шийдэх хэрэгтэй вэ?
-Манай улс санхүүгийн зах зээл дээр банк төвтэй. Санхүүгийн салбарын байгууллагуудын аж ахуйн нэгжийн нийт хөрөнгийн 95 хувь, өөрийн хөрөнгийн 83 хувийг банк эзэлдэг. Санхүүгийн зах дээр босгож байгаа ашгийн 72 хувь нь банкинд оногддог. Уг нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх гэж үзсэн. Хөгжил яагаад ийм удаашралтай байна гэхээр үүнд гол хөрөнгө оруулагч нь иргэд байдаг. Гэтэл хувьцаа гарахаар нь худалдаад авах мөнгөтэй хүн хэд байна гэдэг л байна. Дэлхийн эдийн засгийн хөгжлийн түүхийг хараад үзэхэд эхлээд иргэд нь хадгаламж хуримтлалаа дагадаг, дараа нь хөрөнгийн зах руу хөрөнгө оруулалт хийдэг. Хөрөнгийн зах зээл хөгжихгүй байсан нь үүнтэй холбоотой. Хөгжүүлэхийн тулд хүмүүс хадгаламжтай, хөрөнгөтэй байх хэрэгтэй Үүний дараа хөрөнгийн зах зээл өөрөө босоод л ирнэ.
-Манай улсын банк, санхүүгийн байгууллагын тогтолцоогоо сайжруулах хэрэгтэй гэж ярих юм. Та үүнийг юу гэж бодож байна вэ?
-Банкны салбар өнгөрсөн хугацаанд тодорхой хэмжээгээр үүргээ гүйцэтгэж ирсэн. Улс орон, аж ахуйн нэгжийг санхүүжүүлэх, иргэдийг санхүүгийн боловсролтой, сахилга баттай болгоход үүргээ биелүүлсэн. Харин банкны салбарыг цаашид боловсронгуй болгох шаардлага бол бий. Өөрөөр хэлбэл, хөгжлийн энэ түвшинд цааш явах дараагийн тогтолцоо хэрэгтэй байгаа юм. Энэ нь бүтээгдэхүүнээрээ дамжиж илэрдэг.
-Төрөөр халамжлуулдаг хэсэг бүлэг байна. Халамж хавтгайрлаа гэх шүүмжлэл ч бий. Тэгвэл бусад улс халамжийн асуудалаа хэрхэн шийддэг юм бол?
-Халамж их аюултай. Өндөр настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжлах нь төрийн үүрэг. Гэтэл өвчин зовлонгүй, эрүүл хүмүүс ажил хийхгүй халамжаар амь зогоох явдал бүрдчихээд байна. Энд мөн л бодлогын асуудал яригдана. Бодлого судалгаан дээр суурилагдах ёстой. Уг нь төрөөс иргэдэд үнэгүй талх өгөхийн оронд талх барихыг заах хэрэгтэй. БНСУ-д гэхэд хэн их хөдөлмөрлөж байгаад нь Засгийн газраас боломжийг нь илүү нээж өгдөг. Тэгэхээр иргэд нь ажиллах сонирхолтой байхгүй гээд яах вэ дээ.
-Судлаачдад төрөөс үзүүлэх туслалцаа, дэмжлэгийн хувьд хэр байдаг вэ?
-Төсвийн 0.2 хувь нь шинжлэх ухаанд зориулагдсан байдаг. Гэтэл энэ нь шинжлэх ухааны ажилчдын цалиндаа л таардаг гэж сонссон. Уг нь судалгаанууд гаднын орнын төсөв хөрөнгөөр сайн хэрэгждэг. Яг үнэндээ донор байгууллагыг царайчилж байж л судалгаа хийдэг. Судлаачдад зогриулсан судлагааны мөнгө, хөрөнгө гэж нэг ч төгрөг алга. Зарим нэгэн захиалгат судалгаа бол бий. Олон улсын байгууллагууд дэмжиж тусалдаг байх. Гэхдээ тэр нь хаанаа ч хүрдэггүй юм.
-Энэ сарын 1-нээс алтны татвар таван хувь болж нэмэгдчихлээ. Сүүийн таван жилийн хугацаанд алт тушаалтын үзүүлэлт өссөн зураглал гарсан. Гэтэл татвар нэмэгдэх нь үүнд сөргөөр нөлөөлнө гэх эдийн засагчид байна. Уг нь нэгэнт жишиг тогтоож чадсан юм чинь таван хувийн татвараар явах нь зөв юм биш үү?
-Алтны татварыг 2.5 хувь болгоход Монголбанкинд тушаагдсан алтны нөөц нэмэгдсэн нь судалгаагаар харагдсан. Уг нь алтны татварын 2.5 хувь гэж зүгээр ч нэг тогтоогоогүй юм шүү дээ. Гадагш нь гаргаж дэлхийн зах зээлд хүргэж чаддаг бол түүнээс нь өндөр байхаар тогтоож өгсөн учраас хүмүүс алтаа гаргах гэж зүдрэхгүйгээр харин дотооддоо тушаах болсон. Бизнесмэнүүд аль болох илүү ашиг хүртэхийг л хүсдэг. Гэтэл энэ хувь хэмжээ өсөхөөр Монголбанкинд тушаах алтны хэмжээнд шууд нөлөөлнө. Сонирхуулахад, Монгол Улсад үйлдвэрлэсэн алтны хэмжээ 68 хувийн татвартай байхад олборлосон алтны хэмжээ тушаасан хэмжээнээсээ их байсан. Тушаасан хэмжээнээс үлдсэн нь хаачсан гэхээр хилээр гараад явчихгүй юу. Гэтэл уг нь хил гаалийн хяналт гэж байдаг биз дээ. Тэгсэн атлаа гараад явчихдаг. Их сонин байгаа биз дээ. Гэтэл яасан бэ гэхээр, яг тэр үед БНХАУ-ын Төв банкны худалдаж авсан алтны хэмжээ нь тус улсад олборлосон алтны хэмжээнээс их байсан. Өөрөөр хэлбэл, алтны татвар өсөх нь алт тушаах сонирхолыг бууруулаад зогсохгүй, нөгөө талаасаа алтны компаниудын ашиг, орлогод нөлөөлнө гэж ойлгож болно.
Б.Лхам
Сэтгэгдэл (35)