ТББХ-ны хуралдаанаар гишүүдийн асуултад Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар дараах байдлаар хариулж байна.
Тэрбээр "Монгол Улсын Засгийн газар байх нь ойлгомжтой. Муур цагаан эсвэл хар байх нь гол биш, хулгана барьдаг байх ёстой гэдэг үг бий. Түүн шиг Засгийн газар ямар нэршилтэй байх гэхээс илүү ард түмнийхээ аж амьдралд бодитой үр өгөөж өгсөн, ард түмэнтэйгээ ойрхон, ард түмэндээ ээлтэй Засгийн газар ажиллаж, эдийн засгийн үр өгөөжийг ард түмэндээ хүргэсэн, тулгараад байгаа асуудал бэрхшээлийг даван туулахад чиглэнэ.
Ардчилсан Засгийн газар байх ёстой гэсэн бодолтой байна.
Бүтэц бүрэлдэхүүний хууль батлагдаад, сайд нараа сонгоод, анхны хуралдаанаа хийгээд ямар нэршил, чиглэлтэй байх вэ гэдгийг тодорхойлоод УИХ дээр танилцуулна" гэв.
Мөн "2019, 2023 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амьдралд баталгаатай хэрэгжүүлж, амилуулахын тулд нэр дэвшиж байна гэж үзэж болно. Намын нөхөд болон төрийн нөхөд, Ерөнхий сайд итгэл хүлээлгэж байхад ухрах эрх байхгүй гэж бодсон.
Тааламжтай үед урагш гарч, хэцүү үед хойш суух эрх бидэнд байхгүй. Биднийг ингэж л сургасан.
Байдал хүнд байгаа. Тиймээс мэдлэг боловсрол, мерит зарчим, ажлын туршлага таарч байна яв, зүтгэ гэсэн намын хамт олны итгэлээс хойш суугаагүй. Би арагшаа биш урагшаа харж ажиллана. Том тоо хэлж ард түмэнд хүлээлт үүсгэмээргүй байна. Даван туулахын төлөө ажиллана" гэлээ.
Түүнчлэн "Нийгмийн дундаж давхаргыг дэмжихэд чиглэсэн хөшүүргэ нь татварын бодлого байдаг учраас татварын цогц реформ хийхийг зорино. Дотооддоо нэмүү өртөг шингээж байгаа, ажлын байр бий болгож байгаа баялаг бүтээгчдийг бид дэмжиж байж ажилгүйдэл, ядуурлыг бууруулна. Ингэж байж бид эдийн засгаа сэргээнэ. Энэ бол миний бодлогын хатуу итгэл үнэмшил" гэж хариулав.
М.Жаргал
Сэтгэгдэл (2)