Сонгуулийн ерөнхий хорооноос Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн саналын хуудас, санал тоолох төхөөрөмж, түүний иж бүрдлийг энэ сарын 13-16-нд хуваарийн дагуу 18 аймгийн сонгуулийн хороонд хүлээлгэн өгчээ.
“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийн дагуу 6 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө саналын хуудсыг санал авах байранд хүргүүлнэ. Үүний дараа Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуульд ашиглах Сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг нам эвсэл, ажиглагч, олон нийтэд нээлттэйгээр шалган туршина.
Энэ жилийн тухайд Баянхонгор, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тус бүр нэг, 18 аймгийн 52 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 61 мандатад нөхөн сонгууль болно.
Нөхөн сонгуулийн саналыг 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатарын цагаар 07.00-20.00 цагт авах юм.