Азийн Хөлбөмбөгийн Холбооны “Challenge League 2025/2026” тэмцээний Зүүн бүсийн урьдчилсан шатны халуухан тулаан өчигдөр 16:00 цагт Монголын Хөлбөмбөгийн Холбооны цэнгэлдэх хүрээлэнд амжилттай болж өндөрлөлөө.
Монголын Дээд Лигийн аварга, Монгол Улсаа төлөөлөн энэхүү тэмцээнд оролцсон “СП Фалконс” баг Тайванийн хөлбөмбөгийн хүчирхэг “Тайчунг Футуро” багийг 3:1-ийн харьцаагаар итгэл төгс буулган авч, ирэх аравдугаар сард болох “Challenge League 2025/2026” тэмцээний хэсгийн шатанд оролцох эрхээ өвөртөллөө.
Энэхүү ялалт “СП Фалконс” багийн ялалт төдийгүй Монголын хөлбөмбөгийн нэр төр, түүхийн шинэ хуудас болон тодоор бичигдэн үлдэж байна.
Энэ түүхэн тоглолтын баатар бол Узбекстаны иргэн, "СП Фалконс" багийн довтлогч Риза Айвазов байлаа. Тэрбээр хоёр гоол оруулж, тоглолтыг илүү сонирхолтой болгож, шийдвэрлэх үүргийг нэр төртэй гүйцэтгэлээ. Ийнхүү "СП Фалконс" багийн эв нэгдэл, зөв стратегийн үр дүнд энэ гайхамшиг биеллээ оллоо.