
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир COP17-ын бодит үр дүн болон санхүүжилттэй холбоотой мэдээлэл өглөө.
Тэрбээр:“Монгол Улс тус хуралдаанд зөвхөн зохион байгуулагчийн байр сууринаас оролцоогүй. Бид 23 хүний бүрэлдэхүүнтэй хэлэлцээний багийг тусгайлан бэлтгэж, оролцуулсан. Хурлын хугацаанд нийт 34 шийдвэрийг хэлэлцэн батлах үйл явцад манай баг амжилттай оролцсон.
Гангийн асуудал, бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй, Конвенцын 2030 оноос хойших стратеги, санхүүжилтийн гэрээ зэрэг олон жил хэлэлцэгдэж ирсэн асуудлуудаар улс орнуудын байр суурь ихээхэн зөрүүтэй байсан. Даргалагч орны хувьд эдгээр олон талын байр суурийг зөвшилцүүлэх, нэгтгэх, эвлэрүүлэхэд анхаарч ажилласан.
Мөн хэлэлцээрийг дараагийн шатанд үргэлжлүүлэх суурь баримт бичгүүдийг хадгалж чадсан. Хуралдааны үеэр жендер, иргэний нийгэм, эмэгтэйчүүдийн асуудлыг хэлэлцэхгүй гэсэн байр суурьтай улс орнууд ч байсан. Гэсэн хэдий ч COP17-оор эдгээр асуудлыг хэлэлцэж, цаашид COP18-аар мөн хэлэлцэхээр шийдсэн.
Улаанбаатарын тунхаглал болон Монгол Улсын дэвшүүлсэн Тал хээрийн төлөвлөгөөг талууд, олон улсын байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудаар дэмжүүлсэн нь COP17-ын бас нэгэн үр дүн гэж харж болно. Дэлхийн нийт газар нутгийн 54 хувийг бэлчээр эзэлдэг. Тиймээс бид газрын доройтол, тэр дундаа бэлчээрийн асуудлыг хөндөж, Тал хээрийн төлөвлөгөөг 196 улсаар дэмжүүлсэн нь томоохон үр дүн байлаа.
Дэлхийн хэмжээнд газрын доройтол, гангийн асуудлыг шийдвэрлэхэд жил бүр 355 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо судалгаа байдаг. Гэтэл жилд 77 тэрбум ам.доллар зарцуулж байгаа нь хангалтгүй байна. Цаашид бэлчээрийн доройтол, гангийн асуудлыг шийдвэрлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг бий болгож, хөрөнгө төвлөрүүлэх хэрэгцээ шаардлага зайлшгүй байна гэж үзсэн.
Хурлын үеэр дэлхий нийтийн хэмжээнд газрын доройтол, цөлжилттэй тэмцэх чиглэлээр нийт 18 тэрбум ам.долларын санхүүжилтийн амлалт зарлагдсан. Үүний томоохон хэсэг нь тал хээрийн бэлчээрийн тэргүүлэх чиглэл буюу Монголын санаачилгад багтсан.
Энэ хүрээнд 45 экосистемийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон. Энэ нь Цөлжилттэй тэмцэх конвенцын хүрээнд бэлчээрийн чиглэлээр бий болсон томоохон хөрөнгө оруулалтын талбар юм.
Мөн COP17-ын үеэр гангийн эрсдэлийг тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын механизм нээлтээ хийлээ. Үүний гол санаа нь ган, гачиг тохиолдсоны дараа хохирлыг нөхөн төлөх бус, гамшиг болохоос нь өмнө эрсдэлийг бууруулах төсөлд хөрөнгө оруулахад оршиж байна” гэв.
























































