
Ховд аймгийн Буянт суманд харамсалтайгаар амиа алдсан 10 настай А.Амина охины ар гэрийнхэн Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагвад хандаж, тусламж хүссэн байна. Тэдний хүсэлтийг Хотын дарга шуурхай хүлээн авч, ар гэрийнхнийг Улаанбаатар хотод байх хугацаанд нь түрээсийн байранд амьдруулах дэмжлэг үзүүлэхээр болжээ.
А.Амина охин Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт амьдардаг байсан бөгөөд 2026 оны наймдугаар сарын 1-ний өглөө хөрш айлынхантайгаа тарвас хураахаар явна хэмээн гэрээсээ гарсан ч сураггүй болсон юм. Түүний талаархи дуудлага наймдугаар сарын 2-ны 20:40 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.
Охиныг 14 хоногийн турш эрэн хайсны эцэст наймдугаар сарын 14-нд цогцсыг нь олжээ. Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт хөрш айлын хоёр хүнийг сэжигтнээр шалгаж эхэлсэн бөгөөд нэг сэжигтэн охины амийг хохироосон гэх үйлдлээ хүлээн зөвшөөрсөн талаар мэдээлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм.
Ийнхүү хүнд нөхцөлд байгаа талийгаач охины ар гэрийнхэн Улаанбаатар хотод байх хугацаандаа байрлах газар, амьдралын наад захын хэрэгцээтэй холбоотой тусламж хүссэн бөгөөд нийслэлийн удирдлагын зүгээс хүсэлтийг нь шуурхай шийдвэрлэж, түрээсийн байрны дэмжлэг үзүүлэхээр болсон байна.
Л.Баяр






















































