
Монголын хэвлэл мэдээллийн салбарын нөхцөл байдлыг тодорхойлох чухал үзүүлэлтүүдийн нэг болох орон нутгийн мэдээллийн хэрэгслийн тоо сүүлийн жилүүдэд тогтмол буурчээ. Энэ талаар Хэвлэлийн Хүрээлэнгээс жил бүр эрхлэн гаргадаг “Монголын хэвлэл мэдээлэл-Өнөөдөр 2026” судалгааны тайланд дурдсан байна.
Судалгааны дүнгээр аймаг, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй мэдээллийн хэрэгслийн тоо 2019 онд 128 байсан бол 2025 онд 85 болж буурсан байна. Өөрөөр хэлбэл, зургаан жилийн хугацаанд орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо 43-аар буюу 33.6 хувиар цөөрчээ.
Мөн Монголын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй нийт ажиллагсдын ердөө 8 хувь нь хөдөө орон нутагт ажиллаж байгаа нь орон нутгийн мэдээллийн салбарын хүний нөөцийн төвлөрөл хэр байгааг харуулж байна.
Үүнээс гадна нийт сонины борлуулалтад орон нутгийн сонины эзлэх хувь хэмжээ сүүлийн гурван жил дараалан буурсан байна.
Хэвлэлийн Хүрээлэнгийн судалгаанд дурдсанаар хүн амын төвлөрөл, зах зээлийн хэмжээ, эдийн засгийн нөхцөл зэрэг хүчин зүйлс нь орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын тогтвортой үйл ажиллагаанд шууд нөлөөлж байна.




















































