
Далайн гайхамшигт ертөнц, усан доорх амьдралын ховор агшнуудыг гэрэл зургийн хальснаа буулгадаг дэлхийн шилдэг уран бүтээлчдийг шалгаруулдаг “Ocean Photographer of the Year” уралдааны 2026 оны ялагчид тодорлоо. Энэ жил Францын Полинезийн нутагт насанд хүрсэн далайн морь болон шинээр төрсөн хоёр бяцхан далайн морь хоорондын ер бусын мөчийг буулгасан хөрөг зураг тэмцээний ялагчаар тодров.
Энэ жилийн шалгаруулалтаар дэлхийн өнцөг булан бүрээс ирүүлсэн олон зуун бүтээлээс далайн амьтан, шүрэн хад, усан доорх экосистем, далайтай хүний харилцаа зэрэг олон сэдвийг харуулсан гэрэл зургууд онцгойрчээ. Шүүгчид бүтээлүүдийг техникийн ур чадвар, уран сайхны шийдэл, бүтээлч байдал болон далайн тухай хүчтэй өгүүлэмж бий болгож чадсан эсэхээр нь үнэлсэн байна.
Уралдааны шилдэг бүтээлүүдээс далайн амьтдын ховор зан үйл, өнгөлөг шүрэн хад, далайн сүр хүчийг харуулсан гайхалтай агшнуудыг харж болохын зэрэгцээ хүний үйл ажиллагаа болон байгаль орчны өөрчлөлт далайн экосистемд хэрхэн нөлөөлж байгааг харуулсан зургууд ч багтжээ.
Ийнхүү гэрэл зурагчид зөвхөн далайн гоо үзэсгэлэнг харуулах бус, далайг хамгаалах шаардлагыг олон нийтэд хүргэх хүчирхэг визуал түүх бүтээхийг зорьсон байна. “Ocean Photographer of the Year” нь далайн байгаль, түүний дотор орших амьд биетүүдийг гэрэл зургаар дамжуулан сурталчлахын зэрэгцээ далай хамгааллын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой уралдаан юм. 2026 оны шалгаруулалтын ялагч бүтээлүүдийг Oceanographic Magazine-ийн тусгай галерейд нийтэлжээ.







Эх сурвалж: CNN, Oceanographic Magazine, The Atlantic.
























































