
Японы хөлбөмбөгийн холбооны хүндэт ерөнхийлөгч Козо Ташима ирэх оны гуравдугаар сард болох ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэнээр Жанни Инфантиногийн анхны томоохон өрсөлдөгчөөр нэрлэгдээд байна.
68 настай Козо Ташима Японы хөлбөмбөгийн холбооны бүрэн дэмжлэгтэйгээр нэр дэвшихээр шийдсэнээ арваннэгдүгээр сарын 5-нд зарлажээ. Тэрбээр 2016–2024 онд тус холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд 2015 оноос ФИФА-гийн Зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Ташима нэр дэвших болсон шалтгаанаа тайлбарлахдаа Японы хөлбөмбөгийн олон жилийн турш эрхэмлэж ирсэн шударга байдал, зарчимч ёс зүй, ил тод байдлын үнэт зүйлсийг дэлхийн хөлбөмбөгийн хамтын нийгэмлэгт түгээн дэлгэрүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлжээ.
Тэрбээр “Энэ бол зөвхөн ялах, ялагдах тухай асуудал биш. Японы хөлбөмбөгийн олон жилийн турш бий болгож, хамгаалж ирсэн шударга, зарчимч хандлагыг дэлхий нийтэд хүргэх нь чухал. Өнөөдөр ФИФА-д яг ийм үнэт зүйлс хэрэгтэй байна” хэмээн ярьсан байна.

Одоогийн ерөнхийлөгч Жанни Инфантино гурав дахь бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж, дөрөв дэх удаагаа сонгогдохоор өрсөлдөх гэж байгаа юм. Түүний удирдлага сүүлийн саруудад хэд хэдэн асуудлаар шүүмжлэлд өртөөд байна. Тухайлбал, өнгөрсөн долдугаар сард ФИФА-гийн ирээдүйн ДАШТ-үүдийн арилжааны орлогоос хувийг нь хувийн хөрөнгө оруулагчдад санал болгох төлөвлөгөө гаргасан нь хөлбөмбөгийн хүрээнд ихээхэн маргаан дагуулсан. Уг төлөвлөгөө эцэстээ хэрэгжээгүй бөгөөд Европын хөлбөмбөгийн холбоо (УЕФА) Инфантинотой холбоотой асуудлаар шүүмжлэл өрнүүлж байв.
ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгууль 2027 оны гуравдугаар сарын 18-нд Мароккогийн Рабат хотод болно. Сонгуульд нэр дэвшигчид ФИФА-гийн гишүүн 211 холбооноос дор хаяж тавынх нь албан ёсны дэмжлэг авах шаардлагатай. Мөн нэр дэвшигчид гурван хүний бүрэлдэхүүнтэй тусгай комиссын шалгалтад тэнцэх ёстой.
Нэр дэвшигчдийн бүртгэл арваннэгдүгээр сарын 18-нд дуусах юм. Азийн хөлбөмбөгийн холбоо өмнө нь Инфантиног дахин сонгогдохыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч Ташима Японы холбооны дэмжлэгтэйгээр өрсөлдөхөөр шийджээ. Ийнхүү ФИФА-гийн ерөнхийлөгчийн суудлын төлөөх өрсөлдөөнд Японы төлөөлөл хүч үзэхээр болж байна.
Л.Баяр
















































