Монгол Улсад 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Тэд нийгэмд оролцох эрхээ өдөр бүр зөрчүүлж байдаг нь нууц биш. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асран халамжлах цогц үйлчилгээ манайд дутмаг. Энэ талаар “Сонгино бие даан амьдрах” төвийн тэргүүн М.Чулуун-Эрдэнэтэй уулзаж цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай талаар ярилцлаа.
-Юуны өмнө та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг М.Чулуун-эрдэнэ гэдэг. Би “Сонгино бие даан амьдрах” төвийн тэргүүнээр ажилладаг.
-“Сонгино бие даан амьдрах” төв ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Манай Төрийн бус байгууллага нь 2014 онд байгуулагдсан. Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог сайжруулах, бие даан амьдрах тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр ажилладаг. Манай төв үйл ажиллагаагаа эхлээд удаагүй байгаа бөгөөд одоогоор ажиллах багаа бүрдүүлж байна.
-Төрийн бус байгууллагынхаа үйл ажиллагааны чиглэлийг дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?
-Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог сайжруулахад чиглэж байна. Тэдгээр хүмүүсийн нийгмийн оролцоог хэрхэн сайжруулах вэ гэдэг нь тулгамдаж буй асуудал. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэдэг нь хэн нэгний тусламжгүйгээр нийгэмд бие даан оролцох боломжгүй хүмүүсийн хэлдэг. Монгол Улсын хууль тогтоомжид хүнд хэлбэрийн гэсэн нэр томъёо байхгүй ч байнгын асаргаа шаардлагатай иргэдийг хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэмээн бид нэрлэдэг. Эдгээр хүмүүсийг ихэвчлэн гэр бүлд нь даатгадаг. Улмаар асран халамжлагч нь ажлаасаа гарч давхар эрх нь зөрчигддөг. Мэдээж тэд хамт олонгүй, санхүүгийн орлогогүй болсноор ядуурлын түвшин рүү ордог. Тиймээс энэ асуудлыг Олон Улсад хэрхэн шийдсэнийг судаллаа. Бусад орнуудад “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах төв” гэж байдаг. Тус төвд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бүх төрлийн сургалт,үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг.
-Тэгвэл манай улсад энэ тогтолцоо бий болох боломж бий юу?
-Боломж байлгүй яахав. Бий болгохоос өөр арга байхгүй. Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний эрхийн конвенцэд нэгдсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний эрхийн конвенцийн 19 дүгээр зүйлд “бие даан амьдрах үйлчилгээтэй байна” гэж заасан. Харин энэхүү үйлчилгээ ямар байх вэ гэдгийг хуулиндаа тодорхой тусгаж, дүрэм журам боловсруулах ёстой. Манайд дээрх үйлчилгээтэй төстэй үйлчилгээ байдаг. Энэ нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 18.1.6-д зааснаар гэрийн асрамж халамжийн үйлчилгээ гэсэн заалт маш тодорхой хэрэгжиж байна. Энэхүү үйлчилгээ нь өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэрээр 14 хоног явж үйлчилгээ үзүүлнэ гэж заасэн байдаг. Үүнийг аж ахуй нэгж, төрийн бус байгууллага гэрээлэн гүйцэтгэдэг. Гэтэл энэхүү заалтад цөөнгүй алдаа бий. Тухайлбал хугацааны хувьд алдаатай. Түүнчлэн энэхүү үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүгд авахаар заасан байгаа. Гэтэл уг үйлчилгээг авах шаардлагагүй олон хүн хамрагдаж төсвийн мөнгийг үрэлгэн зарцуулж байна. Үйлчилгээний төрлийгш нэг бүрчлэн тооцож дүгнэсэн байдаг. Тухайлбал, усанд оруулахад 2500, гадуур ажил хөөцөлдөхөд 100 төгрөг гэх мэтээр үнийн дүнг тооцдог. Харамсалтай нь хүний эрхтэй холбоотой зүйлийг эргүүлж тайлагнахад бэрхшээлтэй. Мэдээж баримтжуулахыг шаарддаг. Харин Олон Улсад энэ асуудлыг бэрхшээлийн төрлөөс шалтгаалж цагийн системд шилжүүлдэг. Жишээ нь нуруу нугасны өвчтэй хүн хэдэн цагийн үйлчилгээ авах уу, тархины саажилттай хүнд хэдэн цагийн асаргаа шаардагдах талаар тодорхой заасан байдаг. Энэ мэт үйлчилгээ дутмаг байгаагаас хөгжлийн бэршээлтэй залуус нийгэмд оролцож, хөгжиж чаддаггүй. Монгол Улсад 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 15 мянга нь байнгын асаргаа шаардлагатай буюу энэ төрлийн үйлчилгээ авах зайлшгүй хэрэгтэй хүмүүс юм.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асран хамгаалах мэргэжлийн боловсон хүчин бий юу. Таны хэлж буйгаар гаднын улс оронд мэргэжлийн хүмүүс ажилладаг бололтой?
- Одоогоор манайд мэргэжлийн хүмүүс алга. Харин “Түгээмэл хөгжил” ТББ-аас Баянгол дүүрэгт “гэрийн асрамж халамжийн үйлчилгээ үзүүлэх” ажлыг хоёр жил хэрэгжүүллээ. Үйлчилгээ үзүүлэх ажилтнуудынхаа дунд сургалт зохион байгуулсан. Дээр дурдсанчлан хөгжлийн бэршээлтэй иргэдийн онцлогт тохируулж тэдгээр хүмүүст сургалт явуулж ойлголт өгсөн. Энэ үйлчилгээ нь үргэлжлэх хугацаандаа үр дүнтэй байсан бөгөөд хамгийн гол нь залуусыг нийгэмд гаргах зорилготой. Баянгол дүүргийн хэмжээнд долоон мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг ч бидний олж мэдсэнээр 35 хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Эдгээр хүмүүст асран халамжлах үйлчилгээ чанартай, хүртээмжтэй хүрэх шаардлагатай.
-Шийдвэр гаргах түвшний хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгарч буй асуудлуудыг хэрхэн хүлээн авч шийдвэрлэдэг вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саналыг сонсолгүйгээр зарим дарга нар шийдвэр гаргадаг. Тэд тэргэнцэр дээр сууж үзээгүй атлаа тойрч суугаад бидэнд тулгамдаж байгаа асуудлыг ярилцаж, шийдэхийг оролддог. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оролцуулж үйлчилгээний талаар санал бодлыг нь сонсох ёстой. Оролцоог оромдож байна гэж хэлэхэд болно. Гэтэл Олон Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулж тэдний санал бодлыг сонсч хууль тогтоомжиндоо тусгаж өгдөг.
24tsag.mn