АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хэйгель албан тушаалаасаа огцорчээ. Өдгөө 68 настай Чак Хэйгель Сирийн Засгийн газар болон “Исламын улс” бүлэглэлийн эсрэг Барак Обамагийн стратегийг хүчтэй шүүмжилж, зөрчилдсөнөөс албан үүргээсээ огцорч буй гэнэ. Одоогоор Барак Обама Чак Хэйгелийн орны хүний нэрийг зарлаагүй байгаа юм. Гэхдээ Америкийн хэвлэлүүд Чак Хэйгелийн оронд АНУ-ын Батлан хамгаалахын сайд асан Эштон Картер, Пентагоны бодлогын зөвлөлийн дарга Мишель Флорн, сенатор Жек Рийд нарыг хэвлэлүүдэд цохон нэрлэж байна. Хэрэв Мишель Флорн сонгогдвол тэрээр АНУ-ын Батлан хамгаалах яамыг тэргүүлэх анхны эмэгтэй сайд болох юм.
Америкийн зарим хэвлэлүүд “Чак Хейгелийн огцорсон шалтгааныг Обаматай шууд хамаатай” хэмээн бичиж эхэлжээ. “Euro news” агентлагийн сэтгүүлч Жулиан Роулатт “Ерөнхийлөгч Обама Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн эсрэг Чак Хейгелийг дорвитой ажил хийж, ялалт байгуулаагүй гэж буруутгаж ажлаас нь чөлөөлсөн” гэж бичжээ. “АНУ-ын үндэсний аюулгүй байдлын албанд шинэчлэлт хийх үүднээс ийм шийдвэрийг Ерөнхийлөгч гаргасан” гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жей Карней мэдэгджээ.
АНУ-ын Батлан хамгаалхын сайд Чак Хэйгель өнгөрсөн дөрөвдүгээр сард манай улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Хүндэт зочноо хадаг сүү барьж угтдаг монгол заншлаар америк түншээ угтсан манай албаныхан түүнд хурдан удмын морь бэлэглэсэн байна.