Улсын Ерөнхий прокурорын тушаалаар батлагдсан "Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны аргачилсан зааврын төсөл боловсруулах, эрх зүйн зохицуулалт, зөрчлийн бүртгэлийг боловсронгуй болгох, асуудлыг судалж санал бэлтгэх” үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр анхны хуралдаанаа УЕПГ-ын хурлын танхимд хийлээ.
Тус хуралдаанд Сангийн Яам, ГХЯ, БХЯ, ХХЕГ, ХЗДХЯам, БОАЖЯам, Зам тээврийн яам, Эрчим хүчний яам, ХНХЯам, Монгол банк, ЦЕГ, Татварын ерөнхий газар, МХЕГ, ТЕГ, ШШГЕГ, ГЕГ зэрэг 30 гаруй яам, агентлагийн эрх бүхий албан тушаалтнууд оролцсон юм. Ажлын хэсгийн хуралдаанд Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Б.Жаргалсайхан, хяналтын прокурор Л.Бадралт, Д.Баасандорж нар оролцож, ажлын хэсгийн гишүүдэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны чиглэлээр хийсэн ажлын тоон мэдээ, цаашид анхаарах асуудлын талаар товч мэдээлэл өгч, аргачилсан заавар, эд мөрийн баримт хураан авах, хадгалах, шилжүүлэх журмын төслийг хүлээлгэн өгөв.
Түүнчлэн эрх зүйн хэлбэр, нэгдсэн бүртгэл бий болгох, хуулийн давхцлыг арилгах зэрэг үндсэн 5 чиглэлээр ярилцлага хийж, оролцогчдын саналыг сонсож, сонирхсон асуултанд хариулт өглөө. Ажлын хэсгийн гишүүд энэ сарын 26-ны дотор хүлээн авсан журам, зааврын төсөлд саналаа нэгтгэн өгч, дараагийн хуралдаанаа хийхээр шийдвэрлэлээ.