Ардчилсан намын “4/11” мэдээллийн цагаар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус намын дэд дарга Ч.Өнөрбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр: "Эрх баригчид хүнээ сольдог ч арга барил нь солигддоггүй юм байна. Иргэдийн ардчилсан сонголтын үр дүнг үргэлж хулгайлдаг МАН-ын буруу жишиг цаашид ч үргэлжлэх нь. Үүний тод илрэл нь өчигдөр Ерөнхий сайдын захирамжаар Ардчилсан намаас сонгогдсон Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангарыг хууль бусаар үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Ардчилсан нам уг асуудлаар шүүхэд хандаж Ерөнхий сайдын гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулна.
Сөрөг хүчнээ хүчгүйдүүлэхийн тулд эрх мэдэл, албан тушаалаа ашигладаг байдлаа одоо болих хэрэгтэй. Жинхэнэ хариуцлага тооцох ёстой хүмүүс чинь иргэдэд худал мэдээлэл өгөөд сууж байгаа танай Засгийн газрын сайд нар чинь байна. Шатахууны үнэ нэмэгдэхгүй гэсэн амлалт хаана байна вэ. Шатахууны нөөц хангалттай байгаа гэж мэдээлж байсан ч өнөөдөр эдгээр амлалт худал боллоо. Улмаар сайд нар нь сүүлдээ иргэдтэй нүүр тулж чадахаа больж, агентлагийн дарга нараа өмнөө барьдаг болсон байна. Энэ сайд нарт хэзээ хариуцлага тооцох вэ?" хэмээв.





















































