
Италийн нисгэгч Кими Антонелли Формула-1-ийн түүхэн дэх хамгийн залуу дэлхийн аварга болж, спортын түүхэнд шинэ хуудас нээлээ. Тэрбээр Мексикийн Гран-при уралдааныг гуравдугаар байрт дуусгаснаар 2026 оны улирлын жолоочдын дэлхийн аварга болох нь албан ёсоор баталгаажсан байна.
20 настай Антонелли ийнхүү Германы нисгэгч Себастьян Феттелийн 2010 онд тогтоосон рекордыг эвдлээ. Феттел 23 нас 134 хоногтойдоо анх удаа дэлхийн аварга болж байсан бол Антонелли 20 нас 68 хоногтойдоо энэхүү амжилтад хүрчээ.
Тэрбээр Формула-1-ийн дэлхийн аварга болсон Италийн анхны нисгэгчээр 73 жилийн дараа тодорсон юм. Хамгийн сүүлд Италийн домогт нисгэгч Альберто Аскари 1953 онд дэлхийн аварга болж байв.
Мексикийн Гран-при уралдаанд Red Bull багийн Макс Ферстаппен түрүүлж, Ferrari багийн Льюис Хэмилтон хоёрдугаар байрт орсон бол Антонелли тэдний ард барианд оржээ. Тэрбээр аваргын цомоо хүртэхийн тулд энэ уралдаанд есдүгээр байр болон түүнээс дээгүүр барианд ороход хангалттай байсан ч гуравдугаар байрт шалгарсан байна.
Антонелли 2026 оны улиралд гайхалтай тогтвортой амжилт үзүүлжээ. Тэрбээр улирлын эхний зургаан уралдааны тавд нь түрүүлж, нийт есөн Гран-пригийн ялалт байгуулсан байна. Мөн оноо авч чадаагүй хоёрхон уралдаан нь техникийн гэмтэлтэй холбоотой байжээ.
Түүний хувьд энэ бол Формула-1-ийн хоёр дахь улирал юм. Антонелли 2025 онд Mercedes багт элсэж, долоон удаагийн дэлхийн аварга Льюис Хэмилтоны оронд үндсэн нисгэгчээр уралдаж эхэлсэн билээ.
Формула-1-ийн хамгийн залуу дэлхийн аваргуудын жагсаалтад Кими Антонелли нэгдүгээрт бичигдэж, Себастьян Феттель, Льюис Хэмилтон, Фернандо Алонсо, Макс Ферстаппен нарыг ардаа орхилоо.
Ийнхүү Mercedes багийн залуу нисгэгч ердөө 20 настайдаа дэлхийн аварга болж, Италийн мотоспортын түүхэнд 73 жил хүлээсэн амжилтыг дахин авчирлаа.
Л.Баяр




















































