
ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба АНУ-аас ирүүлсэн мэдээллийн дагуу Москва хотын томоохон музей, цэцэрлэгт хүрээлэнд террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан өсвөр насны сэжигтнийг саатуулсан тухайгаа мэдэгдлээ. ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба арваннэгдүгээр сарын 1-ний ням гарагт мэдээлснээр, АНУ-ын хууль сахиулах байгууллагаас ирүүлсэн мэдээлэл сэжигтнийг илрүүлж, баривчлахад тусалсан байна. Уг алба АНУ-ын талд мэдээлэл өгсөнд талархаж байгаагаа илэрхийлжээ.
Энэ хэрэг АНУ Москва дахь Элчин сайдын яамаараа дамжуулан арваннэгдүгээр сарын 1-ний бямба гарагт Москва хотын Царицыно музейн цогцолборт олон хүний амь нас хохирч болзошгүй халдлагын бодитой аюул заналхийлэл байгааг анхааруулсны дараа ил болсон юм.
ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны мэдээлснээр, нэрийг нь зарлаагүй өсвөр насны сэжигтэн "TikTok" платформд тактикийн хувцас өмсөж, автомат буутай төстэй зүйл барьсан зургаа нийтэлжээ. Мөн Москвагийн өмнөд хэсэгт байрлах Царицыно музейн цогцолборын зургийг оруулж, “Би нэг газар оллоо” гэсэн тайлбар бичсэн байжээ.
Түүнчлэн сэжигтэн "Telegram" платформ дахь неонацист үзэл сурталтай сувгийг дагадаг байсан бөгөөд өмнө нь үйлдэгдсэн террорист халдлага, олноор хөнөөх хэрэг болон хүчирхийллийн талаар олон удаа хайлт хийсэн байсныг уг алба мэдээлсэн байна. Түүний гэрт нэгжлэг хийх үеэр "airsoft" төрлийн буунууд олджээ.
АНУ-ын Элчин сайдын яам анхааруулга гаргахдаа иргэдийг тухайн бүсээс хол байх, олон хүн цугларсан газраас зайлсхийхийг зөвлөсөн бөгөөд ОХУ-ын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаагаа мэдэгдсэн юм.
АНУ 2024 оны гуравдугаар сард мөн Москвад террорист халдлага үйлдэхээр төлөвлөж буй талаар ОХУ-д урьдчилан анхааруулж байв. Гэвч хэдхэн хоногийн дараа Москва хотын ойролцоох "Crocus City Hall" концертын танхимд зэвсэгт этгээдүүд халдаж, 140 гаруй хүний аминд хүрсэн билээ. Уг халдлагын хариуцлагыг “Исламын улс” бүлэглэлийн салбар байгууллага хүлээсэн юм.
Л.Баяр


















































