
АНУ-ын Орегон мужид аравдугаар сарын 29-ний пүрэв гарагт хоёр нисдэг тэрэг агаарт мөргөлдсөн осол гарч, ойролцоох авто замыг хаажээ. Ослын улмаас гурван хүн нас барсан гэх албан бус мэдээлэл байшаа ч ослын шалтгаан болон нисдэг тэргүүдэд зорчиж явсан хүмүүсийн биеийн байдлын талаар эрх баригчид эхний ээлжид мэдээлэл өгөөгүй байна.
Осол Орегон мужийн Портленд хотоос баруун өмнө зүгт 56 орчим километрийн зайд орших Макминнвилл хотын нисэх онгоцны буудлын ойролцоо болжээ. Ямхилл тойргийн шерифийн алба орон нутгийн цагаар 14:14 цагийн орчимд нисдэг тэрэгнүүд мөргөлдсөн тухай дуудлага хүлээн авсан байна.
АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны мэдээлснээр, осолд Robinson R22 болон Airbus H125 загварын хоёр нисдэг тэрэг өртжээ. Robinson R22 нисдэг тэргэнд зөвхөн нисгэгч байсан бол Airbus H125 онгоцонд хоёр хүн зорчиж явсан байна.
Ослын газарт цагдаа, гал түймэртэй тэмцэх болон эмнэлгийн яаралтай тусламжийн багууд ажилласан байна. Ослын шалтгаан, мөргөлдөх үед нисдэг тэрэгнүүд ямар чиглэлд нисэж байсан зэрэг нөхцөл байдал одоогоор тодорхойгүй байна. Ослын улмаас Орегон мужийн 233 дугаар авто замын Дэйтон хотын баруун хэсэгт байрлах нэг хэсгийг хаажээ. Түүнчлэн ойролцоох бусад замыг түр хааж, иргэдийг ослын газраас хол байхыг анхааруулсан байна. Замыг хэзээ нээх талаар тодорхой хугацаа зарлаагүй аж.
АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа болон Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөл ослын шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулна. Одоогоор мөргөлдөөнд хүргэсэн нөхцөл байдлын талаар албан ёсны дүгнэлт гараагүй байна.
Л.Баяр



















































