
Испанийн өмнөд хэсэгт хоёр өндөр хурдны галт тэрэг хоорондоо мөргөлдсөний улмаас 68 хүн нас барж, 100 гаруй хүн гэмтсэн тухай CNN мэдээллээ. Ослын шалтгааныг тогтоохоор эрх баригчид мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Осол Мадрид хотоос Севилья хотыг холбосон өндөр хурдны төмөр замын Урдa хотын ойролцоо болжээ. Төрийн өмчит RENFE компанийн галт тэрэг хувийн хэвшлийн Iryo компанийн галт тэрэгтэй мөргөлдсөн байна. Мөргөлдөөний улмаас хэд хэдэн вагон замаас гарч, зарим нь төмөр замын хажуугийн налуу руу унажээ. Хоёр галт тэргэнд нийт 500 гаруй зорчигч зорчиж байсан аж.
Урьдчилсан мэдээллээр, осол төмөр замын хөдөлгөөний удирдлагын системийн доголдол болон хүний гаргасан шийдвэртэй холбоотой байж болзошгүй байна. Испанийн Тээврийн сайд Оскар Пуэнтегийн мэдээлснээр, төмөр замын хөдөлгөөнийг хянадаг системд доголдол гарсны дараа зарим галт тэрэг зогсжээ. Үүний дараа RENFE компанийн галт тэргийг хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн боловч тухайн хэсгийн улаан дохио идэвхтэй хэвээр байсан гэх мэдээлэл байна.
Албаныхан галт тэргийг хөдөлгөх шийдвэр ямар нөхцөлд гарсныг шалгаж байгаа бөгөөд ослын эцсийн шалтгаан одоогоор бүрэн тогтоогдоогүй байна. Ослоос амьд үлдсэн зорчигчид мөргөлдөөний үеэр вагонууд хүчтэй доргиж, хүмүүс суудлаасаа шидэгдэн унасан талаар ярьжээ. Зарим зорчигч сүйрсэн вагон дотор хавчуулагдсан байсан бөгөөд аврах багийнхан эрэн хайх, тусламж үзүүлэх ажиллагаа явуулсан байна.
Испанийн Ерөнхий сайд Педро Санчес амь үрэгдэгсдийн ар гэрт эмгэнэл илэрхийлж, ослын шалтгааныг бүрэн тогтоохоо мэдэгджээ. Эрх баригчид төмөр замын аюулгүй ажиллагаа, хөдөлгөөний удирдлагын системд гарсан байж болзошгүй зөрчлийг нарийвчлан шалгаж байна.
Л.Баяр



















































