
ОХУ болон Украины онцгой байдлын сэрэмжлүүлэг хүргэдэг гар утасны аппликейшнүүд кибер халдлагад өртөж, иргэдэд цөмийн болон химийн зэвсгийн аюул заналхийлсэн гэх худал мэдээлэл илгээсэн байна.
Украины иргэдэд агаарын довтолгооны аюулыг шуурхай мэдээлдэг “Air Alert” аппликейшн арваннэгдүгээр сарын 1-нд халдлагад өртжээ. Үүний улмаас Киев болон бусад бүс нутгийн хэрэглэгчдэд цацраг идэвхт бодисын аюул, химийн зэвсгийн халдлага, гудамжны тулалдаан болж болзошгүй гэх үндэслэлгүй сэрэмжлүүлэг хүрсэн байна.
Мөн ОХУ-ын “Орешник” хэт авианы пуужин харвасан гэх худал мэдээлэл илгээгджээ. Украины Агаарын цэргийн хүчнээс уг мэдээллийг няцааж, цацрагийн аюул байхгүй тул иргэдийг тайван байж, зөвхөн албан ёсны эх сурвалжид итгэхийг уриалсан байна.

Үүнээс хэдхэн цагийн дараа ОХУ-ын Онцгой байдлын яам өөрийн гар утасны аппликейшн мөн кибер халдлагад өртсөнийг мэдэгджээ. Халдагчид тус аппликейшнээр дамжуулан иргэдэд хуурамч сэрэмжлүүлэг хүргэсэн байна. Гэхдээ улсын хэмжээнд ажилладаг үндсэн сэрэмжлүүлгийн систем хэвийн ажиллаж байгааг тус яам онцолжээ.
Украины тал халдлагын ард ОХУ байж болзошгүй гэж үзэж байгаа бол Москва халдлагыг хэн үйлдсэн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Хоёр улсын аппликейшнд бараг зэрэг асуудал үүссэн ч эдгээр халдлага хоорондоо холбоотой эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Мэргэжилтнүүд системийн хэвийн ажиллагааг сэргээхээр ажиллаж байгаа аж.
Л.Баяр






















































