зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Ерэн зургадугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ЕРЭН ЗУРГАДУГААР БҮЛЭГ:


ТОЙДЫГ ХҮНДЭТГЭН ДАЙЛАВ

ТАНСАГ БАГШ ЭРХЭМ БАЯНД ЭС ДУРЛАВ

 

Өнгө хэмээгч угаас өнгө үгүй, хоосон хэмээгч бас хоосон бус. Шуугиан нам, хэлэмгий дуугүй язгуураас адил. Зүүдний дотор юуны бас зүүдийг хэлж зүдмүй. Хэрэг бүхий нь хэрэглэхийн дунд хэрэг үгүй болмой. Хүчин үгүй нь хүчлэхийн цагт хүчин гаргамуй. Алим жимс боловсорвоос аяндаа улайхтай адил. Арчлан тарьсны учрыг урьдаар бүү асуу.

 

Тэндээс Тансагтан увидсаар тэр Алтан дэвсгэрт сүмийн тойдыг хориглон зогсоогоод олон хувраг салхин өнгөрсөн хойно үзвээс тэр хэдүүл хэдийн бараагүй болсон тул цөм амьд бурхан ертөнцөд буусан ажгуу хэмээлдэн сүсэглэн мөргөсөөр хойш эгсэнийг өгүүлэхгүй.

 

Багш шавь нар баруунш явсаар хэдийн хавар өнгөрч зуны эх болжээ. Үзэхүл: найрамдуу тунгалаг уур амьсгал сэргэлэн, нуур цөөрөмд лянхуан навч урганам. Хар гүйлс хурын шимээр боловсорч, халиурсан буудай салхины хүчинд чангармуй. Гулгуур хуар өвсний хооронд анхилан, гургалдай эчээд удын салаа хөнгөрөв. Бор хараацай дэгдээхэйгээ дагуулан сургаж, борогчин гургуул цурвагаа тэжээж гуугалмуй. Халуун өдөр уртдаж Удирасад наашлаад хамаг бодис өнгө гэрэл нэмэгдэв.

 

Ийнхүү өдөр замнан үдэш хоноглож, уулыг даван усыг гэтлэн амар төвшин хагас сар явтал өмнө нь бас нэгэн хот харагдав. Тансаг асууруун: “Шавь нар аа, энэ бас ямар газар болов?” Бичин өгүүлрүүн: “Мэдэхгүй.” Гахай инээн өгүүлрүүн: “Энэ замаар чи урьд явсан бөгөөд юунд мэдэхгүй хэмээмүй? Бас ямар нэгэн учир байхын тул манд хэлэхгүй байх буюу.” Бичин өгүүлрүүн “Энэ Манхуу чи учир мэдэхгүй! Энэ замаар би хэдий хэдэн удаа явсан боловч цөм огторгуйгаар үүл хөлөглөн нааш цааш өнгөрснөөс бус энд хэзээ бууж үзсэн бэ? Асын биед хамаагүй хэргийг анхаарч яанам. Тийнхүү би мэдэхгүй, бас ямар учир байж чамайг хуурмуй?”

 

Ийнхүү хэлэлцэхийн зуур хэдийнээ хотын доор хүрээд Тансаг мориноос буун гүүрийг өнгөрөн шууд хаалгаар орвоос зээлийн хажууд нэгэн саравчны доор хоёр өвгөн сууж зоог дэлгэмүй. Тансаг шавь нартаа захиж “Та нар энд толгойгоо даран номхон зогсож байгтун. Би тэр саравчин доорх хүнээс асууж үзсүгэй” хэмээсэнд Бичин “за” хэмээн хүлээн зогсов. Тансаг урагш болж алхаагаа хамтатган: “Өвгөн өглөгийн эздээс үг асуусугай” хэмээсэнд тэр хоёр өвгөн тэнд хараахан юуны мандах буурах олж алдах, хэн мэргэн, хэн эрдэмтэй, тэр үеийн баатар үйлс өдгөө хамаа буй, үнэхээр шүүрс алдалтай хэмээлцэн сул зоогдох[1] ажээ. Гэнэт үг асуумуй хэмээхийг сонсоод яаран хариу ёслон өгүүлрүүн: “Багш тойн юуныг хэлсүгэй хэмээмүй?” Тансаг өчрүүн: “Ядуу тойн би газрын холоос Бурханд мөргөхөөр ирсэн хүн. Сая дээд оронд хүрч ирээд газрын нэрийг мэдэхгүй. Бас нэгэн цагийн цав бадарласугай хэмээвэл хаана өглөгч хүн байхыг үл мэдмүй?” Өвгөн өгүүлрүүн: “Манай энэ өчүүхэн газрын нэрийг Түн Тай Фу хэмээмүй. Фугийн хойдод Дилин сянь хэмээх нэгэн сянь буй. Хувраг та цав идсүгэй хэмээх болбол бадарлах хэрэггүй. Энэхүү цамхагийн цаадах өмнөш хойш зээлийн баруун талд зүүнш хандсан нэгэн үүдэн асар бий. Тэр болбоос Кү овогт баяны гэр болой. Түүний хаалган дээр: “Хамаг тойдыг хангагч” хэмээх пайз бий. Чиний адил хол газрын тойныг цөм тэжээмүй. Од! Од! Тэнд од! Маний үгийг бүү тасал!”

 

Тансаг тал өгч хойш эгэн Бичиний зүг өгүүлрүүн: “Энэ газар болбоос Түн Тай Фугийн Дилин Сянь хэмээмүй. Тэр өвгөний хэлэх нь: “Энэ цамхагийн цаадах өмнөш хойш зээлийн баруун талд зүүнш хандсан үүдэн асар бий. Тэнд нэгэн Кү овогт баян суумуй. Түүний хаалган дээр: “Хамаг тойдыг хангагч” хэмээх пайз бий хэмээгээд намайг тэнд одож цав идтүгэй хэмээмүй.” Шороо өгүүлрүүн: “Энэ газар хэмээгч Бурхны орон тул үнэхээр сүсэгтэн өглөгийн эзэн байх буй за. Энэ бас Фу Сяний газар тул мөн тэмдэг бичиг үзүүлэх хэрэггүй. Бид одож баахан цав идвээс замаа хөөхөд сайн.” Багш нь гурвууланг дагуулан алгуур алхан их зээлээр явахад тэр зээлийн олон хүн үзээд цөм цочин эмээж сэжиглэн ажиглаж дагаж ирээд тэдний зүс байдлыг тэмцэн үзмүй. Тансаг шавь нараа: “Амаа хичээ. Битгий хэрцгий аашилтун” хэмээн дахин давтан захиж явах тул гурвуул үнэхээр толгойгоо даран айшгүй дээш үл харна. Өнцгийг тойрон орвоос үнэхээр урагш хойш их зээл байна. Хараахан явж байтал нэгэн үүдэн асар байж хаалганы халхавч хэрэм дээр “Хамаг тойныг хангагч” хэмээх их үсэгтэй нэгэн пайз өлгөжээ. Тансаг өгүүлрүүн: “Баруун газар үнэхээр Бурхны орон, мэргэн мунхаг хамаагүй цөм үнэнчээр өчмүй. Тэр хоёр өвгөний үгийг би сайн итгэсэнгүй бөлгөө. Үүнийг үзвээс үнэхээр түүний үг лүгээ нийлжээ” хэмээв. Гахай болбоос бүдүүлэг хүн тул даруй орсугай хэмээхэд Бичин өгүүлрүүн: “Манхуу байз, гарч ирэх хүнээс асууж байгаад орсугай.” Шороо: “Их ахын үг мөн болой. Нэгэн цагт хэтрэмхийлэн ороод дотоод гадаадыг ялгахгүй хэмээн өглөгийн эзэн унтууцах болуузай” хэмээгээд даруй тэр үүдний доор мөрөө амрааж дамнуураа тавин хүлээж байтал дотроос нэгэн өвгөн хүн гартаа жинлүүр сагс барин гарч ирээд гэнэт үзмэгц гэлмэгдэн цочиж барьснаа алдан дотогш дутаан ороод “Гэрийн эзэн! Гадна зүс буруу жигтэй дөрвөн тойн иржээ!” хэмээн мэдүүлсэнд тэр баян хүрээн дотроо таяг тулан сул алхаж амандаа маань уншин байгаад зочин ирэв хэмээхийг сонсоод даруй таягаа орхиж угтан гарч ирээд дөрвүүлэнг үзэн муухай хэмээн зэвүүрхэхгүй дэмий л: “Заларч буу! Заларч буу!” хэмээхэд Тансаг найр тавьж хамтдаа дотогш оров. Тэр өвгөн зам удирдаж гулданг мушгин өнгөрөөд нэгэн гэрт хүрч өгүүлрүүн: “Энэ гол гэр болбоос багш нарыг буулгах Бурхны гэр, номын гэр, зоогийн гэр болой. Доор этгээдийн тэр гэр болбоос миний хүүхэд дүү нарын суух өргөө.” Тансаг шагшин магтаж баршгүй, номт дээлээ авч нөмрөн Бурханд мөргөөд үзвээс:

 

Хүжсийн утаа тунарч зулын гэрэл гиймүй. Цэцгээр чимэглэж, гэмэрлэгээр[2] хөшиглөн, хоргойгоор туургалж, хивсээр дэвсгэрлэжээ. Ал улаан шүр дээр алтан хөөрөг өндөр өлгөн алтан ширтэй тавиурт сажуур хэнгэргийг хослон тавьжээ. Лавир[3] дуаз[4] дээр найман эрдэнэ хатгамаллаж, мянган бурхныг шижир алтаар булхжээ. Хүрэл гүлсэд[5] агар зандан шатаан гуулин хувингийн дотор лянхуа цэцэг хатгажээ. Сийлмэл ширээний дээр өлзий зангиас шигтгэж ширдмэл багварын[6] дотор арц хүж агуулжээ. Молор бумбад ариун рашаан туналзан, мөнгөн цөгцөнд мөнх зул асаажээ. Үнэхээр улаан тоос үл хүрэх ариун асраас давж, эгэл айлын бурхны гэр эрдэнийн хийдээс хэтийджээ.

 

Тансаг гараа угаан хүж асааж залбиран мөргөсөн хойно сая бие эгэн өвгөнд ёслоход өвгөн өгүүлрүүн: “Түр байз! Номын гэрт залж ороод жич золгосугай” хэмээв. Чанагш бас тэр номын гэрийг үзвээс:

 

Дөрвөлжин ширээ босоо хорго дээр ном судрыг овоолж, хасын хайрцаг алтан дабсаг дотор бичиг дэвтэр хураажээ. Ширдмэл ширээн дээр цаас бийр бэх зууруул жагсааж цөм уран нарийн бичгийн гэрийн хэрэглэл. Цухуйдсан ташаалавчийн наана бичиг зураг ятга шатар бий. Бүхнээр бас гайхамшиг сонин урам өдөөгч юм. Хөнгөн сайхан хас туурга тавьж хөвөх дэвэх луугийн дэвүүр өлгөжээ. Цэвэр амьсгал цог сүлдийг сэргээж аяндаа сэрж номын сэтгэл амарлингуй.

 

Тансаг энд орж ирээд сая ёсолсугай хэмээхэд өвгөн бас татан барьж “Номт дээлээ тайлтугай” хэмээхэд Тансаг номт дээлээ тайлаад Бичинтэнийг золгуулав. Морийг өвс идүүлэн, амьтайг саравчин доор тавиулсны хойно сая газар орныг асуусанд Тансаг өгүүлрүүн: “Ядуу тойн болбоос зүүн их Тан улсын хааны зарлигаар дээд орон Гандарагүд уулнаа Бурханд бараадан ном залахаар одогч болой. Эрхэм таныг их өглөгч хэмээн сонсоод тухайлан цав гуйж идээд явсугай хэмээн ирэв.” Өвгөн баярлан инээж өгүүлрүүн: “Шавь миний нэр Кү Хүн, өргөсөн нэр Да Кован жаран дөрөв насалжээ. Дөчин насны тэр жил би түмэн тойнд цав өргөсүгэй хэмээн амласан бөлгөө. Өдгөө нэгэнтээ хорин дөрвөн жил болов. Цав өргөсөн тойдын нэрийг тэмдэглэсэн бичиг бий. Өдөртөө хэрэггүй тул сул суухдаа цав идсэн тойноо байцаан бодвоос нэгэнтээ есөн мянга есөн зуун ерэн зургаан тойн болжээ. Яг сайхан дөрвөн тойн дутаад амласан тоонд хүрээгүй билээ. Энэ өдөр чивхийтэл тэнгэр нийлүүлэн багштаны дөрвүүлийг буулгасанд түмний тоо яг гүйцэв. Эрхэм цолоо хайрлан үлдээгтүн. Хэрхэвч нэг хоёр сар саатаж, амлалаа гүйцэтгэсэн баяр хийж хуримлахад орогтун. Шавь би эндээс сүйх тэргээр Гандарагүд уулнаа хүргэсүгэй. Эндээс дэмий холгүй наймхан зуун газар болой.” Тансаг их л баярлан цөм хүлээн зөвшөөрснийг өгүүлэхгүй.

 

Өгүүлэх нь түүний гэрийн зарц хүүхэд ус түлээ зөөн амуу гурил авч цав бэлтгэн үймэлдэхэд баяны эмгэн цочин асууруун: “Хаанаас ирсэн тойн болоод энэ мэт яаралдмуй?” Хүүхэд өчрүүн: “Сая дөрвөн их тойн ирж өвөг түүний газар орныг асууваас Зүүн Тан улсын хааны зарлигаар Гандарагүд уулнаа хүрч Бурханд бараадагч хэмээмүй. Манай эндээс хэдий хол газар байхыг мэдэхгүй. Өвөг түүнийг тэнгэрээс бууж ирэв хэмээн манийг түргэн цав манз бэлтгэж, тэдэнд барьсугай хэмээмүй.”

 

Тэр эмгэн сонсоод бас их л баярлан инж нараа дуудан “Дээл хувцсыг авчир, би бас одож золгосугай” хэмээхэд тэр хүүхэд өгүүлрүүн: “Эмэг ээ, тэдний нэгийг нь үзэж болно. Нөгөө гурав нь үзэшгүй этгээд жигтэй юм.” Эмгэн өгүүлрүүн: “Та мэдэхгүй. Гагц үзэх дүр нь муухай, этгээд жигтэй болбоос тэр лав үнэхээр тэнгэрээс буусан буй за. Түргэн одож өвөгтөө миний ирэхийг мэдүүл” хэмээв. Тэр хүүхэд номын гэрт хүрч ороод өвгөнд: “Эмэг бас зүүн газрын багшид золгохоор ирэв” хэмээсэнд Тансаг сонсоод даруй суудлаас босч зогстол эмгэн нэгэнтээ тэнхимийн өмнө хүрч ирэн үзвээс Тансагийн зүс царай өнгө гэрэлтэй, бие байдал лагшин төгөлдөр бөгөөтөл Бичинтэн гурвуулаа дүр байдал айхавтар сүрхий тул хэдийгээр энэ цөм тэнгэрээс буусан хувилгаан хэмээн бодовч баахан дотор шижигнэн эмээж дорогш харан сөгдөн мөргөв. Тансаг яаран хариу ёсолж “Эрхмийг зүдээн хүндлүүлэв” хэмээсэнд тэр хөгшин өвгөнөөсөө асууруун: “Дөрвөн багш нар юунд зэрэгцэж суухгүй буй?” Гахай хоншоороо эртийлгэн: “Бид гурвуул болбоос түүний шавь болой” хэмээснээ дуу нь барс урхирах мэт хүнгэнэсэнд эмгэн эмээжээ.

 

Хараахан хэлэлцэж байтал нэгэн зарц хүүхэд ирж “Хоёр агь ноён бас ирэв” хэмээн мэдүүлсэнд Тансаг яаран босч харваас, үзвээс хоёр залуус оюутан байж, шууд номын гэрт орж ирээд Тансагийн зүг дорогш сөгдөн мөргөв. Тансаг санд мэнд хариу ёсолтол өвгөн урагш давшин татаж өгүүлрүүн: “Энэ хоёр болбоос миний өчүүхэн хөвгүүн Кү Лян, Кү Дүн болой. Сургуулиасаа үдийн будаа идэхээр сая ирээд багш таныг залран ирснийг сонсож мөргөхөөр ирсэн болой.” Тансаг баярлан өгүүлрүүн: “Сайн! Сайн! Мэргэн болой! Энэ төв хэмээн үүд өрхөө мандуулахад үйл буяныг хичээ. Үр ачийг сайжруулахад эрдэм номыг сурга хэмээгч болой.” Хоёр оюутан эцгээс асууруун: “Энэ багш нар хаанаас ирсэн бэ?” Өвгөн инээн өгүүлрүүн: “Ирсэн зам хол болой. Өмнөд замбутивийн их Тан улсын хааны зарлигаар Гандарагүд уулын бурханд бараадан ном залахаар одогч болой.” Оюутан өгүүлрүүн: “Би “Дэлхийн хэргийн дэлгэрэнгүй тэмдэглэл”-д үзсэн нь дэлхий дахинд дөрөвхөн их тив бий. Манай эндэхийг баруун Үхэр эдлэгч тив хэмээж бас нэгэн зүүн Үлэмж биет тив бий хэмээмүй. Санаваас өмнөд замбутивээс энд иртэл хичнээн он явсан болов?” Тансаг инээн өгүүлрүүн: “Ядуу тойн замд саатсан өдөр олон, явсан өдөр цөөн. Үргэлж хорт шулам, хөнөөлт ад тохиолдож түмэн мянган гашууныг амсав. Завшаанаар удаа бүр миний гурван шавь зовлонгоос хамгаалан явав. Бодвоос нийт арван дөрвөнтөө халуун хүйтнийг өнгөрөөгөөд сая таны оронд иржээ.” Оюутан сонсоод шагшин магтаж “Үнэхээр хувилгаан тойд! Үнэхээр хувилгаан тойд!” хэмээн хэлж барахын урьд гэрийн хүүхэд бас ирж “Цавын ширээ нэгэнтээ засав. Багш нар цав зооглотугай” хэмээв. Өвгөн хөгшин хүүхдээ эгүүлээд өөрийн бие дөрвүүлийг зочлон цавын гэрт оров. Үзвээс алтадмал ширээн дээр алим жимс, ариун зууш амтат будаа, жигнэсэн боорцог, зүйл бүрийн идээнийг дүүртэл тавьжээ. Үзтэл тэд шөл оруулах нь шөл оруулан, будаа нэмэх нь будаа нэмж, долоо найман хүүхэд нааш цааш гүйлдэнэ. Дөрөв таван зарц зогсолгүй аягалмуй. Тэр Гахай хүрч ирсэн бүхнийг хөнөг суулгаар хөнтөрч байх мэт хүлхмүй. Багш шавь нар цадтал нэгэн цаг идээд Тансаг босон өвгөний цав барьсанд тал өгөн даруй мордсугай хэмээхэд тэр өвгөн зогсоож “Багш санаа амар хэдэн өдөр суугтун. Энгийн үгэнд “Эхлэн өдөхүйд хялбар дуусган хураахуйд бэрх” хэмээжээ. Би амлал гүйцэтгэсэн хуримаа өнгөрүүлээд сая айшүгүй таныг үдмүй” хэмээх тул Тансаг түүний үнэнч сэтгэлээр хүндлэхийг үзээд аргагүй хүлээн одсонгүй бас тав зургаа хоносны хойно тэр өвгөн сая тус орны тойн хувраг хорин дөрвөн хүнийг залж үйлс төгссөн хурим хийлгэв. Олон хувраг хэдэн өдөр бэлтгээд сайн өдрийг сонгож ном эхлэв. Тэр газар Тан улсын байдал лугаа мөн адил, бас харин:

 

Залам[7] дуаз өлгөн, алтан мандал тавьж зул хүж асаан тахимуй. Хэнгэрэг цан цохин бишгүүр бялар үлээмүй. Ийнхүү нэгэн зэрэг үлээн нэгэн зэрэг дэлдэж хүнгэнэм хоолойгоор ном уншимуй. Газар усыг урьдаар амирлуулан сахиулсан эрхтнийг залмуй. Тарниа шатаан Шигэмунийн хөрөгт мөргөмүй. Ялгуусан тогосын эх хэмээх судрыг туулан, айлдсан номын бадаг бүр барцад тайлах тарни буй. Нэгэн тавиур отчийн зулыг асаахуйяа нүл[8] нь нүдийг гялсхийлгэмүй. Усан балин өргөж үйл хилэнцийг алдаргамуй. Палча судар уншаад гүтгэл харьяатыг зайлуулмуй. Гурван хөлгөний гайхамшигт судар маш нууц далд, гороо эргэгч шарманы ёс цөм нэгэн адил.

 

Ийнхүү гурван шөнө гурван өдөр болоод их хурал сая төгсөв. Тансаг нэгэн сэтгэлээр аянгын дуут сүмд хүрэхийг санах тул өвгөний зүг дахин аяарлан ёслоход өвгөн өгүүлрүүн: “Багш явахыг их л яарах нь лав, хэдэн өдөр ном хуруулж яарсаар хүндэтгэн эмсэглэхийг солдсон учир ундууцсан буй за.” Тансаг өгүүлрүүн: “Эрхмийг их л зүдээснээ хариулж чадахгүй байтал ямар аймшиггүй уур хүрмүй! Гагц намайг гарч ирэхийн үед хаан биеэр боомт гартал үдээд хэзээ эгэж ирмүй хэмээн асуусанд би гурван жилийн дотор буцмуй хэмээн өчсөн бөлгөө. Санамсаргүй замын гудас саад олон болоод өдгөө нэгэнтээ арван дөрвөн жил болжээ. Ном залж олох эсэхийг бас мэдэхгүй. Эгэх замд мөн арван хэдэн жил болно. Энэ харин эзний зарлигаас зөрчсөн хэрэг буюу? Энэ ялыг би хэрхэн хүлээмүй! Өглөгийн эзэн өршөөж саатуулалгүй явуулах ажаамуу. Ном залаад хойш эгэхэд дахин эрхиний гэрт бууж илүү хэдэн өдөр суухад үл болохооргүй!” Гахай тэсгэлгүй бархиран өгүүлрүүн: “Багш та даанч этгээд зантай! Хүний сэтгэлийг асар гомдоов! Энэ өглөгийн эзэн болбоос түмэн хуврагт цав өргөх амлалаа гүйцэтгэсэн баян хүн. Бас үнэнч сэтгэлээр манийг авч суусугай хэмээхэд чи үнэхээр одох хэмээгээд юу хиймүй? Бид нэг хоёр жилээр энд суувч тэр ямар хамаа буй? Ийм сайн бэлэн цавыг алдаад харин түмэн өрхийн үүдийг тогшиж бадар гуйх дуртай! Эндээс гарвал нагацын чинь гэр буй буюу?” Тансаг өгүүлрүүн: “Энэ Манхуу, гагц идэхээс өөр урагштай хэрэгийг огт санахгүй. Та ийнхүү идэх амрахыг хүсэх бөгөөс маргааш би гагцаар одсугай.” Бичин багшийн царай хувирсныг үзээд Гахайг заамдан толгойг нэгэн зэрэг нударгадаж хараан өгүүлрүүн: “Сайн мууг танихгүй Манхуу чи биднийг бас цөм холбогдуулж зэмлүүлэв!” Шороо инээн өгүүлрүүн: “Элдсэн нь сайн! Таг дуугүй байсан ч хүнд гологдох амьтан атал, үг гэвэл өнчин элэг чинь өндиймүй!” Тэр Манхуу их л айшгүй дахиж дуугарахаа болив. Өвгөн баян багш шавь цөм ууртай болсныг үзээд инээмсэглэн өгүүлрүүн: “Багш битгий цухалд. Энэ өдөр баахан амсхийж маргааш би туг хиур бэлтгэж ойр орчмын төрөл саднаа цуглуулж дөрвөн багшийг мордуулсугай” хэмээв. Хараахан ийн өгүүлэлдэн атал баяны эмгэн нь гарч ирээд өгүүлрүүн: “Багш нэгэнтээ залран ирсэн тул заавал явсугай хэмээн бүү яар. Ирээд хэдэн өдөр болов?” Тансаг өгүүлрүүн: “Хагас сар болжээ.” Эмгэн өгүүлрүүн: “Энэ хагас сарыг манай өвгөний цагаан буян үйлдсэнээр бодсугай. Хөгшин надад бас баахан өмч бий тул багшид бас хагас сарын цав барьсугай” хэмээн үг барахын урьд Кү Дүн ах дүү хоёулаа ирж өгүүлрүүн: “Дөрвөн багш! Манай эцэг хорин хэдэн жил тойнд цав өргөсөн нэг ч сайн хүнд учирсангүй тоогоо гүйцэтгэв. Өдгөө завшаанаар дөрвөн багш морилж ирсэн нь үнэхээр бор гэрийг гэрэлтүүлэв хэмээвээс болно. Шавь бид нас бага тул үйл үрийн хариуллыг мэдэхгүй. Хэдий тийм боловч “Эцгийн буяныг эцэгт хариулах, эхийн буяныг нь эхэд хариулах, эс үйлдвээс эс хариулах” хэмээх үгийг үргэлж сонссон бөлгөө. Миний эцэг эх өөр өөрийн бодь хутгийг гуйх нимгэн сэтгэл бий тул энэ буяныг үйлдсүгэй хэмээхэд багш юунд үнэхээр одсугай хэмээмүй? Бид ах дүү хоёулд бас өөр өөрийн өмч буй тул таныг хагас сар хүндэтгэн дайлж сая үдсүгэй хэмээн санамуй.” Тансаг өгүүлрүүн: “Чиний эхийн сэтгэлийг айшгүй хүлээн чадахгүй атал нэн эрхэм хоёр агийн хайр хүндийг хүртэж яахан чадмуй? Хэрхэвч болохгүй энэ өдөр явмуй. Үл буруушаах ажаамуу. Эс явбаас эзний зарлигаас зөрчсөн лүгээ маш хүнд болох буюу.” Хөгшин эмгэн хоёр хөвгүүнтэйгээ түүний эрхгүй явмуй хэмээхийг сонсоод хилэн төрж: “Хүний сайн мууг мэдэхгүй заавал явсу хэмээмүй. Явбаас явтугай! Дэмий олон юм дуншсаны хэрэг юун!” хэмээгээд эх хөвгүүн ханцуй гөвөн оджээ. Гахай үзсээр бас тэсэхгүй болоод Тансагт өгүүлрүүн: “Багш баахан биеэ мэдвээс сайн. Энгийн үгэнд “Хүндлэхүйд урваймуй, хайрлахуйд шөрвиймүй” хэмээжээ. Бид бас нэгэн сар сууж эх хөвгүүний сүсгийг гүйцэтгэвээс барав. Зугтсаны учир юун?” Тансаг бас зандарсанд тэр Манхуу өөрийн амаа хэдэнтээ алгадаж өгүүлрүүн: “Бүү дуугар! Бүү дуугар гэхлээр чи юунд дуугармуй!” Хажуугаас Бичин Шороо их л өндөлзөхөд Тансаг бас Бичинийг зэмлэж: “Чи юунд баярламуй?” хэмээгээд боодос чангалах тарнийг аман дотроо товор товор унштал Бичин яаран сөгдөж: “Багш аа! Би баярласан бус! Би баярласан бус! Бүү унш! Бүү унш!” хэмээв.

 

Тэр баян багш шавь дөрвүүл ийн шуугилдахыг үзээд айшгүй дахин хүчлэн гуйхгүй болоод: “Багш аа, битгий цухалд. Маргааш үдсүгэй” хэмээгээд Бурхны гэрээс гарч Бичээчээр юун илүү урилгын бичгийг Бичүүлж, маргааш Тансаг багшийг үдсүгэй хэмээн ойр хавийн ураг саднаа залуулав. Бас тогоочийг захиж үдэх хурим базаалган сан хамаарагч нараар хорин хос өнгөт хиур хийлгэж, үлээх дэлдэх хөгжмийн хүмүүсийг уриулан, өмнө сүмээс нэгэн бүлэг тойн, зүүн үзшилээс нэгэн багийн бумба залан маргааш могой цагаас өмнө цуглуул хэмээсэнд гэрийн эзэд захьсан ёсоор бэлдэхээр одов. Удсангүй бүрий болж үдшийн цав идсэн хойно тус тусын хонох гэрт эгэж амарчээ. Гагц үзвээс:

 

Хэдэн сүрэг галуу хонох шугуйгаа эрэн, хэнгэргийн асарт цагийн дохио алст дуурсмуй. Хот зээлийн гудамжинд хүний хөл хураагдаж, хотол бүхэн үүдээ хааж зулын гэрэл бүдгэрэв. Сарны тунгалагт салхи сэвэлзэн цэцгийн сүүдэр бөртөлзөн сансар огторгуйд тэнгэрийн оёдол цайран сүүмэлзнэм. Уяралт шувууны донгодох дуун шөнийн гүнийг мэдээлж, орчлон дэлхий нам гүм найр чимээ алга.

 

Тэр үед гурван жингийн дохио дуугарсанд хэрэг мэдэгч хүүхэд цөм босч үзтэл тэр хурим базаагчид тогооны гэрт яаралдан, туг хиур хийгчид тэнхимийн доор үймэлдэж, тойн бумба залагсад хөл зогсолгүй гүйлдэж, эрэгсэд нааш цааш яаралдаж, хүргэгч баруунш зүүнш зөрөлдөн, сүйх тэрэг бэлтгэгчид суудалгүй цуугилдаж, энэ нэгэн шөнө тэнгэр гэгээртэл үймэлдээд могой цагийн өмнө эл зүйлийг цөм бүртгэжээ. Энэ мөн ч зоос ихтэй баян хүний учир буй за.

 

Өгүүлэх нь, Тансаг багш шавь дөрвүүлээ боссоны хойно олон зарц хүүхэд ирж эмсэглэхүйд тэр багш даруй амьтай боодлоо баглаж, морь эмээллэгтүн хэмээн захихуйд Манхуу мөн түднэсээр юм хумаа багцлан дамжуураа авав. Шороо морио шүүрдэн самнаад эмээллэн хүлээж, Бичин дулдуйг авчран багшийн гарт атгуулж тэмдэгт бичгийг өвөртлөн гарч явтал, гэрийн эзэн хойд тэнхимд залж бас хуримд суулгав. Энэ хурим нь урьдын цав өргөх тэнхимд зочилсон лугаа бас адилгүй. Гагц үзвээс:

 

Орхиул хөшгийг дээр өлгөн угалзат халхавчаар дугариглан халхалжээ. Төв дундад нэгэн эвхмэл түмэн өлзий түгээмэл буяны зургийг өлгөж, түүний хоёр этгээдэд дөрвөн улирлын үзэмжит зургийг зэрэглэжээ. Луугийн зурагт гүлсээс хүжсийн утаа мяралзан шаазгайн хэлбэрт шанлуунаас бэлгэт униар манарчээ. Өнгөт тавагт зүйл бүрийн боов боорцог зэрэглэж өрсөн ширээнд элдэв жимс чихрийн тэргүүтнийг овоолжээ. Индрийн өмнөх хөгжмийн жагсаалд хүндүүн шандаад[9] эгшиглэж тэнхимийн дээрх жимс боорцогт гэмэрлэг хивс дэвсчээ. Ариун шөл цагаан цав амт нь сайхан, архины үнэр манзын амт аманд тааламжтай. Хэдийгээр эгэл ардын гэрийн найр хэмээвч хэрэг дээрээ хааны хуримаас дульдахгүй. Хөөрөлдөн наргилдах энэ их дуунд хөх тэнгэр хөвчин дэлхий цөм долгисов.

 

Тансаг хараахан гэрийн эзэнд салах ёсыг гүйцэтгэн байн атал, гэрийн хүүхэд ирж: “Зочид цөм хүрч ирэв” хэмээн мэдээлсэнд залсан олон хүмүүс цөм хэдийнээ орж ирээд Тансагтай мөргөн золгоод дэс дараалан суулцав. Гадна нь жагсаал жагсан бялар бишгүүр зэргийн элдэв хөгжим эгшиглэн эхэлж, дотор нь хундага мөргөлдөн архин дуу дуулан үүсгэв. Гахай үүнийг үзээд сэмээр Шороод өгүүлрүүн: “Дүү чи гэдэсний чинээгээр ид, эндээс гарваас бидэнд юуны ийм сайн хурим тохиолдох аж!” Шороо инээн өгүүлрүүн: “Ах юу хэлж баймуй. Энгийн үгэнд “Чихэр амттай боловч шингээр[10] идэж үл болох, хоол хүнийх, ходоод өөрийнх” хэмээжээ. Цадваас барах нь тэр болой. Бас илүү идэж болох буюу?” Гахай өгүүлрүүн: “Чи даанч тусгүй! Би нэгэн цагт сайн идвээс гурван өдөрт өлсөхгүй.” Бичин сонсоод: “Манхуу, гэдэс чинь дэлбэрэх болуузай! Өдгөө бид явнам!” хэмээв.

 

Ийн өгүүлэлдэн атал наран үд болсонд Тансаг суудал дээр савх хураах ном уншсанд Гахай ихэд сандран нэмж ирсэн будааг цөм идэж бараад ширээнд үлдсэн мантуу боорцог зэргийг хоёр ханцуйдаа багтаж ядтал чихээд багшаа даган босов. Тансаг өвгөнд тал өгөөд бас олон хүнд ёс хийж хамтаар гэрээс гарахад үзвээс тэр хаалганы гадна өнгөт далбаа эрдэнийн шүхэр өргөж хөгжмийн хүмүүс зэрэглэн жагсаажээ. Бас хоёр бүлэг хуушаан бумба нар сая хүрч ирэхийг үзээд гэрийн эзэн инээн өгүүлрүүн: “Та нар хуримаас хожимдов. Багш яаруу одох тул багшийг үдсэний хойно хуримд залсугай” хэмээв. Олон хүмүүс сүйхээ дамнан морио унаж зам тавин өгөв. Яруу хөгжим үүсгэсэнд туг далбаа агаарын нарыг халхлан хүн шахалцан тэрэг ивэлцэж цөм Кү баяны Тансагийг үдэхийг үзэхээр ирмүй. Энэ үдсэний өв тэгш нь, тана сувдаар боож, таж магнагаар эвхэснээс давжээ! Тойн нар бурхны хөгжмийг хөгжимдөж бумба нар аршийн аялгууг өргөж бүгдээр хотыг гартал үдэв. Үдэх өртөөнд хүрч бас цав манз барьж аяга хундага өргөн салалцахад гэрийн эзэн бас салж төвдөхгүй. Нүдэнд зайр[11] гүйлгэж “Багш ном залаад эгэж ирэх үедээ хэрхвээс бор гэрт бууж хэдэн өдөр суун Кү Хүн миний санааг гүйцэтгэмү” хэмээсэнд Тансаг тэсгэлгүй сэтгэл хөдөлж хариулан өгүүлрүүн: “Би хэрвээ хачир цогцолсон Гандарагүд ууланд хүрээд Бурхан багшид олж золговоос урьдаар таны их буяныг айлтгасугай. Эргэх замд эрхгүй ирж энэ их ачид хариулмуй!” хэмээн өгүүлсээр санамсаргүй бас хэдэн газар явав. Тансаг дахин эгэгтүн хэмээн хүчлэн ятгаж салан одоход Кү өвгөн дуу тавин уйлсаар хойш эгэхийг түр өгүүлэхгүй.

 

Тэндээс багш шавь дөрвүүл баруунш дөч тавин газар явсан хойно нар шингэсэнд Тансаг: “Тэнгэр орой болов. Бид хаана хономуй?” хэмээхэд Гахай хоншоороо эртийлгэн дамжуур дамнасаар өгүүлрүүн: “Бэлэн цав идэхгүй сайхан гэрт суухгүй зуурдын сүнс мэт явмуй. Өдгөө тэнгэр орой болов. Хэрэв бороо орвоос яана!” Тансаг хараан өгүүлрүүн: “Энэ муу мал бас гасалмуй. Энгийн үгэнд “Найрын ширээ сайхан боловч насад сууж болохгүй” хэмээжээ. Бид Бурханд бараадах хувь байгаад үнэн номыг залж их Тан улсад эгсэний хойно би хаанд айлтган ордны тогооноос чамайг нэг хэдэн жил дэлбэртэл идүүлж, үхэвч нэгэн цатгалан чөтгөр болгосугай” хэмээсэнд Манхуу сэмээр инээгээд айшгүй дахин өчсөнгүй.

 

Бичин замын захад хэдэн эвдэрхий гэр байхыг үзээд багшдаа: “Тэнд одож хоносугай” хэмээсэнд Тансаг урагш хүрч үзвээс нэгэн эвдэрхий сүмийн хаалганы дээрх хавтгаймалд “Цог гэрэлтийн сүм” хэмээх хэдэн үсгийг сийлжээ. Тансаг мориноос бууж “Цог гэрэлт бодисадва хэмээгч нүл таван гэрэлт Бурхны шавь болой. Хорт албин ванг дарахын учир тушаалаасаа хасагдаж таван илэрхий Лин Гован болгожээ. Энэ газар лав тайлга баймуй” хэмээгээд орвоос хэрэм саравч цөм нураад хүн үл үзэгдмүй. Эгэж гарсугай хэмээтэл санамсаргүй тэнгэр үүлшин бороо цутгалж үүсгэсэн тул аргагүй тэр эвдэрхий сүмд бороо далдалж, үг дуугарваас энд шулам мэдүүзэй хэмээн амьсгалаа даран зогсох нь зогсож суух нь сууж нэгэн шөнийг огт унтсангүйгээр өнгөрөөжээ. Аяа! Энэ үнэхээр: төвшний үзүүрт төвөгдөл байж, жаргалын захад зовлон үүсмүй. Тэнгэр гэгээрсэн хойно урагш яваад чухам бас ямар учир тохиолдохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.

 


[1] Зоогдох - зоог хэлэлцэх /Монгол үгний тайлбар толь. Монгол улсын соёлын сан, Дундад улсын үндэсний хэвлэлийн хороо. Шагж найруулан зохиов. 1994 он./

[2] Гэмэрлэг – Зүйл бүрийн ёнхороор бага шиг ар хийн нэхсэн торгоны нэр. /Монгол үгний тайлбар толь. Монгол улсын соёлын сан, Дундад улсын үндэсний хэвлэлийн хороо. Шагж найруулан зохиов. 1994 он./

[3] Лавир – Бурхан шүтээний дээгүүр хөндлөн ташаалан зүүх чимгийн нэр. /Монгол үгний тайлбар толь. Монгол улсын соёлын сан, Дундад улсын үндэсний хэвлэлийн хороо. Шагж найруулан зохиов. 1994 он. 890-р тал./

[4] Дуаз – дайсны зэргийг ялгуусны тэмдэг болгон босгохыг хэлнэ. Одоо жанцан гэдэг. /Монгол үгний тайлбар толь. Монгол улсын соёлын сан, Дундад улсын үндэсний хэвлэлийн хороо. Шагж найруулан зохиов. 1994 он. 705-р тал./

[5] гүлс – гуулин цутган хийж хүж шатаах сав. /Монгол үгний тайлбар толь. Монгол улсын соёлын сан, Дундад улсын үндэсний хэвлэлийн хороо. Шагж найруулан зохиов. 1994 он. 448-р тал/

[6] Багвар – нимгэн хавтгай модоор хийдэг хус хэмээх сав. Бас зүү утас зэрэг агуулах сав. /Монгол үгний тайлбар толь. Монгол улсын соёлын сан, Дундад улсын үндэсний хэвлэлийн хороо. Шагж найруулан зохиов. 1994 он. 258, 405-р тал/

[7] Залам – туганд торго бүсээр хийсэн бүч /Монгол үгсийн язгуурын толь. Өвөр Монголын ардын хэвлэлийн хороо. 1987 он. 2336-р тал/

[8] Нүл – галын дөл /Монгол үгний тайлбар толь. Монгол улсын соёлын сан, Дундад улсын үндэсний хэвлэлийн хороо. Шагж найруулан зохиов. 1994 он. 242-р тал/

[9] Шандаан – эртний үеийн дууны таван аялгууны нэг. /Монгол үгсийн язгуурын толь. Өвөр Монголын ардын хэвлэлийн хороо. 1987 он. 1698-р тал/

[10] Шин – нэгэн дэүгийн арваны нэг болох багтаамжийн хэмжүүрийн нэгж. Эртний монгол хэлэнд шим ч гэж хэлдэг байжээ. /Монгол үгсийн язгуурын толь. Өвөр Монголын ардын хэвлэлийн хороо. 1987 он. 1549-р тал/

[11] Зайр – мэлтэгнэсэн нулимс /Монгол үгсийн язгуурын толь. Өвөр Монголын ардын хэвлэлийн хороо. 1987 он. 2302-р тал/


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    11 цаг 42 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    13 цаг 29 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    14 цаг 54 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    14 цаг 58 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    15 цаг 2 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    15 цаг 44 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    16 цаг 17 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    16 цаг 21 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    16 цаг 21 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    16 цаг 55 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    18 цаг 4 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    18 цаг 15 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    18 цаг 20 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    18 цаг 42 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    18 цаг 59 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    19 цаг 25 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    19 цаг 53 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    20 цаг 17 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    20 цаг 18 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    20 цаг 33 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК