Эдийн засгийн хямралтай, идэр есийн хүйтэн тачигнасан өдрүүд үргэлжсэн хэвээр. Урин цагийн эхлэл болсон монгол түмний их баяр Цагаан сар хаяанд тулжээ. Улиран одсон долоо хоног үйл явдал арвин, төр түмний дунд чамгүй олон зүйл өрнөлөө. Парламент дахь олонхи цөөнхийн бүлэг хийсэн ажил, хэлсэн үгнийхээ хариуг амсаж, түмэн олон татварын дарамтнаас салсан ийм долоо болсон билээ.
У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын 100 хоног
Парламент дахь олонхи анхлан байгуулсан Засгийн газраа түлхэн унагааж дахин засаглал байгуулсны зуу хоногоо тэмдэглэснээр өнгөрөгч долоо хоног эхэлсэн юм. У.Хүрэлсүхийн Засгийн газар 100 хоносны баяраа нэжгэр сайхан тэмдэглэж, баярын хурлаа хийлээ. Багахан хугацаанд чамгүй ажил амжуулснаа засаглалынхан тайлагнав. Гурван сар гаруйхны дотор олон ажил гүйцэлдүүлснийхээ 30-ыг нь тэд онцолж, барьж болох том нь хэмээн тайлбарласан юм. Нэг үгээр хэлбэл, иргэд эх орны төлөөх гавьяа гэж хэлэх нь аж. Тоочвол, тулгамдаж буй гадаад өрийг бонд гаргаж өрийг өрөөр төлсөн, Монголыг Европын холбооны хар жагсаалтаас гаргалаа, шинэ цэвэрлэх байгууламж барих шийдэл олсон, Эрдэнэтийн 49 хувийг төрийн мэдэлд эргүүлэн авсан гэх мэтийг ярих.
Тэгвэл тэдний хийсэн балгаар, хэлсэн үгний хариуд иргэд ямар дарамт шахалтанд орсныг эргэн санах хэрэгтэй болов уу. Шатахууны асуудлаар хариуцлагагүй үг хэлсэн Ерөнхий сайд иргэдэд ямар их дарамт учруулснаа мэдэж байгаа биз. Үүнээс нь улбаатайгаар шантаажчин импортлогчид зохиомол хомсдол үүсгэж ямархуу дүр төрх үзүүллээ. Эцэст У.Хүрэлсүхийн засаглал гараа өргөсөн, гаргасан шийдвэртээ засвар хийх бус бүр баллуурдсан. Дахин ийм шантаажинд орохгүй байх ганц алхам нефть боловсруулах үйлдвэр барих хэмээн дуугарав засаг. Гэхдээ бодит ажил болж чадах уу гэсэн асуулт өнөөг хүртэл үргэлжилсээр. Ерөнхий сайдын хэлснээр Сайншандаас 20 км зайд баригдах нефть боловсруулах үйлдвэр нь Монгол Улсын шатахууны хэрэглээг хангана гэж байгаа. Бид гадаадаас шатахуун импортлоод байх шаардлагагүй болж 100 хувь дотооддоо үйлдвэрлэснээр олон аж ахуйн нэгж ч дагалдан бий болох аж. Тухайлбал, химийн аж үйлдвэр хөгжих эх суурь тавигдаж, үйлдвэрийг дагалдан нийтдээ 30 жижиг дунд үйлдвэр баригдана хэмээн тооцоолжээ. Цаасан дээр буусан үйлдвэр газар дээр хэзээ сүндэрлэн босох юм бол. Мөн хятадуудад зарчихсан нефтиэ яаж эргүүлэн авах вэ гэдэг чухал.
Хоёр дахь дарамт нь татварыг шатлалтай нэмж, тэтгэврийн насыг уртасгах шийдвэр байлаа. Засаг 100 дахь хоногийн шоуныхаа үеэр энэ талаар авах арга хэмжээг огт дурдсангүй. Харин мягмар гарагт ээлжит бусаар хуралдав. Хурлаараа хэн бүхний бухимдлыг төрүүлсэн дээрх асуудлыг буюу хүн амын орлогын албан татварыг бууруулж нэг шатлалтай болгох, тэтгэврийн настай холбоотой өөрчлөлтүүдийг хэлэлцэж, хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан юм. Парламент ч энэ хуулийг цаг алдалгүй хэлэлцэж, баасан гаргийн нэгдсэн хуралдаанаараа хуулийн төслийг баталлаа.
УИХ-ын хууль машиндах цаг буюу завсарлагаа
М.Энхболдын ангийнхан хууль батлах хичээлээ түр завсарлуулах цаг ойртжээ. Намрын ээлжит чуулганаа завсарлуулах гээд тун ч завгүй байна. Намар, өвөлжин хэлэлцсэн, хийхээр төлөвлөсөн ажлуудаа одоо л машиндах цаг болжээ. Тэгэхгүй бол дараагийн ээлжит чуулганд үлдээх боломжгүй багагүй асуудал бий. Иймд хууль тогтоох, батламжлах ажилдаа ханцуй шамлан орсон хэрэг. Хууль тогтоох дээд байгууллагын ээлжит чуулганаар Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн, баталлаа. Энэ нь, У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлалын үеэрх 500 сая ам.доллар зээл аж. Гэхмэтчилэн зээл болон хууль тогтоох чамгүй ажил парламентын өмнө тавиастай байгаа. Үүнээс гадна эдийн засгаа өөд татах арга хэмжээг ямар шат дараатай, хуулийн хүрээнд хэрхэн шийдэх гарц гаргалгаа ч хүлээгдсээр.
Түүнчлэн гамшгийн хэмжээнд хүрсэн Улаанбаатар хотынхоо угаарыг хэрхэх нь чухал байгаа. Хуульчлаад л байдаг тусыг эс олж байгаа үед ямар арга хэмжээг тэд авахыг иргэд хүлээсээр. Жил бүр зуух утаатай танилцах эрхэм түшээд ирэх жил ч мөн адил танилцаж, мэндэлсээр л явах уу. Эсвэл олон жил хуульчилж, танилцсан учир бодит арга хэмжээг хэрэгжүүлэх үү гэсэн хүлээлт бий. За ямартай ч намрын чуулган тун удахгүй завсарлах нь үүнээс өмнө хүлээгдэж байгаа ажлаа амжуулахаар зав чөлөөгүй хуралдаж, хуульчлах нь гарцаагүй. Харин иргэдийнхээ хүсэн хүлээж байгааг л бүү мартаасай.
Төгөлдөржсөн жагсаал
Хууль тогтоох байгууллага дахь сөрөг хүчний зүгээс сүртэй жагсаал зохион байгуулав. Дэглэлт найруулга, зохиол гээд бүх зүйл төгс төгөлдөр болов. Жагсаж цуглах асуудал улам л төгөлдөржөөд, нэг хэв маягт баригдахаа байж байна уу даа. Чанга яригчаар орилж, уриалан дуудах нь өмнө нь байж л байсан. Тэгвэл өчигдрийнх бол шал өөр. Тавилттай, жүжигчилсэн тоглолттой, ёстой гоё, харууштай, үзүүштэй болсон. “МАН-ын есөн эрүү” хэмээх нэртэй жүжиг талбайн голд тавигдсан юм. Зохиолыг бол мундаг бичсэн байна. За жүжигчидтэй бол ярих юм алга. Тэр ачаа үүрч яваа байдал, эрх баригчид хэрхэн зовоосон, амьдрал ахуй хэцүүдэж байгаа талаархи нүүрний хувиралт гээд яривал байнаа байна.
АН-ынхан яаж ийм жүжгийг дасгал сургуулилтгүйгээр бэлтгэж чадав гэдэг. Индэр дээр гарсан ихэс дээдсүүд нь мөн ч уран цэцнээр толгой холбон жүжгийнхээ тайлбарыг, болсон үйл явдалтай нь ярьж байна билээ. Үнэн сонсголонтой. Мориндоо мордоцгооё монголчуудаа, хүний эрхээр зовохоор өөрийн эрхээр жаргая л гэнэ. Лаг лаг үг, ишлэл, зүйр үгээр булж, чихний хэнгэрэг мялааж дуулдсан. Ийм маягаар жагсаад байвал ядаж уурлаж бухимдсан иргэд бага ч болов инээн хөгжиж, аливаа асуудлаа түр ч болов мартах шинжтэй. Мөн ч бадрангуй сайхан тоглолт үзлээ бид. Цаашид ийм маягаар жагсаад байвал тайз дэлгэцийн одууд цаашаа л болох шинжтэй. Жагсаалын гол баатруудад СТА цол олгочиход бараг л болох байх.
Цаашид ч жагсах асуудал тавагдах нь гарцаагүй. Хаврын синдром ид хөдөлж байгаа үед улс төрчид иргэдийн нэрийн өмнөөс гэх шалтаг тоочин улстөр хийх цаг айсуй. Үнэндээ бол иргэддээ хайртайдаа биш хэн нэгнийхээ нэрийг харлуулах л алхам юм. Үүнийг ч АН сайн хийлээ. Жүжигчилсэн тоглолт ч амжилттай болсон билээ.
Ардын хүү Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой тохиов
Улиран одсон долоо хоногийн сүүлчээр ард түмний хүү, 1921 оны хувьсгалын баатар Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой тохиов. Энэ өдрийг тохиолдуулан МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд, тус намын гишүүд, дэмжигчид болон жанжны үр хүүхэд, төрөл төрөгсөд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойн энэ өдөр жанжны ач, гуч болон гэр бүлийнхний төлөөллийг урьж, хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлсэн билээ.
Мөн нийслэлийн арван хоёр жилийн хоёрдугаар дунд сургуульд У.Хүрэлсүх зочилсон. Тэрбээр тус сургуульд суралцаж байсан бөгөөд жанжны нэрэмжит сургуульд очиж буй нь энэ аж. Түүнийг зочлох үеэр багш сурагчид хүлээн авч, хамтдаа сэлфидсэн нь сошиал ертөнцийн нэгэн чимэг болов. Ийнхүү их жанжны мэндэлсэн өдрийг төр засгийн тэргүүнүүд ёслол хүндэтгэл дүүрэн өнгөрөөлөө.
Саалийн үнээний 51 хувь ба Арбитрийн шүүхийн шийдвэр
Монгол Улсын саалийн үнээ гэж нэрлэгдсээр бараг л Эрдэнэт нэр нь мартагдах шахсан үйлдвэрийн 49 хувийг төр авснаар монголчууд баялгаа өөрсдөө зарцуулах, хөрөнгө санхүүгийн эх үүсвэрээ бий болгох боломж бүрдлээ гэж баярласан цаг саяхан. Гэтэл энэ зуур 51 хувьтай холбоотой асуудал арбитрын шүүхээр шийдэгдэж, монголчууд ялагдал хүлээсэн тухай таагүй мэдээлэл цацагдаж эхлэв.
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь төрд ирэх цагаас л 51 хувьтай холбоотой зүйл яригдсан байдаг. Өөрөөр хэлбэл, Олон улсын арбитрт маргаан үүссэн тухай яриа юм. Тэгвэл хоёр үйлдлээр тус шүүх дээр ялагдсан байна. Энэ тухай шийдвэрийг хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Засгийн газар хүлээж авсан аж. Арбитраас гаргасан шийдвэрт 'Эрдэнэт'-ийг битүүмжлэх, хоногт 75 сая төгрөгтэй тэнцэх хүү төлөх шийдвэр гаргасан тухай мэдээлэл байгаа. Энэ нь ч үнэний ортой гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Ийм хэмжээний хүүг ганцхан өдөрт төлнө гэхээр өндөр мэт санагдах нь гарцаагүй. Гэхдээ нэгэнт гарчихсан шийдвэрийг буцаах аргагүй учир даван туулах зам л үлдэж байгаа юм. Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэр ийм чадвар чансаа бий юу гэсэн асуулт ч үүсч байна.
Хүү төлөх, өрийг даван гарах санхүүгийн хүчин чадал Эрдэнэтэд бий аж. Тус үйлдвэр 2017 онд 580 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд цэвэр ашиг нь 380 тэрбум гэсэн мэдээлэл бий. Метал авалтын хэмжээ өмнөх он жилүүдийнхээ өсч 89,3 хувьд хүрчээ. Үүнээс гадна удирдлагынхан иймэрхүү эрсдэл ирнэ гэдгийг урьдчилан таамаглаж, тооцож байсан байна. Тиймээс эрсдэлийг даван туулах бэлтгэлээ базааж, “Эрсдэлийн сан” байгуулсан нь өнөөдөр ашиг тусаа өгөх юм байна. Эрдэнэт үйлдвэрийн захиргаанаас уг асуудлын талаар мэдэгдэл гаргаж, хохирол багатай даван туулах гарц хайж байгаагаа илэрхийлсэн юм.
Өнгөрөгч долоо хоногт өрнөсөн голлох үйл явдлууд ийм байлаа. Ирэх долоо хоногт шинэ мэдээлэлтэйгээр эргэн уулзацгаая.
Сэтгэгдэл (1)