Дээрх үгийг өнөөдөр “Пёнчан-2018” олимпийн наадмын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөж байгаа ОХУ-ын нэрт уран гулгагч, багийн төрөлд дэлхийн дээд амжилт тогтоосон Евгени Медведева богино үзүүлбэрийнхээ дараа “Газеты. Ru”-гийн сурвалжлагч Дмитрий Окуневт ярилцлага өгөхдөө хэлжээ. Тэр ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэрт дэлхийн дээд амжилт тогтоосноос ердөө 10 минутын дараа түүний амжилтыг эх орон нэгт 15 настай уран гулгагч Алина Загитова эвдэн оноогоор түүний дээр эрэмбэлэгдэж алтан медаль авах нь бараг л тодорхой болсон юм. Ингэснээр Олон улсын олимпийн хорооны туган дор “Пёнчан-2018”-д өрсөлдөж байгаа ОХУ-ын баг тамирчид анхныхаа алтан медалийг зүүх нь тодорхой болоод байгаа билээ. Евгени Медведева цааш нь “Энэ онд А.Загитовагийн гаргасан амжилт бид бүхнийг үнэхээр гайхшруулж байгаа. Би өдөр бүр түүнийг хэрхэн бэлтгэлээ хийж байгааг хараад үнэхээр бахархдаг. Энэ бүх амжилтыг тэрээр өөрийн хөдөлмөр зүтгэлээр олж авсан юм” гэжээ. “Газеты. Ru” цааш нь бичихдээ “Пёнчан-2018”-ын 12 дахь өдөр эх орон нэгтнүүд маань манай тамирчдын гайхамшигтай ялалтыг үзэж, гэрч нь болох нь баталгаажиж байна” гэжээ. Хэдийгээр Евгени Медведева богино үзүүлбэрт 81.61 гэсэн өндөр оноо авсан ч түүнээс 10 минутын дараа мөсөн талбайд гарсан Алина Загитова түүнээс 1.5 баллаар илүү буюу 82.92 оноо авснаар нэгдүгээрт жагссан бол гуравдугаарт Канадын уран гулгагч Кейтлин Осмонд 78.87 оноогоор эрэмбэлэгдсэн юм. Уран гулгагчид маргааш үндсэн үзүүлбэрээ толилуулснаар медалийн эзэд тодрох болно. Гэхдээ Канад, Японы уран гулгагчид хүнээс хэтийдсэн гайхамшиг л бүтээдэггүй юм бол энэ төрөлд ОХУ-ын хоёр уран гулгагч алт, мөнгөн медаль хүртэх нь нэгэнт тодорхой болоод байгаа юм. Хоёулаа дэлхийн дээд амжилт тогтоон, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ноёрхож байгаа Евгени Медведева, Татар охин Алина Загитова нар "Пёнчан-2018"-д ОХУ-ын нэр төрийг ийнхүү өндөрт өргөлөө.
Д.Түвшин
Сэтгэгдэл (4)