Монголын улстөрчид гэгдэн ард олноосоо тасарч, хөрөнгөжсөн давхаргынхан хэсэг бүлгээрээ нийлэн намчирхаж, дөрвөн жилийн давтамжтай хоосон амлаж, хий цэцэрхэн дүвчигнэцгээсээр 27 жилийг салхинд хийсгэчихээд сууцгааж байна. Улстөрийн нам хэмээх гуравхан үсэгний ард өөрсдөө ч учрыг нь сайн ойлголгүй нуугдаж, урваж шарван бөөгнөрцгөөхдөө “Эндээс л дүүжлэгдээд байвал эрх мэдлийн үзүүрээс атгалцаж, амьдрал ахуйгаа зохицуулах хөрөнгө мөнгө хулгайлах, шамшигдуулах боломж олдох нь гарцаагүй” хэмээн үхэлдэн зууралдацгаасаар өнөөдөр Монгол Улсыг 24 тэрбум ам. долларын өрөнд оруулцгааж, ганцхан жилийн өмнө л хоёр гараа өргөн Грекийн араас гэлдрэх гарцаагүй байдалд оруулцгааж байсан билээ. Буруутныг холоос хайх ямар ч шаардлага байхгүй. Өнгөрсөн 27 жилийн түүхийг аваад үзэхэд МАН дангаараа найман жил, АН дангаараа таван жил, хамтраад 12 жил Монголын засаг төрийн толгойд сууцгааж. Саяхан л хожим нь алдаа, завхралаа булзааруулахын тулд эрх баригч АН-ынхан “Шударга ёс” эвсэлтэй хамтраад засаглаж байсан ухаантай. Ухаангүй ноёдод урагшгүй албат заяадгийг баталж намын харьяалал, наймаалцлын хаялгаар тухайн салбарынхаа талаар анхны мэдэгдэхүүнгүй шахуу сайд, дарга нар салбар салбарын бодлогыг унагаж, ирээдүйн дампуурлын үндэс суурийг тавьсан бэлээхэн жишээг яг одоо олон яамдын унхиагүй, ухаангүй бодлого, үйлдлээс харж болно. Товчхондоо хэрээс хэтэрсэн намчирхал, сайд дарга болгохоор зүтгүүлж, байгаа хүнийхээ мэдлэг чадвар, наад захын ёс суртахуунаас ахадсан наймаалцлын томилгоо бодлого боловсруулж, хэтийн зорилго чиглэлтэй ажиллах учиртай гол гол яамдын ажлыг үндсэнд нь дампууруулаад дуусч байна. Монголын парламент олонхиороо батласан шийдвэр болгоноо хамгийн оновчтой, зөв мэргэн шийдвэр хэмээн буруугаа булзааруулж, алдаа завхрал болгоноо зөөлрүүлсээр ирсэн нь өнөөдрийн эдийн засгийн хямралын үндэс суурь болж, Монголын толгойтой бүхэн өр зээлд нэрвэгдэхийн эхлэлийг тавьсныг улстөрч нэртэй этгээдүүд хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болов. Өнөөдрийн парламентад хэт олонхи буюу 65 суудалтай МАН ирэх хаврын чуулганаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумихаар улайрч эхлээд байгаа. Гэтэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас илүүтэйгээр хүчингийн хэрэгт холбогдсон Д.Гантулга болон бусдыг садар самуунд уруу татсан нь илэрхий болсон Д.Мурат болон ажлаа байнга тасалдаг Б.Наранхүү зэрэг гишүүдтэйгээ ёс зүйн хариуцлага тооцох, зарим нэгийг нь эгүүлэн татах асуудлыг ч Үндсэн хуулийн цэцтэй хамтран яаралтай шийдэх учиртайг ард иргэд байнга сануулсаар байгаа юм.
Түүнээс гадна Монгол Улсыг гадаадад буюу Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсад төлөөлөн суугаа Элчин сайд С.Баяр болон БНСУ-д суух Элчин сайдаар томилогдох асуудал нь өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа Б.Хурцын асуудлыг ч яаралтай нэг тийш нь болгож тэдгээр нөхдийг Эрдэнэтийн 51 хувийг “Стандарт” банкинд тавьж, Монгол Улсын Засгийн газрыг 102 сая ам долларын өрөнд унагачихаад байгаа “Жаст”-ын Ш.Батхүүгийн асуудал болон, Монгол Улсад ямар ч ашиггүй, 2037 он хүртэл ногдол ашиг авч чадахааргүй хийгдсэн Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор нарийвчлан шалгахыг Монголын нийгэм шахан шаардаж байгаа билээ. Гэтэл С.Баяр гэгч нь Монгол Улсад маш их хохиролтой Оюутолгойн гэрээний асуудлаар удаа дараа асуудал хөндсөн УИХ-ын гишүүн Ж.Батзанданд хандаж “Эр хүн шиг хүрээд ирээрэй ахын дүү” хэмээн шантажилж дарамталсан захидал бичээд сууж байгаа бол нөгөөх Б.Хурц гэгч нь бас л нэр төрд нь халдаж, багагүй шантажилсан Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Л.Болд нарын шүүхэд гаргасан өргөдөл, гомдолоос зугатаж хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болчихоод олдохгүй байгаа.
Ер нь Шалаар нэг хөглөрч, шантаж цэцэглүүлсэн Монголын улстөр, улстөрчид гэдэг ард түмнээсээ тасарч, авлига хээл хахууль бялхуулсан хамгийн бохир орчин болчихсон ч өдрөөс өдөрт улам л тохиролцоо, наймаалцлын шинжтэй болж, ард түмнийхээ амьдралаар тоглох нь арай л дэндсээр байнам. Засгийн газрын сайд нар нь бараг бүгдээрээ 300 гаруй сая төгрөгийн тансаг машин хөлөглөж, яамныхаа ажлаар биш тансаг машин, олон давхар хаус сууцаараа зиндаархан өрсөлддөг болсон нь нууц бишээ. Уг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Манай нийгэмд хууль цаазыг үл тоомсорлох сэтгэлгээ газар авч, хууль дээдлэх ёс, зарчим бүхэлдээ алдагдлаа. Нам дамжсан бүлэглэлүүд, олигархиуд төрийн чухал шийдвэрүүдийг гаргахад нөлөөлдөг боллоо. Бүр сүүлдээ шударга ёсыг тогтоох тангарагтай хууль хүчний байгууллагууд ч ийм бүлэглэлийн гар хөл болон үйлчлэх боллоо. Надаас болон миний тэргүүлсэн Засгийн газраас хууль бус зүйл битгий хүсээрэй, хууль бус зүйл хийлгэх гэж битгий шахаж шаардаарай. Би зөвхөн хуулинд захирагдах болно. Би зөвд зөөлөн, бурууд хатуу байна” хэмээж Монголчуудын итгэлийг сэргээж байсан цаг саяхан. Гэтэл өнөөдөр төрийн мөнгийг хулгайлах, шамшигдуулах арга улам нарийсч, наймаалцал, хөшигний арын тохиролцоо жинхэнэ утгаараа язганалдаж байна. Яамдын үүдэнд тендерийн наймаачид, хувь хишгээ хуваагчид эрээ цээргүй бужигналдах боллоо. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Эрчим хүчний яам, Зам тээврийн хөгжлийн яамдын үүдээр эргэлдэж янз бүрийн тендер дамлагчид, худалдан авагчдын бүхэл бүтэн арми язганалдаж байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх яагаад олж харахгүй, тэдгээрийг зохион байгуулж, далдаас удирдаж байгаа эздүүдтэй нь нөгөө хатуухан хариуцлагаа тооцохгүй байгаа нь хачирхалтай. Аль эсвэл МАН-ын олонхийн дарангуйлалд эрч суларч, хүч чадал нь алга болчихов уу.
ХVIII зуунд Францын их улстөр судлаач, сэтгэгч Алексис дэ Токвилль “Олонхийн дарангуйлал нь хамгийн хэцүү дарангуйлал мөн. Ийм дарангуйлалтай учирсан улс орон уруудана уу гэхээс өөдөлдөггүй” хэмээн өнөөдрийн Монголын УИХ-ын үйл ажиллагааг барим тавим нотлоод хэлчихсэн байдаг. Өнөөгийн дэлхий нийтийн чиг хандлага, улс орнуудын хөгжлийн ялгаа, хэтийн зорилго, бодлого төлөвлөлтийг нь харахад парламентразмын хямрал, хүчтэй, ухаалаг Ерөнхийлөгчийн засаглал хоёрын ялгаа зааг тухайлсан улс орнууд дээр тодорхой илэрч харагдах болоод байгаа.
Манайх шиг хэсэг бүлгээрээ намчирхаж, дөрвөн жилийн давтамжтай улстөр хийж, эрх мэдлийн хуваарилалтаа ханцуй дотроо наймаалцсаар эдийн засаг, санхүүгээ сүйрэл рүү санаатай түлхдэг улс орны тоо маш хязгаарлагдмал болж байна.
Сүүлийн гурав, дөрөвхөн жилийн дотор улсынхаа гадаад өрийг 5.5 тэрбум ам. доллараар нэмэгдүүлж, Засгийн газрынх нь өр ДНБ-ний 90 хувьтай тэнцэж, нэг хүнд ногдох нь 14 сая төгрөгт хүрсэн улс орон дэлхий дээр гарын 10 хуруунаас л арай олон байгаа. Ийм өр зээлтэй орнуудад сүүлийн 5-15 жилийн турш байлдаж, дайтаж байгаа Ливи, Ирак, Судан, Египет, Сири, Украйн, Уганда, Нигери зэрэг орнууд л багтах нь тодорхой. Харин нэгэнт манай улстөрчид шиг ухаангүй бодлого явуулж, авлига хээл хахууль, албан тушаалын наймаалцлаар улсаа дампууруулж “дефолт” болгосон Грек, Аргентин зэрэг орны өр зээл манайхаас илүү байх нь гарцаагүй.
Монголын хууль тогтоох дээд байгууллага УИХ яах аргагүй хямралд орж, урагшаа явах ямар ч чадамжгүй болж дороо дэвхэцсээр арван хэдэн жил болж байна. Хууль тогтоогч нэртэй, дотор нь өдөр хоног аргацаааж суугаа УИХ-ын гишүүд ч өөрсдөө “Бид ямар ч чадамжгүй болж, улс орныг авч явах мэдлэг чадвар, зүрх зориг хүрэхгүй нь” гэдгээ мэдэрцгээж, эхнээсээ энэ УИХ-ыг тараая гэцгээж байгаа. Гэтэл эрх баригч МАН-ынхан өдөр хоногийг аргацаан өнгөрүүлж байгаа энэ парламентыг тараах эр зориг, хүсэл сонирхол байхгүй гэдгийг УИХ-ын дарга М.Энхболдоос эхлээд ил тодоор зарласаар байгаа. Монголд намчирхал, олигархизмын дарангуйлал ихэдсэн үү гэхээс багадаагүй. Гэтэл АН, МАН, МАХН-ын намчирхал, эрх мэдлийн наймаалцал, улсаа сүйрүүлсэн авлига, хээл хахуулийг яая гэж байхад ганц нэгээрээ, хэсэг бүлгээрээ нам байгуулах шизотой, эрх мэдлийн үзүүрээс атгалцаж хулгайлж, цуслах хэнээтэй этгээдүүд бас л дахин хорт могой адил толгойгоо цогнойлгон өргөцгөөж эхлээд байгаа. Ер нь ингэхэд гуравхан сая хүнд 30 нам ямар хэрэгтэй, ямархуу буян үйлдэх чадвартай хэрэг вэ. Тэгтэл намчирхал дагасан туйлшрал, солиорол Монголд намжих нь байтугай улам өсөн нэмэгдсээр байгаа нь бараг л үндэсний эмгэнэл, нийгмийн бүх л салбарыг хамарсан завхрал болж байна. “Нам бараадвал, ам тосдоно” хэмээсэн “Нялх Сэнгүм”-үүдийн бүхэл бүтэн арми өсөн торниж байгааг МОХ, НАМЗХ-ны удирдлагуудын бүтэлгүй үйлдлүүдээс харж болно. Өнөөдөр оюутнуудын автобус унааны мөнгөнөөс хулгайлан завшиж байгаа шар завьжтай аавын цээжүүд маргааш аль нэг нам бараадан ирээдүйд хурган дарга болох замаа засацгаана. Хамгийн эмгэнэлтэй нь хожмын өдрийн ашиг хонжоо, авах идэхээ тооцоолж нам бараадагсад Монголын хөгжлийн чөдөр тушаа болж, намчирхал, олонхийн дарангуйллын нэгэн эд эс болцгоож байгаа нь туйлын хорлонтой, хийгээд хожмын муу муухай үр дагавартай юм. Тэгээд ч олонхийн дарангуйлал, намчирхалд 100 хувь хоёр гараа өргөн бууж өгсөн Монголын парламент урагшаа алхах ямар ч чадваргүй болж, хямралд бүрэн автаж, улсаа сүйрүүлэх кноп дарахаас өөр чадах, мэдэх зүйлгүй болсон нь өнөөдрийн гашуун үнэн юм. Шалаар нэг хөглөрч, шантаж, авлига цэцэглүүлсэн Монголын улстөр өнөөдөр нэг иймэрхүү л дүр зурагтай дороо дэвхцэж, Монгол Улсыг тамирдуулж, өрөнд оруулан сүйтгэж байна.
Д.Түвшин
Сэтгэгдэл (9)