Монголын допингийн эсрэг үндэсний төв Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газартай хамтран ''Допингийн эсрэг үндэсний хяналт'' төслийг 2017 оноос хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд МҮБХ-той хамтарч ажилласан бөгөөд бөхчүүдийн шинжилгээ хийлгэх зардлыг дээрх төслөөс болон МҮБХ-ноос санаачилсан ''Допингийн эсрэг эв нэгдлийн сан''-гаас гарган 2017 онд нийт 30 бөхийг допингийн шинжилгээнд хамруулсны тавд нь допингийн эсрэг зөрчил илэрчээ.
Энэ талаар Монголын допингийн эсрэг үндэсний төв “Энэ үнэн. Гэхдээ бөхчүүдийн нэрсийг зарлах журмын хугацаа болоогүй” хэмээн мэдэгдсэн талаар эх сурвалж хэлж байна.
Допингийн шинжилгээний дээжийг баяр наадмаар авдаг шинжилгээний адил БНСУ-ын Шинжлэх ухааны техникийн институтын Допингийн хяналтын лабораторид шинжлүүлсэн ба дээжийг хоёр шилэнд савлаж, эхлээд А сорьцыг шинжлүүлсэн байна. Ингээд лабораториос ирсэн хариуг МҮБХ-нд танилцуулсан ба МҮБХ шинжилгээний дээжээс допингийн төрлийн бодис илэрсэн дугаар /Шинжилгээний хариуг хүний нэрээр явуулдаггүй, тусгай тоогоор кодолж илгээдэг/ бүхий бөхөд мэдэгдэж эхэлжээ. Хэрэв тухайн бөх А сорьцын хариуг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд B сорьцыг өөрсдийн хүсэлт, өөрийн зардлаар дахин шинжлүүлнэ. Тиймээс энэ процесс хэрхэн өрнөхөөс шалтгаалж, допингийн эсрэг зөрчил илэрсэн бөхчүүдийн шинжилгээний хариуг олон нийтэд зарлах учиртай юм байна.
Энэ шинжилгээг наадмаас бусад үед авч байгаа шинжилгээ учраас допинг хэрэглэсэн бөхийн цолыг хураах боломжгүй. Яагаад гэвэл үндэсний бөхийн цолыг улсын баяр наадмаар барилдаж,Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог учир заал, танхимын барилдааны үеэр гаргасан алдаанд цол хураах асуудал багтахгүй юм байна.
Харин Допингийн эсрэг журам, холбогдох тогтоолын 4-р зүйлд тусгаснаар бол тухайн бөх нь сэргээш хэрэглэсэн, допингийн эсрэг дүрмийг зөрчсөн нь тогтоогдох аваас уг бөхийн барилдах эрхийг хоёр жилээр хасах бөгөөд шинжилгээний зардлыг бүрэн төлүүлнэ гэж зохицуулжээ. Түүнчлэн сэргээш хэрэглэж шийтгэл хүлээсэн бөх Допингийн эсрэг дүрэм, заалтыг дахин зөрчвөл уг бөхийн барилдах эрхийг 5-8 жилээр хасч, гарсан бүх зардлыг төлүүлнэ гэж уг журам, тогтоолын 4.2 дахь хэсэгт тусгасан байдаг аж.
Г.Уянга