Өчигдөр АН-аас хөөгдсөн Сангийн сайд асан С.Баярцогт дөнгөж сая “Монгол ньюс” компанийн байранд хэвлэлийн хурал хийлээ. Тэрээр энэ үеэрээ “Би АНУ-д сургуульд сурч байсан ч Швейцарийн цагдаагийн байгууллага Оюутолгойн гэрээг байгуулах үеэр Рио Тинто компани 10 сая ам доллар миний дансанд шилжүүлсэн хэмээн мэдэгдсэн асуудлыг худлаа гэдгийг тунхаглахаар эх орондоо ирсэн” хэмээн мэдэгдэв. Мөн цааш нь “Би найман сая еврогийн зээлийг Монголын нэг бизнесменээс авсан. Царцаагдсан гээд байгаа дансны асуудал бол тэр Монгол бизнесмэний данс юм. Оюутолгойн гэрээнээс жилийн өмнө болсон асуудлыг холбож байна. Рейтерсийн мэдээ бол субьектив талдаа мэдээлэл байсан. Мэдээлэл гарсны дараа Рио Тинтогийн хувьцаа унасан. Хэнд ашигтай байгаа нь тодорхой байгаа болов уу.
Ардчилсан Намын хувьд надаас ямар нэг тайлбар аваагүй. Шүүхээр шийдвэр гараагүй байхад хүнийг гэм буруутай гэж үздэггүй. Гэтэл англи хэл дээр, Монгол хэл дээр гарсан материалууд дээр бүгдэд нь таамаглаж байна гэсэн мэдээлэл байсан. Гэтэл үүнийг тодруулаагүй. Энэ асуудалд эмгэнэж байгаа.
Ардчилсан нийгэмд алдаж оноод, хөгжиж дэвшээд явж байна. Гэхдээ бид үндсэн суурь зарчмаа хамгаалах ёстой” хэмээн мэдэгдэв.
Сангийн сайд асан С.Баярцогтын Швейцарийн банкинд дахь данстай холбоотой мэдээлэл сүүлийн үед олны анхаарлыг татаж байгаа. Үүнтэй холбогдуулан тэрээр мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэрээр "Олон улсын нэр хүндтэй агентлагаар мэдээлэл гарсныг та бүхэн мэдсэн байх. Үүнтэй холбогдуулан АН шийдвэр гаргаж намайг намаас хаслаа гэсэн. Хамгийн гол нь Оюутолгойтой холбоотой асуудал яригдаж байгаа учраас тайлбар хийх нь зүйтэй юм. Мэдээж олон нийтийн дунд маш их эргэлзээ төрж байгаа. Оюутолгойн төсөл бол 70-100 жилийн настай үнэхээр том төсөл. Том төсөл учраас авлигал авсан байх магадлалтай гэж хардаж байгаа болов уу. Харин энэ удаад асуудлыг нэг талд нь гаргах сайхан боломж гарлаа гэж бодож байна. Оюутолгойн гэрээг байгуулсан хүний хувьд иргэдэд хардагдаж, сэрдэгдэх байдал цаашдаа ч гарах байх. 2009 онд энэ төсөл дээр ажилласан хүмүүс Монгол Улсынхаа төлөө чөмгөө дундартал зүтгэж байж энэ гэрээг хийсэн учраас аргагүй л сайн гэрээ болсон. Гэхдээ дэлхий дээр төгс төгөлдөр гэрээ гэж байхгүй гэдгийг хэлье.
Яагаад гэвэл анх байгуулсан гэрээг сайжруулсаар ирсэн. Энэ гэрээг анх хийсэн хүмүүс нь үнэхээр шударга ажилласан учраас одоо үүсээд байгаа асуудлыг нэг талд нь гаргана. Үнэнч шударгаар ажилласан болохыг нь батална. Тиймээс би баяртай байгаа. Би Монгол Улсын хариуцлагатай томоохон албан тушаалыг хашиж байсан хүн. Би гэр бүлээ, бизнесээ аваад явчих чадвартай хүн. Гэвч улс төрийн өрсөлдөгчөө замаасаа зайлуулах зорилгоор асуудлыг хүндрүүлж байна. Би Монголын төрд 20 гаруй жил ажилласан. Энэ хугацаанд ийм асуудал яригдаж байгаагүй. Залуу гишүүн байсан учраас эмэгтэй хүмүүстэй л холбож бичдэг байсан. Би олон зүйлийг өөрийнхөө улстөрийн карьераар дэнчин тавиад хийж байсан. Оюутолгойн гэрээ олон жил яригдаж байгуулагдахгүй удаж байсан. Мөн ордны өмнөх бунхны асуудлыг шийдвэрлэхэд миний хажууд ямар ч улстөрч байгаагүй. Улстөрчид эрсдэлтэй зүйл хийж байж энэ улс орон хөгжинө. Түүнээс биш популист амлалт хэрэггүй. Намайг 2006 онд таягтай явж байсныг санаж байгаа байх. Тухайн үедээ би бизнес хийх нь зүйтэй юм байна гэж бодсон. Тиймээс Монголын томоохон бизнесменээс 8.2 сая евро зээлж дансандаа хийсэн. Удалгүй зээл өгсөн хүн маань зээлээ буцаагаад авсан. Одоо надад ямар нэгэн данс байхгүй. Царцаасан данс гээд байгаа нь 10 жилийн өмнө надад тусалж данснаасаа мөнгө гаргаж өгч байсан монгол хүний данс. Гэвч үүнийг Оюутолгойтой холбож мэдээллээ. Энэ хэний ашиг сонирхол вэ. Дээрх мэдээлэл гарсын дараа хувьцааны ханш нь унасан. Шүүхээр асуудлыг шийдэж дуустал хүнийг гэм буруутай гэж үздэггүй. Энэ бол ардчиллын зарчим.
Гэтэл манай намын удирдлагууд дуулиан шуугианыг далимдуулаад хөөлөө. Энэ байдал аажмаар явсаар дарангуйлал болдог юм. Үнэхээр миний буруу байх юм бол би хариуцлага хүлээнэ. Оюутолгойн гэрээ үнэхээр шударга хийгдсэн гэдгийг харуулна. Гэхдээ бий харуулах юм биш. Швейцарийн хууль, шүүхийн байгууллага, Монголын АТГ тогтооно биз. Би одоо АТГ-т шалгуулж байгаа. Хууль хүчний байгууллага, хардах эрхийнхээ дагуу хардаж байгаа. Энэ утгаар олон нийтийг хүндэтгэж байна" гэсэн юм.
Үүнийхээ дараа тэрээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-Та сая миний данс биш өөр данс гэлээ. Тэр царцаасан данс таных биш юм бол яагаад царцаасан хэрэг вэ?
-Монголын бизнесмений данс. Тухайн үед тэр данснаас 8.2 сая евро миний дансанд ороод буцаад тэр данс руугаа орсон. Миний дансанд сая гаруй ам.доллар үлдсэн байсан нь сүүлд олон нийтэд мэдээлэгдэж байсныг та бүхэн санаж байгаа байх.
-Тэр бизнесментэй та ямар холбоотой юм бэ. Тэр хүн ийм их мөнгийг хаанаас олсон байх вэ?
-Би тэр бизнесментэй ямарч холбоогүй. Гэхдээ энэ асуудлыг одоо АТГ шалгаж байгаа. Тиймээс шалгаж байгаа асуудлыг одоо ярьж болохгүй байна. Би цаашдаа нээлттэй байж бүх мэдээллээ өгнө. Гэхдээ хууль шүүхийн байгууллагууд шалгалтаа дуусгах шаардлагатай байгаа юм. Ямартай ч хууль шүүх миний талаар үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна.
Д.Түвшин
Сэтгэгдэл (13)