УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийв. Тэрбээр: Эдийн засагт нааштай өөрчлөлтүүд гарч, үзүүлэлт сайжирч байгаа ч чанар, эдийн засгийн өгөөж иргэн бүр, айл өрхөд хүрэх ёстой. Энэ өгөөж нь бодитойгоор иргэн, айл бүрт хүргэхийн тулд юун дээр анхаарах ёстой вэ гэдэгт гишүүд анхаарал хандуулж ярилцсан. Түүнээс гадна мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа, ялангуяа нийслэлийн хүрээнд дахин төлөвлөлт, газар чөлөөлөлттэй холбоотой ажлууд удаашралтай байгаад гишүүд шүүмжлэлтэй хандаж байсан. Энэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн нэг том ажил бол сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулахаар 2018 онд тодорхой төсөв суулгасан. Гэтэл нийслэлийн хэмжээнд газар чөлөөлөх асуудал тулгамдаж байгаа учраас энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн. Дахин төлөвлөлт, агаарын бохирдол, газар чөлөөлөлт зэрэг асуудлын талаар мэдээлэл авахаар Хотын удирдлагуудыг үдээс хойшх бүлгийн хуралдаанд суулгахаар болсон.
Агаарын бохирдлыг бууруулах асуудлыг дулааны улиралд орхигдуулдаг. Тиймээс Засгийн газар утааныхаа асуудлаар авах арга хэмжээгээ үргэлжлүүлэх, тодорхой асуудлаа шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Бүлгийн гишүүдийн зүгээс орон нутагт ажиллаж байх хугацаанд иргэдээс гишүүдийн болон төрийн албаны ёс зүйн хариуцлагын асуудлыг хөндөж ярьса. Төрийн дээд, доод албан тушаалтнууд авлига авдаг үзэгдэл их байна гэж иргэд ярьж байна. Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш төрийн албан хаагчдыг халах, халаа сэлгээ их байгаа талаар иргэдийн зүгээс маш их санал илэрхийлсэн байна. Тиймээс МАН-ын бүлэг ирэх долоо хоногт төрийн албыг сахилгажуулах, чадваржуулах тал дээр асуудлыг авч хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. УИХ, Засгийн газрын түвшинд сахилга хариуцлага, УИХ-ын гишүүдийн ёс зүйтэй холбоотой асуудлыг бүлэг нухацтай авч хэлэлцэх ёстой гэсэн санал гарсан учраас намын дотоод асуудлын хүрээнд тодорхой бүрэлдэхүүнтэйгээр хуралдуулах нь зүйтэй гэж санал нэгдсэн байна гэлээ.
Энэ долоо хоногт УИХ-аар Хүүхдийн мөнгөний олголтын асуудлыг хэлэлцэнэ. Засгийн газраас хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох төсөл өргөн барьсан бол Ерөнхийлөгчийн зүгээс “Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө” хуулийн төслийг өргөн бариад байгаа билээ. УИХ дахь МАН-ын бүлэг үдээс хойш үргэлжлүүлэн хуралдаж, дээрх асуудлыг хэлэлцэх юм байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-УИХ-аас “Эрдэнэт” үйлдвэр, “Оюутолгой”-той холбоотой ажлын хэсгүүд байгуулагдсан. Ажлын хэсгүүд ямар хугацаанд дүнгээ танилцуулах бол?
-Ажлын хэсэг өнгөрсөн баасан гаригт байгуулагдсан. Ажлын хэсгүүд энэ долоо хоногоос ажилдаа орж, тодорхой шийдвэрүүд гарах байх. Ажлын хэсгүүд дүнгээ шаардлагатай гэж үзвэл байнгын хороо, УИХ-ын чуулганд танилцуулах байх.
-“Оюутолгой”-н гэрээний асуудлаар хоёр ч Ерөнхий сайдыг баривчилсан. Бүлэг дээр энэ асуудлыг ярилцсан уу?
-“Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээг дэмжсэнээр Монголын эдийн засаг 2-3 дахин өссөн. Энэ бол бодит үнэн. Мэдээж хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой засч, залруулах зүйл байгаа байх. Ер нь “Оюутолгой”-н гэрээ зурагдсанаар монголчууд ядуу болсон уу гэдгийг бас асуумаар байгаа юм. “Оюутолгой”- н гэрээ зурагдсанаар эдийн засаг хүндэрч байна уу эсвэл өөр шалтгаан байна уу гэдгийг бодох хэрэгтэй. Улс төр, эдийн засгийн буруу бодлогоос болж Монголын эдийн засаг болохгүй байгаа болохоос ямар нэг төсөл, том гэрээнээс болж монголчууд ажилгүй болсон юм биш.
Бид өнгөрсөн алдаанаасаа сургамж авч, алдаагаа цаашид давтахгүй, дараагийн төслүүд дээрээ анхаарах ёстой гэдгээ ярих ёстой юм болов уу гэж би хувьдаа бодож байна. Яагаад гэвэл “Оюутолгой”-н гэрээ дэлхийн хэмжээний том компанитай анх удаа түүхэн гэрээ хийж чадсан. Энэ гэрээнд алдаа оноо гарсан зүйл бий. Энд дадлага, туршлага зэрэг олон зүйл дутсан. Энэ том төслийг хөдөлгөж чадсан нь Монголын нэр хүндийг тодорхой түвшинд хүргэж чадсан. Хуулийн байгууллага хуулийн дагуу зөв шалгаж, тодорхой мэдээлэл өгөх байх гэж бодож байгаа.
Н.Энх
Сэтгэгдэл (39)