Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл-ийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн үзэл баримтлалын талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг төсөл санаачлагч гишүүн Н.Учрал танилцуулсан юм.
Одоо мөрдөгдөж байгаа Төсвийн тухай хуульд норм, нормативыг баримтлан төсвийг төлөвлөх, хэрэгжүүлэх тухай тодорхой заалт тусгагдаагүйгээс төсвийн хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулах, батлагдсан төсвийг хэтрүүлэх зэрэг зөрчил, дутагдал төрийн байгууллагуудад гарч байна. Төрийн аудитын байгууллагын 2015 оны тайлангаас үзэхэд 22.8 тэрбум төгрөгийн зөрчил, төлбөр илрүүлж төсвийн орлого болсны зэрэгцээ 215.9 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах албан шаардлага хүргүүлжээ. Мөн аудитын байгууллагын шалгалтаар 2016 онд 1.3 их наяд төгрөгийн алдаа зөрчил илэрсэн байна.
Иймээс төрийн санхүү, эдийн засгийн чадавхийг сайжруулах, татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөгчдөөс улсын төсөвт төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт үр ашгийг дээшлүүлэх, төсвийн эрх захирагчдын төсвийн хяналтыг сайжруулах, татвар төлөгчдөөс төвлөрсөн хөрөнгийг ямар нэг хууль эрхийн актгүй, батлагдсан норм, нормативгүй зарцуулж байгааг таслан зогсоох, төсвийн эрх захирагчдын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд нэмэлт оруулах хуулийн төслийг санаачилсан тухайгаа төсөл санаачлагч гишүүн танилцуулав.
Төсвийн зарлагын үйл явц нь төсвийн зарлагыг төлөвлөх, батлах, гүйцэтгэлийг санхүүжүүлэх гэсэн үе шатаар хэрэгждэг учраас Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд “Төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний урсгал болон хөрөнгийн зардлыг төлөвлөх, санхүүжүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийн хяналт хийхдээ орцын норм, норматив, батлагдсан стандарт, зураг төсөл, гарцын хүрэх үр дүн, түүний шалгуур үзүүлэлтийн аль тохирохыг үндэслэнэ” гэсэн агуулгатай 24.6 дахь заалтыг нэмж оруулахаар хуулийн төсөлд тусгажээ.
Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа танилцуулав. Байнгын хороо энэ сарын 17-ны өдрийн хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцээд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, Ж.Мөнхбат, Х.Баделхан, Д.Тэрбишдагва, Л.Элдэв-Очир, Ё.Баатарбилэг, Д.Дамба-Очир нар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан хариулт авлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа, Н.Амарзаяа нар хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.
Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонссоны дараа хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулж шийдвэрлэхээр боллоо.
Сэтгэгдэл (1)