НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууныг өчигдөр МАН-аас хөөх шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан дараах тодруулгыг авлаа.
-Таныг өчигдөр намаас хөөх шийдвэр гаргасан. Ямар үндэслэлээр намаас хөөх шийдвэр гаргасан юм бол?
-Манай намын үндсэн үзэл баримтлал бол эв нэгдэл, эрх чөлөөг эрхэмлэх юм. Харин өчигдрийн гаргасан шийдвэр шударга байж чадсангүй. Уг үйл явдлыг гишүүдээ илт ялгаварлан гадуурхлаа гэж харж байгаа. Учир нь удирдах зөвлөлөөс дэвшүүлсэн нэрийн эсрэг нэр дэвшсэн гэж тэр. Гэтэл хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд нэр дэвшсэн шүү дээ. Ингэж нэр дэвших асуудал уг нь анх удаа гарч байгаа юм биш. Надтай өрсөлдөж олонхийн санал авч чадаагүй С.Амарсайхан ч гэсэн намын бодлого сөрөөд ИТХ-д өрсөлдөж, заалнаас нэр дэвшин ИТХ-ын даргаар сонгогдсон шүү дээ. Гэтэл тухайн хүнийг жилийн дараа намын бодлогоор нийслэлийн засаг даргад нэр дэвшүүлж оруулж ирж байна. Гэвч миний адил жирийн гишүүн, дээрээсээ дэмжлэггүй хүн бол намын бодлого сөрсөн гэх үндэслэлээр хөөгддөг юм байна. Ийм байж болохгүй. Нийслэлийн намын дарга Д.Сумъяабазарын хувьд ч гэсэн намын бодлого сөрөөд нийслэлийн намын дарга болж байсан. Ийм ялгаварлан гадуурхаж болохгүй. Энэ талаар намын удирдлагад өргөдөл гаргана гэж бодож байна. Цөөн хүний санал авсан нэр дэвшигч хотын даргад дахин өрсөлдөнө гээд явж байхад миний хувьд мөн өрсөлдөнө.
-МАН-ын гишүүд таныг дэмжсэн тохиолдолд мөн намын бодлогын эсрэг үйлчилж байгаа гэж үзэх юм байна тийм үү?
-Өчигдөр НИТХ-ын төлөөлөгч Б.Сандуйг мөн адил намаас чөлөөлсөн байсан. Хэрэв 60 тэрбумын асуудал ярьж байгаа бол цаг хугацаа нь өнгөрсөн байна. Яагаад өдийг хүртэл энэ асуудлаа шийдээгүй юм бэ. Өнөөдрийн байдлаар намайг дэмжсэн гэж тэр хүнийг намаас цуг хөөж байгаа бол намайг дэмжсэн гэдгийг яаж мэдсэн гэх асуудал байгаа юм. Энэ бол нууц санал хураалт. Тиймээс хэн нь хэнийгээ дэмжсэн бэ гэдгийг мэдээд хардлагаар намаас хөөж болохгүй. Иргэдийн хурлын төлөөлөгч гэдэг бол иргэдээс сонгогдон гардаг төлөөлөл шүү дээ. Тиймээс иргэдийн санал хүсэлт, цаашлаад нийслэлийн аж амьдралын төлөө гаргаж байгаа шийдвэр учраас хариуцлагатай байна байх гэдэгт итгэлтэй байна.
- Ерөнхий сайд таныг батламжлахаас татгалзах үндэслэл нь юу байсан юм бэ. Танд холбогдох бичиг нь ирсэн юм уу?
-Ерөнхий сайдаас ирүүлсэн бичгийг та бүхэн харсан байх. Нэг өгүүлбэртэй, ямар нэгэн хавсралт байгаагүй. Хотын даргад нэр дэвшигчийг томилоход хуульд заасан дөрвөн шалгуур байдаг. Тухайлбал, ямар нэгэн ял шийтгэлгүй, төрийн албанд гурваас дээш жил ажилласан, татварын өргүй гэх мэт шалгуур байдаг. Эдгээр шаардлагыг миний бие бүрэн хангаж байгаа учраас ямар нэгэн шаардлагыг хангахгүй байгаа тул татгалзлаа гэсэн бичиг ирүүлэх боломжгүй л дээ.
-Гишүүнчлэлээ эргэн сэргээх боломжтой юу?
-Гаргасан зөрчлөө арилгасан тохиолдолд өргөдлөө өгөн гишүүн болох боломжтой гэсэн заалт намын дүрмэнд бий.
-Та намын гишүүнчлэлгүй болчихлоо. Намын гишүүнчлэлгүй хүн хотын даргад нэр дэвшиж болдог юм уу?
-Хотын даргад эрх барьж байгаа буюу олонхийн суудал авсан намаас эхэлж нэр дэвшүүлнэ. Дараа нь төлөөлөгчид өөрийн нэр болон бусдын нэрийг дэвшүүлж болно гэсэн заалт бий. Тиймээс Иргэдийн төлөөлөгчийнхөө хүрээнд нэрээ дэвшүүлнэ.
-Танд МАН-ын Хяналтын хорооноос гаргасан шийдвэр ирсэн үү. Тухайлбал, Хяналтын хорооны шийдвэрийг удирдах зөвлөлөөр үндэслэлтэй эсэхийг хэлэлцээд эцсийн шийдвэр гаргадаг гэсэн?
-Хяналтын хорооны шийдвэрийг хуулбараар нь өнөөдөр авсан. Энэ үйл явдал бол зөвхөн С.Мөнхчулуун гэдэг хувь хүнтэй холбоотой асуудал биш. МАН-ын 2020 он хүртэл дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадах эсэх, эргээд иргэд сонгогчдынхоо итгэлийг дааж чадах эсэх асуудал гарч байгаа юм. Зарим Иргэдийн хурлын төлөөлөгч, намын залуу гишүүд бид намаасаа татгалзъя. Бид намаасаа гарахад бэлэн байна. Шударга ёс, ардчиллыг үндсэн зорилго болгодог намын гишүүд ийм байж болохгүй гэдгийг хэлж байгаа.
Б.Лхам
Сэтгэгдэл (56)