Якутын анхны олимпийн аварга, ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Роман Дмитриев агсны нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн долоо дахь удаагийн залуучуудын олон улсын тэмцээний хоёр дахь өдөр 57, 65, 74, 86, 97 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан боллоо. 74 кг-ын жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Journeymen Cliff Keen” тэмцээний аварга, Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн тамирчин ОУХМ Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ мөнгө, 86 кг-ын жинд өсвөр үе, залуучуудын улсын аварга, Баянхонгор аймгийн “Хонгор нутаг” дэвжээний тамирчин Энхтүвшингийн Батмагнай хүрэл медаль хүртэв.
Б.Бат-Эрдэнэ Якутын дэвжээнд шөвгийн наймд АНУ-ын Эмиль Шэнноныг 9:6-гаар, хагас шигшээд Казахстаны Адирхан Амирханылыг оноогоор цэвэр (10:0), алтан медалийн төлөөх барилдаанд Кемеровогийн Дмитрий Купринд 3:5-аар ялагдлаа.
Харин Э.Батмагнай хүрэл медалийн төлөөх барилдаанд Беларусийн Алексей Пархоменкаг 9:7-гоор ялснаар өнгөрсөн жилийн амжилтаа бататгав. Өнөөдөр 61, 70, 79, 92, 125 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болоход манай тамирчдаас 70 кг-д Э.Бямбадорж хүрэл медалийн төлөө, Э.Төгсжаргал маргааш дагах барилдаан хийнэ.
Б.Жаргал