Гуравдугаар сарын 11. Энэ өдөр бөхийн төрлөөр Монголын нэрийг дэлхийд цуурайтуулсан хоёр баатар аваргууд маань мэндэлжээ. Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргал өнөөдөр 34 хүрч байгаа бол жүдо бөхийн "Рио-2016" олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт Д.Сумъяа аварга 27 нас хүрч байна.
Хакүхо аварга "Токио-2020" олимпийн наадмыг нээж ёслол үйлдэх хүсэлтэй байдаг бол Д.Сумъяа маань ирэх олимпоос алтан медаль энгэртээ гялалзуулахыг хүсч тэмүүлдэг нь туйлын үнэн. Хоёр баатар аваргадаа төрсөн өдрийн мэнд хүргэе.
Б.Жаргал