Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад хоёрдугаар сарын 25-наас энэ сарын 1-ний өдрүүдэд ажиллалаа.
Төлөөлөгчид ХХААХҮ-ийн сайдын тэргүүлдэг Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 16 дугаар хуралдаанаар тохиролцсон асуудлын мөрөөр Монгол Улсаас БНСВУ-д хөлдөөсөн хонь, ямаа, адуу болон үхрийн мах экспортлох талаар яриа, хэлэлцээ хийсэн байна.
Мөн БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн дэд сайдтай хоёр талт уулзалт хийж, тус улсын Мал, амьтны эрүүл мэндийн газар болон Баталгаажуулалтын газрын техникийн хуралд оролцжээ. Энэ үеэр БНСВУ-ын эрсдэлийн үнэлгээ хийх ажлын хэсэг Монгол Улсад ойрын хугацаанд ирж ажиллахаар болсон байна. Түүнчлэн “СП групп”, “Кофидек” зэрэг Япон, Европ, АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг үндэстэн дамнасан томоохон хүнсний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, Вьетнам Улсаас олон улсын стандартын хангасан эрүүл, аюулгүй тахиа, далайн бүтээгдэхүүнийг Монгол Улсад нийлүүлэхээр тохиролцжээ.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Сэтгэгдэл (3)