Энэ сарын 8-нд Турк Улсын Станбул хотод Монгол Улсын харъяат К.Л нь найз залуугийнхаа гарт буудуулж, амиа алдсан билээ. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Турк Улсад Монгол эмэгтэй амиа алдсан нь үнэн. Өнөөдөр талийгаачийн ээжтэй нь холбогдсон. Талийгаачийн талаарх мэдээллийг ар гэрийнхэн нь олон нийтэд мэдээлэхгүй байхыг хүссэн. Энэ утгаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэх тайлбарыг өглөө.
Дээрх гэмт хэргийн сэжигтэн одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бололтой. Гэмт хэрэг Кулоглу дүүргийн Садри Алищик гудамжны байрны 27 тоотод 02.30 цагийн орчимд болсон байна. Гэрчүүдийн хэлснээр хохирогч байшин руу орох үедээ гэмт этгээдтэй маргалдсан байна. Энэ үеэр буун дуу гарчээ. Яаралтай түргэн тусламж ирэх үед хохирогч нас барж, харин гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа найз залуу нь хэргийн газарт хүнд шархтай байжээ.
Сэжигтэн Идрис Ч нь Таксимийн яаралтай түргэн тусламжийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Цагдаа нар эхлээд хохирогч эмэгтэйн толгойд буудаж, дараа нь өөрийнхөө амийг хорлох гэж оролдсон гэж таамаглаж байгаа аж.
Мөн хэргийн газрыг мөрдөн шалгаж эд мөрийн баримт цуглуулсан бөгөөд үйл явдал хэрхэн болсон талаар тодорхой мэдээлэл олохын тулд ойр орчмын камеруудыг шалгаж эхэлжээ. Талийгаачийн шарилыг шүүх эмнэлэгт хүргэн, тэндээ хадгалж байгаа юм байна.
Сэтгэгдэл (4)