Монголын буудлага спортын холбооны цомын аварга шалгаруулах хоёрдугаар шатны тэмцээн боллоо. Тэмцээний сүүлийн өдөр хийн урт бууны 10 метрийн гурван байдлаас буудах дасгалын эмэгтэйчүүдийн ангилалд Г.Нандинзаяа түрүүлсэн байна.
Харин мөнгө, хүрэл медалийг О.Янжинлхам, Н.Ангирмаа нар хүртжээ. Сонирхуулахад дэд байрт орсон О.Янжинлхам нь үрийн зулай үнэрлэж, их спортоос хэдэн жил завсарласан ч эргэн ирэхдээ энгэртээ мөнгөн медальтай. Удаан хугацааны дараах анхны том тэмцээндээ түрүү булаалдаж буй нь түүнийг хэр чансаатай тамирчин болохыг илтгэнэ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд буудлага спортын Залуучуудын Азийн АШТ-ий мөнгө, Оюутны ДАШТ-ий алт, хүрэл, Азийн АШТ-ий хүрэл медальтай бөгөөд Армийн дэлхийн аварга гээд амжилт нь ид өсч яваа залуу мэргэн бууч юм.
Алдсан хугацаагаа нөхөж, бэлтгэл сургуулилтаа жигдрүүлээд "Токио-2020" олимпийн наадмын галын шугамд дэлхийн мундгуудтай эгнэж, Гүндэгээ эгчийнхээ атгаад алдсан олимпийн алтан медалийг авахын ерөөл өргөе.
Б.Жаргал