Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулсан улс, аймгийн цолтой бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, арслан Э.Оюунболд үзүүрлэв.
Их шөвөгт заан Н.Түвшинбаяр, аймгийн арслан Э.Мөнхбаатар нар шалгарсан юм. Өнөөдрийн барилдаанд түрүүлэх бөхөөр зүй ёсоор нэрлэгдэж байсан О.Хангайг өчигдөр болсон барилдааны түрүү бөх аймгийн хурц арслан Э.Ууганбаяр өвдөг шороодуулж жинхэнэ дуулианы эзэн болов. Мөн он гарсаар одтой байгаа аймгийн арслан Э.Мөнхбаатар олон том цолтонуудыг давж улсын цолонд ойрхон гэдгээ батлан харуулсан юм.
Тэрбээр улсын цолтой бөчүүдийн хоёр барилдаанд дараалан үзүүрлээд байна. Их шөвөгт түрүү бөхөд туршлага дутаж яах аргагүй унав. Энэ барилдаанд улсын арслан Б.Ганбат хамгийн олон буюу зургаан удаа түрүүлсэн бол улсын арслан Б.Ганбаатар хамгийн олон буюу зургаан удаа үзүүрлэжээ.
Б.Жаргал