Азийн аварга шалгаруулах /23 хүртэлх насны/ насанд хүрэгчдийн тэмцээн энэ сарын 21-ээс 24-ний өдрүүдэд нийслэл хотноо зохион байгуулагдлаа.
Тэмцээнд Монгол, Иран, БНХАУ, Казахстан, Кыргызстан, Сингапур, Тажикистан, Туркменистан, Тайвань, Йемень, Энэтхэг гэсэн 11 орны тамирчид нийт 30 жинд өрсөлдөв.
Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 70, 79, 86, 97 кг, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан боллоо. Манай улсаас эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Э.Тэмүүлэн, 53 кг-д Орхон аймгийн тамирчин Б.Халиунаа, Баянхонгор аймгийн тамирчин Ө.Пүрэвсүрэн нар алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлэв. Ийнхүү манай чөлөөт бөхийн тамирчид нутгийнхаа дэвжээн дээр долоон алтан медаль хүртлээ.
Түүнчлэн өчигдөр эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд тамирчин Г.Ганхуяг, 97 кг-д тамирчин Т.Мөнгөншагай, эмэгтэйчүүдийн 76 кг-д тамирчин Н.Загардулам нар хүрэл медалийн эзэн болсон юм.
Б.Лхам