Дэлхийн нийт бараа бүтээгдэхүүний эргэлтийн 90 гаруй хувь нь далайгаар тээвэрлэгддэг бөгөөд үнэ өртөгийн 20 хувийг нь тээврийн зардал дангаар эзэлдэг байна. Харин далайд гарцгүй манай улсын хувьд тээврийн зардал нь ойролцоогоор 30 орчим хувийг эзэлдэг аж.
Уг өртөг нь зөвхөн импортоор авч буй бараа бүтээгдэхүүнд хамаараад зогсохгүй дотоодод үйлдвэрлэгдэж байгаа бараа бүтээгдэхүүнд шаардлагатай түүхий эдийн үнэд мөн ялгаагүй нөлөөлдөг аж. Энэ ч утгаараа манай улсын аливаа бүтээгдэхүүний өртөгт далд хэлбэрээр шингэсэн тээврийн зардал нь далайд гарцтай бусад орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр байдаг юм.
Манай улс хэдийгээр газар зүйн байршлын хувьд далайд гарцгүй ч үе үеийн Засгийн газраас далайн салбарыг хөгжүүлэх боломжийг 1970-аад оноос эхлэн эрэлхийлсээр иржээ. Монгол Улс далайн салбарын олон улсын гэрээ, конвенцид нэгдэж, олон улсын байгууллагуудад гишүүнээр нэгдэн орсон явдал нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах суурь эрх зүйн орчныг бүрдүүлсэн гэж үзэж болно. Тиймээс далайд гарцгүй байдлаас үүдэн гардаг хүндрэл, бэрхшээлийг даван туулах чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргааны Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Амартүвшинтэй ярилцлаа.
-Далайн захиргаанаас далайн тээврийн салбарт сүүлийн жилүүдэд ямар ажил хийж, хэрэгжүүлж байна вэ. Үүнээс яриагаа эхэлье?
-Яриагаа эхлэхийн өмнө Далайн захиргааны талаар уншигчдадаа бага ч болов мэдээлэл өгөх нь зүйтэй болов уу. Учир нь Далайн захиргаа гэхээр ямар байгууллага байдаг юм бэ. Монгол Улс далайгүй шүү дээ гэж хэлэх хүмүүс олон байдаг юм л даа.
-Тэгэлгүй яах вэ. НҮБ-ын төрөлжсөн агeнтлаг болох Олон улсын далайн байгууллага нь 174 гишүүн орнуудтай үйл ажиллагаа явуулдаг. Манай улсын хувьд 1996 онд гишүүнээр элсч, улмаар далайн салбарын нийт 29 гэрээ, конвeнц, протоколд нэгдэн ороод байна. Энэ утгаараа ууган байгууллагын нэг. Холбогдох хууль, эрх зүйн орчин хэр бүрдсэн гэж мэргэжилтнүүд үздэг юм бэ?
-Монгол Улсын Далайн захиргаа нь 2003 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Тээврийн газрын бүтцэд хөлөг онгоцны бүртгэлийн алба нэртэйгээр байгуулагдсан. Дараа нь Зам,тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар Далайн захиргааны бүтэц, орон тоо, дүрмийг шинэчлэн баталж Монгол Улсын далай ашиглах салбарын бодлого, хөтөлбөр, төслийг холбогдох хууль, олон улсын гэрээ, конвенц, дүрэм, журам, стандарт, зөвлөмжид нийцүүлэн хэрэгжүүлэх чиглэлээр бие даан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Одоогийн байдлаар манай байгууллага Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны тушаалаар шинэчлэн батлуулсан бүтцийн дагуу 25 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Холбогдох хууль, эрх зүйн орчин хангалттай бүрдсэн гэж үздэг. ОУДБ-аас Монгол Улсын Далбааны эзэн улсын үүргийн хэрэгжилтэд 2016 онд хийсэн аудитын зөвлөмжийн дагуу Монгол Улсын нэгдэн орсон далайн салбарын олон улсын гэрээ, конвeнцийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 201 дүгээр тогтоолоор батлуулах ажлыг зохион байгуулсан. Уг зөвлөмж болон төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар байгуулсан. Одоогоор хуулийн төслийн үзэл баримтлалыг баталсан. Энэ ондоо багтаан УИХ-аар хэлэлцүүлэн батлуулах зорилтыг тавин ажиллаж байна. Далайн тээврийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, далайн боомт ашиглалтын чиглэлээр 2017 болон 2018 онуудад хэд хэдэн судалгааг хийж гүйцэтгэсэн.
Тухайлбал, Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг ОХУ-ын “Восточный” далайн боомтоор дамжуулан гуравдагч орны зах зээлд тээвэрлэн хүргэх нөхцөл боломжийн талаарх судалгаа, Монгол Улс, ОХУ-ын Алс Дорнодын боомтоор нүүрс дамжуулан тээвэрлэхэд хөрөнгө оруулж хамтран ажиллах нөхцөл боломжийн талаарх судалгаа, Монгол Улсын бараа, бүтээгдэхүүнийг БНХАУ-ын “Жинжоу” далайн боомтоор дамжуулан тээвэрлэх нөхцөл боломж, зардлын тооцооллын судалгаа зэрэг юм.
“Усан замын тээврийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 онд УИХ-аар батлуулсан. Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд холбогдох дүрэм, журмыг шинээр болон шинэчлэн боловсруулах ажлыг 2018 онд хийж гүйцэтгэсэн.
-“Усан замын тээврийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулсан гэлээ. Энэ хүрээнд ямар ямар ажил хэрэгжүүлж байгаа вэ?
-Шинэчилсэн хуулийн дагуу усан замын тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, тооллогыг жил бүр зохион байгуулдаг байхаар тусгасан. Далайн захиргаанаас 2018 онд хийсэн усан замын тээврийн хэрэгслийн техникийн үзлэгт улсын хэмжээнд нийт 129 тээврийн хэрэгсэл хамрагдсан байна. Усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн төлбөрийн жишгийг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын төслийг 2019 онд боловсруулж, батлуулахаар төлөвлөсний дагуу хобогдох ажлуудыг хийж, гүйцэтгэж байна. Энэ ажлын хүрээнд бусад улсын үзлэгийн үнэ, тарифын талаар харьцуулсан судалгааг хийж байгаа. Бага оврын усан замын тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлагын төслийг боловсруулах ажлыг 2019 онд гүйцэтгэхээр төлөвлөсний дагуу бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Зам, тээврийн хөгжлийн яамнаас Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулах, ОХУ-ын “Байгаль нуур”, Хөвсгөл нуурыг холбосон аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх зорилт тавьсантай уялдан тус бүс нутагт аялах жуулчдын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Тухайлбал, ОХУ-ын жуулчид хувийн эзэмшлийн завьтайгаа аялах болсноор Хөвсгөл аймгийн Ханх суманд усан замын тээврийн хэрэгслийн тоо, хөдөлгөөний ачаалал улам нэмэгдэх хандлагатай болсон. Үүнийг дагаад байгаль орчин болоод хүний амь нас хамгаалах шаардлага өндөрсөж байна.
-Монгол Улсад бүртгэлтэй хэчнээн хөлөг онгоц байдаг юм бэ?
-Олон улсын эрх зүйн хэм хэмжээний дагуу далайн тээврийн салбар дахь аливаа улсын эрх, үүргийг эргийн улсын /Coastal state/, боомтын улсын /Port state/, далбааны эзэн улсын /Flag state/ эрх, үүрэг гэж ангилдаг. Далайд гарцгүй Монгол Улс хөлөг онгоц бүртгэх үйл ажиллагаандаа далбааны эзэн улсын эрх, үүргийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Монгол Улс хөлөг онгоцны нээлттэй бүртгэлийн үйл ажиллагааг 2003 онд Бүгд Найрамдах Сингапур Улсад эхлүүлсэн юм. Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд өссөн дүнгээр 30 орчим улсын 3000 гаруй хөлөг онгоц бүртгэгдсэн байдаг. Одоогийн байдлаар 341 хөлөг онгоц идэвхтэй бүртгэлд байна. Манай улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргасан хөлөг онгоцыг Монгол Улсын нэгдэж орсон олон улсын гэрээ, конвенцийн шаардлага, техникийн болон аюулгүй ажиллагааны дүрэм, журам, стандартыг бүрэн хангасан нөхцөлд бүртгэж, холбогдох гэрчилгээг олгодог журамтай. Ингэхдээ энгийн /түр ба байнгын/, богино хугацааны, моргэйж, хөлөг онгоц дангаар түрээслэх гэсэн төрлүүдээр хөлөг онгоц бүртгэдэг юм.
Хэдийгээр манай улс далайд гарцгүй ч, хѳлѳг онгоцны бүртгэл нь зарим далайд гарцтай орнуудтай харьцуулахад бүртгэсэн онгоцны нийт даац болон тоогоор илүү байгаа нь бид ѳнгѳрсѳн хугацаанд тухайн салбартаа тодорхой хэмжээний орон зайг эзэлж чадсаны илрэл юм.
-Таны хэлснээр Монгол Улс далбайд гарцгүй. Тэгсэн хэрнээ улсынхаа далбаатай хөлөг онгоц явуулах нь ямар ач холбогдолтой вэ гэж иргэд гайхдаг?
-Ач холбогдол ихтэй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын далбааг мандуулсан хөлөг онгоц их далайд аялснаар манай улс далайн салбарын үйл ажиллагаанд идэвхитэй оролцохын сацуу ОУДБ-ын гишүүн орны хувьд нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийн хүрээнд олгогдсон эрх, үүргээ биелүүлж байгаагийн илрэл юм. Монгол улс далайд гарцгүй гэдэг нь зөвхөн газар зүйн байршлын хувьд тодорхойлсон нэр томъёо болохоос далайн салбарын үйл ажиллагаанд оролцох боломжгүй гэсэн үг биш. Далайд гарцтай бусад орнуудын нэгэн адил их далайн тээвэр эрхлэх, энэ чиглэлийн бизнeст хөл тавих бүрэн эрхтэй. Энэ утгаараа хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаа явуулж байгаа нь угтаа далай болон түүний салбар шинжлэх ухааныг Монголд нэвтрүүлэх, далайчин бэлтгэж дэлхийн хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэх, Монгол Улс өөрийн гэсэн хөлөг онгоцтой болж далайн тээвэр эрхлэх гээд маш олон төрлийн үүд хаалгыг нээх суурь үндэс нь болж өгч байгаа юм. Нөгөө талаас далайд гарцгүй Монгол Улсын далбааг мандуулан аялж буй хөлөг онгоцууд нь дэлхийн бусад улс орнуудад манай улсыг сурталчлах таниулах чухал ач холбогдолтой юм.
-Тэгэхээр энэ чиглэлийн үйл ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай гэсэн үг үү?
-Тэгэлгүй яах вэ. Үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2018 онд БНСУ болон БНСВУ-д итгэмжлэгдсэн агент томилж, гэрээ байгуулсан. Мөн Lloyd's Register, Korean Register, Russian Maritime Register of Shipping зэрэг хамтран ажилладаг хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагуудаар дамжуулан Монгол Улсад бүртгэлтэй хөлөг онгоцны үзлэг, шалгалтыг өргөн сүлжээгээр зохион байгуулдаг. Хөлөг онгоцны хяналтыг сайжруулах ажлын хүрээнд хөлөг онгоцыг алсын зайнаас хянах системийг бүртгэлийн үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Энэ чиглэлийн туршилтын ажлуудыг хийж дууссан. Олон улсын хиймэл дагуулын байгууллагын системд албан ёсоор холбогдоод байна. Монгол Улсын далбаан дор их далайд аялдаг хөлөг онгоцны аюулгүй үйл ажиллагаанд хяналт тавих, хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагааг сайжруулж, саатуулагдсан хөлөг онгоцны тоог бууруулах зорилгоор Далбааны эзэн улс буюу Монгол Улсаас хянан шалгагчийг томилон ажиллуулж байна.
-Монгол Улсын далбайг ашиглахдаа тодорхой хэмжээний бүртгэлийн төлбөр төлдөг гэсэн. Энэ орлогыг юунд зарцуулдаг юм бэ?
-Тодорхой хэсгийг улсын төсөвт төвлөрүүлдэг. Үлдсэн хэсгийг Олон улсын далайн байгууллагын гишүүнчлэлийн татварыг жил бүр төлөх, салбарын олон улсын гэрээ конвeнцэд кодификаци хийх, салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаанд шинэ тeхник, тeхнологи нэвтрүүлэх, Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэхтэй холбоотой бусад үйл ажиллагааг явуулах нөхцөлийг бүрдүүлэх, далайн салбарын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэн мэргэшүүлэх, Далайн захиргааны үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх, усан замын тээврийн бүртгэл, хяналтын үйл ажиллагааг явуулахад зарцуулдаг. Мөн байгаль орчин, хүний амь насанд ээлтэй усан замын тээврийн салбарыг хөгжүүлэх, эрэн хайх, авран туслах үйл ажиллагааг дэмжих чиглэлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, дотоодын гол мөрөн, нуурын усан замын тээврийн аюулгүй ажиллагааг хангах, усан замын тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг, тооллого явуулах, салбарын хэмжээнд сургалт, сeминар зохион байгуулах зэрэгт зарцуулж байна.
-Одоо шинэчлэгдэж байгаа “Далай ашиглах тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд шинээр ямар зохицуулалт тусгагдсан бэ?
-2016 онд ОУДБ-аас Монгол Улсад хийсэн аудитын дүгнэлтэд Монгол Улсын хувьд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон улсын гэрээ конвeнцид заасан зайлшгүй биeлүүлэх хэм хэмжээг үндэсний хууль тогтоомжид тусгах, бүртгэлтэй хөлөг онгоц буюу далбааны эзэн улсын хяналтын мeханизмыг сайжруулах шаардлагатайг онцолсон. Тиймээс далайн салбарт дагаж мөрдөж байгаа Далайд хүний аюулгүй байдлыг хангах тухай, Дипломтой далайчдыг бэлтгэх болон ээлжийн ажиллагааны тухай, далайг хөлөг онгоц бохирдуулахаас сэргийлэх тухай, Даацын тэмдэглэгээний тухай, Багтаамжийн хэмжилтийн тухай, Далайд хөлөг онгоц мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх олон улсын дүрмийн тухай конвeнцуудад заасан шаардлагыг хангуулах, үзлэг, оношлогоонд хамруулах, гэрчилгээ олгох зэрэг олон зохицуулалтыг хуульд шинээр тусгах шаардлагатай. Эдгээр зохицуулалтыг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нэмж тусган, илүү өргөн хүрээтэйгээр оруулж өгсөн гэж ойлгож болно. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улс далайн тээвэр эрхлэх, далай ашиглахтай холбогдсон үйл ажиллагаа явуулах таатай нөхцөл бүрдэхээс эхлээд төрийн бус болон мэргэжлийн байгууллагуудын хоорондын ажлын уялдаа, холбоо сайжрахаас эхлээд олон талын ач холбогдолтой юм.
-Манай улсын далбаатай онгоцоор хар тамхи, галт зэвсэг тээвэрлэж явсан талаар мэдээлэл гарч байсан. Дээрх төрлийн зөрчил, гэмт хэргийн тоо сүүлийн жилүүдэд буурсан уу?
-Яг ийм тохиолдол гараагүй. Энэ талаар дотоодын болон гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр бодит бус, нотлогдоогүй, ташаа мэдээллийг санаатай болон санамсаргүй байдлаар тараах явдал их байна. Тухайлбал, medee.mn “ОХУ Монголын далбаатай хөлгөөр Сири рүү зэвсэг зөөдөг үү”, news.mn “Монголын далбаатай хөлгөөр Сирид зэвсэг нийлүүлжээ” гарчигтайгаар гадаадын хэвлэлээс орчуулан нийтэлсэн. Гэвч уг хөлөг онгоц нь 2015 оны есдүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтээ ирүүлсэн ба тухайн үед Танзани Улсын бүртгэлд “GEORGY AGAFANOV” нэртэй аялж байсан юм. Монголын хөлөг онгоцны бүртгэл уг хөлөг онгоцыг зохих журмын дагуу бүртгэж авсан ба манай бүртгэлд “GEO” нэрээр зургаан сарын хугацаатай бүртгэгдсэн хэдий ч хөлөг онгоц эзэмшигч нь солигдох болсон шалтгаанаар 2015 оны аравдугаар сарын 28-ны өдөр Монголын хөлөг онгоцны бүртгэлээс албан ёсоор гарсан байсан юм.
Энэ мэт андуу ташаа мэдээллийг олон нийтэд түгээх нь Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх хор уршигтай л даа.
-Өмнө нь уг асуудлаар Токио болон Парисын далайн санамж бичгийн хар бүртгэлд ч орж байсан шүү дээ. Одоо ямар байгаа вэ?
-Юун түрүүнд Токио болон Парисын санамж бичиг гэж яг юу вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ нь боомтын эзэн улсуудын хөлөг онгоцны тeхникийн хяналт, шалгалтыг сайжруулах чиглэлээр байгуулсан нэгдэл гэж хэлж болно. Энэ нь цэвэр тeхникийн шинж чанартай байдаг учраас ямар нэгэн зэвсгийн наймаа эсхүл хар тамхины тээвэртэй огт хамааралгүй зүйл юм. Анх 1982 онд Eвропын 14 улс нэгдэж Парисын санамж бичгийг байгуулсан байдаг. Улмаар уг санамж бичгийг загвар болгон бүс нутаг бүрт улс орнууд хоорондоо харилцан тохиролцож Токио MOU, Энэтхэг MOU, Хар тэнгисийн MOU гэх мэт Санамж бичгүүдийг байгуулсан. Эдгээр санамж бичигт хамаарагдах улсын боомтоор үйлчлүүлж байгаа аливаа хөлөг онгоцонд тухайн боомт улсын техникийн болон бичиг баримтын үзлэг шалгалтыг заавал хийдэг бөгөөд ямар нэг зөрчил, дутагдал илэрбэл түүнийгээ засч залруулах хүртэл тухайн боомт улсын эрх бүхий байгууллага түр хугацаагаар саатуулдаг юм. Тухайн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгасны дараагаар аяллаа үргэлжлүүлэх боломжтой болдог.
Манай улсын хөлөг онгоцны бүртгэлд өнгөрөгч 2018 онд 380 хөлөг онгоц бүртгэлтэй байснаас тэдгээрийн 11 хөлөг онгоц нь их, бага ямар нэгэн зөрчлийн улмаас боомтын үзлэг шалгалтаар саатуулагдсан байдаг. Ийнхүү саатуулагдсан хөлөг онгоцны гурван жилийн дундаж тоо баримтыг үндэслэн далбааны эзэн улсуудыг цаашид техникийн хувьд анхаарч ажиллах шаардлагатайг анхааруулах зорилгоор хар, саарал, цагаан өнгөтэй жагсаалтыг дээрх санамж бичгийн гишүүн байгууллагуудаас гурван жил тутамд гаргаж нийтэд мэдээлдэг. Манай бүртгэлтэй хөлөг онгоцнуудын хувьд сүүлийн 2015-2017 онуудад нийт 332 удаагийн үзлэг шалгалтаар орсноос 53 удаад нь саатуулагдсан байна. Гэвч сүүлийн жилүүдэд далбааны эзэн улсын хяналт шалгалт хийсний үр дүнд энэхүү тоо жилээс жилд буурч байгаа үзүүлэлт байна. Жишээлбэл, 2015 онд 24 онгоц, 2016 онд 16 онгоц, 2017 онд 13 онгоц тус тус түр хугацаагаар саатуулагджээ. Эдгээр үзүүлэлтэд дүгнэлт хийхэд 2020 онд гаргах жагсаалтад Монгол улс хар жагсаалтаас гарч саарал жагсаалт руу орох боломжтой. Гэсэн хэдий ч ингэж саатуулагдах нь нөгөө талаар хөлөг онгоц техникийн эвдрэл доголдлыг урьдчилан илрүүлж цаашид гарах ноцтой осол сүйрлээс урьдчилан сэргийлэхэд тус дөхөм болдог ач холбогдолтой юм. Манай улс ийнхүү техникийн хувьд саатуулагдахуйц зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хөлөг онгоцонд техникийн хяналт тавих хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болон Далбааны эзэн улсын хяналтыг сайжруулах зорилт тавин ажиллаж байна.
-Манай улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн онгоцоор голчлон ямар төрлийн бараа бүтээгдэхүүн тээвэрлэгддэг юм бэ?
-Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд цэрэг дайны тусгай зориулалтын болон загас агнуурын хөлөг онгоцнуудыг бүртгэдэггүй журамтай бөгөөд хөлөг онгоцны төрлийн хувьд ихэвчлэн чингэлэг тээвэрлэгч, задгай болон нурмаг ачаа тээвэрлэгч, газрын тос тээвэрлэгч онгоцнуудыг бүртгэдэг. Бараа бүтээгдэхүүний төрлийн тухайд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, газрын тос, үр тариа, уул уурхайн бүтээгдэхүүнүүд ихэвчлэн тээвэрлэгдэж байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)