Хэдхэн хоногийн өмнө Шилийн Богд ууланд гал түймэр гарсан билээ. Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс болж гарсан эл гал түймэрт тус ууланд 18 жилийн өмнөөс тарьж ургуулсан 14 мянган модны ихэнх нь өртсөн юм. Гал алдсан иргэд өөрийн гэмээ ухаарч, галыг унтраах бус харин ч хэргийн газрыг орхин зугтсан бол нутгийн зон олон түймэр унтраахын төлөө аль байдгаараа зүтгэсэн байдаг. Сүхбаатар аймаг нь тал хээрийн бүсэд хамаарах бөгөөд энэ утгаараа ойн сав газар цөөнтэй. Дан ялангуяа Шилийн Богд уул орчим нь салхи ихтэй учир мод тарих тийм ч хялбар бус. Харин академич, судлаач Ч.Дугаржав гуай 18 жилийн тэртээгээс тус уулыг ойн сав газар болгохоор зорьсны хүчинд сөнөсөн галт уулын тогоонд ойн сав бүрэлдэн тогтсон байдаг. Гэвч дээрх галын улмаас ойн ихэнх нь шатсан юм. Ингээд энэ талаар ШУА-ийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнгийн судлаач, акедимч Ч.Дугаржавтай ярилцлаа.
-Шилийн богд ууланд гал гарсан харамсалтай явдал боллоо. Гал түймэрт таны 18 жилийн өмнөөс тарьсан 10 гаруй мянган мод өртсөн гэсэн. Мод тарихад хүүхэд өсгөх хэмжээний асаргаа сувилгаа, тэсвэр тэвчээр шаарддаг гэж хүмүүс ярих юм билээ. Энэ олон жилийн хүч хөдөлмөрөө зориулан байж тарьсан мод шатсан гэдгийг сонсоод танд юу бодогдсон бэ?
-Анх сонсоод их бачимдаж, сэтгэл үймэрсэн. Олон жилийн сэтгэл зүрх, эд материалаа зориулан байж бий болгосон ойн төгөл минь шатчихлаа гэж үү дээ гэж бодохоос өөрийн эрхгүй нулимс урсдаг юм байна. Урьд шөнө ч сайн унтаж чадаагүй. Шөнийн 02.00, 04.00 цагийн үед сэрлээ. Хийж бүтээсэн зүйл маань сүйдлээ гэж байнга богдох юм. Хамгийн гол нь гал алдсан иргэд түймрийг унтраахад туслахгүй, хэргийн газраас зугтсан гэдгийг сонсоод ямар их гомдов оо. Нутгийн иргэдийн хэлснээр хэрвээ хэрэгтнүүд зугталгүй, гал унтраалцсан бол түймрийг тогтоох боломжтой байсан гэсэн. Аминчхан үзлээс боллоо доо. Би яах вэ гэж бодъё. Байгаль орчиндоо ч, Монгол орны ойн сав нэгээр цөөрлөө. Ойн сав газрыг санамсар болгоомжгүйгээр түймэр тавьж устгана гэдэг бол байгаль, экологи, эдийн засагт асар их хохиролтой. Тарьж ургуулсан хүмүүст сэтгэл санаа, оюун биеийн хувьд их л таагүй нөлөө үзүүллээ дээ. Би гэр бүл, үр хүүхдүүдийнхээ хамт 2011 оноос эхлэн 18 жилийн турш Шилийн богд ууланд мод тарьж байна. Энд шинэс буюу хар мод, нарс, гацуур, цагаан хус, хайлаас, улиангар, царс модыг тарьсан. Нийт долоон төрлийн мод, таван төрлийн сөөг тарьсан. Тухайлбал, далан хальс, чацаргана, тавилгана, өрөл, гүйлээс буюу Монгол сакураг жилд 250-2000 ширхэг тарьж ирлээ. Өнгөрсөн намрын буюу есдүгээр сарын сүүлчээр гэр бүлийн хамт 250 ширхэг хайлаас, хар мод зэргийг тарьсан. Энэ үеэр 14000 гаруй тооны мод сөөг ургаж байгаа юм байна гэдгийг тоолсон. Тэдгээр мод нь 2-20 хүртэлх жилийн настай. Модны өндөр нь 14-6.40 см ургасан байсан. Эндээс харахад Монгол оронд голчлон ургадаг шилмүүст, навчит модыг Шилийн богд ууланд ургуулж болох нь харагдсан. Тарьсан моднууд маань орчиндоо дасаж сайхан ургаж байна. Мөн бидний тарьсан хар мод үрээ өгч боргоцой ургасан байсан. Боргоцой гарснаар түүнээс гарсан үрээр байгалийн жамаар тэлж ургана гэсэн үг шүү дээ.
-14 мянган модноос хэчнээн нь түймэрт өртсөнийг мэдсэн үү?
-Га газраар ярих юм бол гурван га газар мод тарьсан. Гал гарсны дараа над руу "Тал нь шатжээ" гэж нутгийн хүн хэлсэн. Дарьганга сумын Тусгай хамгааллалтай газар, Байгаль хамгаалах газрын мэргэжилтнүүд газар дээр нь энэ сарын 25-нд /өчигдөр/очиж шатсан га талбайн хэмжээг гаргана гэсэн. Урьдчилсан байдлаар хоёр га газар шатсан байна гэж мэдээлж байна лээ.
-Та яагаад заавал Шилийн богд ууланд мод тарьсан юм бэ. Уг нь Улаанбаатарт тарьсан бол санхүүгийн хувьд танд хямд тусах байсан шүү дээ. Үүнээс гадна Шилийн богд уул бол тал хээрийн бүст хамаарагддаг. Ийм бүст мод тарих нь ажиллагаа ихтэй гэж сонссон?
-Шилийн богд ууланд мод тарих болсон нь гурван шалтгаантай. Нэгдүгээрт, Дарьганга сум бол миний аав ээж, өвөг дээдсийн нутаг. Хоёрдугаарт, би тэнд төрж өссөн. 1954 онд тэр сумдаа нэгдүгээр ангид элсэж анхны “А” үсгээ заалган номын мөр хөөж эхэлсэн. Гуравдугаарт, манай Сүхбаатар аймаг ой модгүй нутаг. Иймд, ойн мэргэжил эзэмшсэн хүний хувьд нутагтаа бодитой хувь нэмэр оруулъя гэж бодон Шилийн богд ууланд мод тарьсан. Үүнээс гадна энэхүү газарт мод тарих шинжлэх ухааны нэг үндэслэл нь Шилийн богд уул сөнөсөн галт уул юм.
Сөнөсөн галт уулын ар талын тогоонд мод ургах экологийн нөхцөл бүрдсэн байсан. Тэнд ойн хээрийн өвслөг ургамал, хар хүрэн өнгөтэй хамгийн сайн хөрс, чийг хур тунадас тэр ууланд илүү их хуримтлагддаг.
Тиймээс энэ байдлыг урьдчилж хараад Шилийн богд ууланд мод тарих хэрэгтэй юм байна гэж сонгосон. Тэр маань ч нотлогдсон.
Гэхдээ зөвхөн Шилийн богд уулаар зогсохгүй Завхан аймгийн Тосонцэнгэл, Төв аймгийн Мөнгөнморьт, Орхон аймгийн Хялганат зэрэг газруудад суурийн судалгаа хийж мод үржүүлгийн газрыг өөрийн шавь нарын хамт байгуулж, мод үржүүлгийн тарьцийг ургуулж, олон зуун га газрыг ойжуулсан. Улаанбаатар хотын Гачууртын амын түймэрт шатсан, огтлогдсон таван га газрыг ойжуулсан. Ер нь Монгол орныхоо газар газарт мод тарьж ойжуулж байгаа хүн дээ, би. Түүнээс гадна 1970 онд Дундговь аймгийн Өндөршил сумын төвд нь цэцэрлэг байгуулахад нь мэргэжлийн туслалцаа үзүүлж, мод тарьж байлаа. Өнгөрсөн зургадугаар сарын эхээр Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт Монцемент үйлдвэр өөрийн нэрэмжит цэцэрлэгээ байгуулсан юм. Тэр цэцэрлэгт мод, сөөг байгуулахад нь мэргэжлийн зөвлөгөө өгч байлаа. Зөвхөн Шилийн богд уулаар зогсохгүй монгол орныхоо олон газрын ой модыг судлахын зэрэгцээ, ойжуулах ажлыг хийж явна.
-Та ойн мэргэжлийг хаана эзэмшсэн юм бэ?
-Би хуучин ЗХУ-ын Санкт-Петербургийн Улсын их сургуулийг геоботаникч, ой судлалын мэргэжлийг эзэмшиж, төгссөн. 1970 оноос эхлэн Шинжлэх ухааны акедимид эрдэм шинжилгээний ажилтанаар ажиллаж байна. Энэ үеэс эхлэн өдийг хүртэл Монгол орныхоо ой модыг судалж байна даа.
-Би Шилийн богд уул руу гарч үзээгүй. Зурагнаас харахад мод огт харагддагүй юм л даа. Уулын тахилгаас хэчнээн метрийн зайд мод тарьсан юм бэ?
-Шилийн богд уулын тахилга уулын эгц орой дээр байдаг. Түүний ар талын тогоонд нь тарьсан. Ойролцоогоор гурван км зайд болов уу. Шилийн богд уулын галт уул дэлбэрч хойшоогоо лав урсч, тогоо үүсгэж хонхойсон тогтоцтой. Олон түмний сайн мэдэхээр Хоргын тогоо шиг тогоо тэнд байдаг юм.
-Модыг цэвдэгтэй газар ургадаг гэж сонссон юм байна. Сөнөсөн галт уулын тогоонд мод тарьсан гэхээр их сонин санагдаж байна. Ер нь ямархуу газарт мод сайн ургадаг юм бэ?
-Шилмүүст мод мөнх цэвдэгтэй, улирлын цэвдэгтэй, уулын ар сүүдэр газар ургадаг. Гэхдээ Шилийн богд уулын тогоон дотор бичил уур амьсгал бүрдсэн байдаг онцлогтой.
-Гал тавьсан иргэдэд хуулийн байгууллага хариуцлага тооцох байх. Таны хувьд хохирлоо нэхэмжлэх үү. Эсвэл буянаараа болог гээд орхих уу. Ингэж асууж байгаа шалтгаан нь та 18 жилийн турш 14000 мод тарьсан байна шүү дээ. Ийм их мод тарих амаргүй. Тэнд мод тарихад хотоос маш хол, усгүй гээд олон бэрхшээл бий?
-Хуулийн байгууллага хариуцлага тооцох л байх. Миний хувьд гэвэл өөрийн тарьж ургуулсан модныхоо төлбөрийг нэхэмжилмээр л байна. Бид ашиг харж ургуулаагүй. Шилийн богд уул хотоос 800 км зайд оршдог. Би сэтгэлээрээ нутаг орондоо сайн үйлс бүтээхийг зорьсон. Монгол орны ойн талбай жаахан ч болтугай нэмэгдэг, ой хил хязгаар тэлж Монгол орны цаг уур сайхан болно гэж бодсон. Мод чинь уур амьсгалыг зөөлрүүлж, цөлжилт, хүлэмжийн хийг бууруулах чухал үүрэг гүйцэтгэдэг. Модны экологийн үүрэг их байдаг шүү дээ.
-Сүхбаатар аймгийн Шилийн богд уул орчим цөлжилтөд хэр их өртсөн газар вэ?
-Нэлээн их өртсөн. Цөлжсөн газрын тоонд ордог. Бэлчээрийн талхалт их өссөн учраас цөлжилтөд өртсөн.
Ой модны үүрэг ач холбогдлыг хоёр хувааж үздэг. Шууд үр ашиг гэдэг нь ой модыг огтолж байшин барилга, түлээ, цаас хийх зэрэг модны модлогыг ашиглаж болох шууд үр ашгийг хэлдэг. Нөгөөх нь экологийн үйлчилгээний ашиг. Тэр нь ой мод орчимд уур амьсгалыг зөөлрүүлж хур тунадсыг нэмэгдүүлэх, агаарын температурыг бууруулах, гадаргын усыг нэмэгдүүлэх, хөрсний гүний усыг дээшлүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг шингээх агаарт ялгарсан нүүрс хүчлийн хийг шингээдэг том хүчин зүйл нь ой мод. Мөн газрын доройтол, цөлжилт, салхи, усны элэгдлийг зогсоох экосистемийн ач холбогдолтой. Экологийн ач холбогдлыг дэлхийн улс орнууд өндрөөр үнэлэх болсон. Бидний тарьсан бяцхан төгөл ийм л ач холбогдолтой байгаа юм.
-Та Шилийн богд ууланд үргэлжлүүлэн мод тарих уу. Шатсан газар мод тарихаар ургац нь хэр байдаг вэ?
-Шилийн богд ууланд мод тарихдаа өөрийн хүү, охиноо татан оруулж, хамтарч мод тарьж байна. Ний нуугүй хэлэхэд бурхан болтлоо л энэ газар мод тарина. Цааш нь миний үр хүүхдүүд залгуулж тарих байлгүй дээ.
-Өөрийн санаачлагаар мод тарьж байгаа иргэдийг төр засгаас хэрхэн дэмждэг юм бол. Танд төр засгийн бодлого, дэмжлэг үгүйлэгдэж байсан уу?
-Дарьганга сумын Засаг дарга, ИХТ-ын дарга нь миний тарсан модыг очиж үзэж байгаагүй. Хааяа уулзахаар “Та мод тарьсан гэлүү, хэр ургаж байна” гэж асуудаг. Би тэнтэй уулзахаараа энд мод тарилаа. Тиймээс түймэр гарч болзошгүй шүү анхааралдаа аваарай гэж олон жилийн өмнөөс хэлж ирсэн. Жил бүр л хэлдэг. Гурван жилийн өмнө Байгаль орчны яамнаас албан бичиг хийлгэж сумын захиргаанд аваачиж өгсөн. Бичигт “Шилийн богд ууланд ойжуулалтын ажил хийгдсэн. Ийм ийм мод ургаж байна. Ийм үнэтэй хөрөнгө сум, орон нутагт тань бий болжээ. Харж хамгаалж, анхааралдаа авах хэрэгтэй” гэсэн бичиг хийлгэж аваачиж өгсөн.
-Сумын Засаг дарга хариу өгсөн үү. Ер нь дорвитой анхаарч харж байгаагүй гэсэн үг үү?
-Хариу хэлээгүй. Дараагийн даргадаа ажлаа хүлээлгэж өгөхдөө гол гол ажлаа хэлдэг юм шиг байгаа юм. Тэр нь сумынхаа иргэдийн тоо, малын тоог хэлж, эдийн засгийн зарим зүйлээ хэлээд ажлаа хүлээлгэж өгдөг байх гэж бодож байна. Уржинан Батхүрэл гэдэг залууд хэлж Шилийн богд уулын өвсийг хадуулсан. Өнгөрсөн жил гандуу байсан учраас өвс нь жаахан ургасан байсан. Түүнээс биш их өвстэй үед бүсэлхийнээс дээгүүр ургадаг. Уржинан жил өвсийг нь хадуулаагүй байсан бол тарьсан мод юу ч үгүй шатах байсан байх.
-Монголд өөрийн санаачлагаар мод тарьдаг иргэд өдрийн од шиг цөөн. Ийм иргэдийг олон болгохын тулд төрөөс ямар бодлогын дэмжлэг үзүүлэх хэрэгтэй юм бол?
-Монгол орны онцлогт тохирсон дэвшилтэд технологийг нэвтрүүлэх хэрэгтэй байгаа юм. Тэр боловсорсон заавар зөвлөмжийн дагуу мод тарих гэж буй ард иргэддээ заавар зөвлөмжийг олшруулж гарын авлага болгох нь чухал. Хоёрдугаарт, төр засгаас мод тарихыг дэмжиж байгаа шүү дээ. Байгаль орчны яамнаас шийдвэр нь гарсан. Тэр нь хувь иргэдийн тарьсан модыг урт хугацаагаар эзэмшүүлнэ гэсэн эдийн засгийн механизмыг бүрдүүлж өглөө. Өөр нэг зүйл нь иргэн бий болгосон ой модоо зарна гэвэл улс худалдаж авна гэсэн зүйл байна.
-Улаанбаатар хотод жил бүр мод тарьдаг. Гэвч хэдхэн жилийн дараа нөгөө мод нь үхчихдэг. Мэргэжлийн хүний нүдээр харахад юун дээр алдаад багаа юм бол?
-Мод тарихдаа ямар зорилгоор хаана тарихаас хамаарна. Хэрвээ Улаанбаатарт тарихаар бол уур амьсгалын нөхцөл, хөрс зэргийг судласны үндсэн дээр тарих модоо зөв сонгох хэрэгтэй. Улаанбаатар хотын хөрсөнд ургахгүй модыг тарьвал үр дүнд хүрэхгүй. Улаанбаатар хотын бичил уур амьсгал олон янз. Орчин орчиндоо өөр өөр бичил уур амьсгал үүсдэг. Манайхан түүнийг нь судлалгүйгээр таарсан модоо ч юм уу, байгаа модоо тарьдаг. Түүнээс болоод л амжилтад хүрэхгүй байна. Ер нь Улаанбаатарт хар мод, нарс ургах боломжтой.
Манайхан уулнаас 3-6 метр өндөртэй нарс модыг авч ирж тарьж байна. Энэ нь "Хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөх" гэдэгтэй ялгаагүй зүйл.
Уулнаас мод авах авахдаа Улаанбаатар хотын уур амьсгалын нөхцөлд таарахгүй модыг нь авчирж тарих юм. Нарс мод Улаанбаатарын нөхцөл байдалд огт таарахгүй мод. Нарс бол Монголд хоёрхон газар л ургах боломжтой. Тэр нь Сэлэнгийн Тужийн нарс, Хэнтийн Биндэр, Дадал сум. Нарс элсэн дээр л ургадаг. Мөн энэ мод их давирхай ялгаруулдаг. Шилмүүсний уг, нахиа, ишиндээ давирхайтай. Шилмүүс гэдэг бол модны амьсгалдаг ганц зүйл. Шилмүүсээрээ амьсгалж, хоол тэжээлээ авдаг. Агаараас нүүрсхүчлийн хийг шилмүүсээрээ шингээн авч хөрсний гүнээс ирсэн устай нийлүүлж органик бодис үүсгэдэг. Тэр нь өсч шим тэжээл болдог. Ийн модны диаметр нь томорч дээш өсдөг. Гэтэл Улаанбаатар хотын нүдэнд харагдахгүй хумхын шороо, тоос давирхайн дээр нь очин наалдснаар модны амьсгалыг хаадаг.
Ингээд л Улаанбаатар хотын мод ургахгүй үхэж байгаа юм даа. Шалтгаан нь ерөөсөө энэ.
-Хотын захиргаа танай академитай хамтарч ажилладаг уу. Танаас зөвлөгөө авч байв уу?
-Улаанбаатар хотын захиргаа, хот тохижилт газар гээч нь шинжлэх ухааны нарийн ойлголтыг мэдэхгүй ээ.
Дарга нар нь ойр ойрхон солигддог болохоор дорвитой ажил болдоггүй биз. Надаас Нийслэлийн хот тохижилт, хотын захиргаанаас нэг ч удаа мэргэжлийн зөвлөгөө авч байгаагүй.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (12)