Хүүхдийн хүчирхийллийн асуудлаар УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа.
-Хууль зүйн байнгын хороо, НББСШУ-ны байнгын хорооноос байгуулагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсгийг та ахалж байсан. Ажлын хэсэг хэр үр дүн нь юу байсан бэ?
-Хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг байгууллагууд өөр өөрийн түвшинд ажлаа хийж байна. Энд маш сайн ажилласан, ажиллаж байгаа байгууллагыг энд онцолж ярих нь зүйтэй болов уу. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийллийн асуудал эрхэлсэн цагдаагийн байгууллагын ажилтнууд, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар маш сайн ажилласан гэж хувьдаа бодож байна.
Учир нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дөрвөн хууль хэрхэн хэрэгжиж байгааг шалгах ажлын хэсгийг би ахалж байсан. Энэ ажлын хэсгээс гарсан санал, дүгнэлт гаргаж холбогдох байгууллагуудад өгч байсан. Тухайн үед ажлын хэсгээс гарсан дүгнэлтийг холбогдох байгууллагууд дор бүрнээ биелүүлсэн бол ийм олон хүүхэд хүчирхийлэлд өртөхгүй байсан болов уу.
Ажлын хэсгээс гарсан санал, дүгнэлт нь ялын бодлогын ямар зүйлийг өөрчлөх, ямар ямар хуулийн эрхзүйн орчныг өөрчлөх вэ гэдгийг холбогдох яамд, Засгийн газарт чиглэл өгөх үүрэгтэй. Ажлын хэсэг 2017 оны аравдугаар сарын дундуур байгуулагдаж, бүтэн жил ажилласан. Ингэхдээ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хүүхэд хамгааллын 108 утас, төрийн бус байгууллагууд, хүүхэд хамгааллын байгууллага тэр бүү хэл, хөдөө орон нутаг дахь түр хамгаалах байрын үйл ажиллагаатай нэг бүрчлэн танилцсан. Үүний үндсэн дээр хуулийн хэрэгжилт ямар түвшинд байна вэ гэдгийг тайланд тусгасан. Тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хэрэгжилтэд юуг анхаарч, прокурорын байгууллага, ЭМЯ, БСШУСЯ, цагдаагийн байгууллага, ХЗДХЯ юунд анхаарлаа хандуулах шаардлагатай вэ гэдгийг зөвлөмжийн чанартай ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Цагдаа, Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газрынхан ажлын хэсгийн дүгнэлтийг үзэж, дүгнэлт дээр нэмж судалгаа шинжилгээ хийсэн байсан.
Үүнээс гадна 2014-2016 оны хугацаанд Шүүхээр шийдвэрлэгдсэн 80 хавтаст хэрэг бий. Үүнд, Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газрын захиалгаар Хөгжлийн академи судалгаа хийж, стратегийн өмгөөлөл хийсэн.
-Хөгжлийн академи судалгаанд юу тусгагдсан юм бэ. Гарсан үр дүн нь юу байв, ямар дүгнэлт гарсан юм бэ?
-Судалгааны дүгнэлт нь ямар нэг байдлаар гэмт хэрэгтэн, ялтныг гэсгээгээд зогсохгүй хохирогчийг хамгаалах ажлыг давхар хийх хэрэгтэй юм байна. Үүнд сэтгүүлчид онцгой анхаарахгүй хэрэгтэй. Хэрэг гарлаа гэхэд сэтгүүлчид хохирогчтой холбоотой зүйлийг асуудаг. Хохирогч сэтгэлзүйн маш хүнд дарамтад орсон үед болсон процессын талаар асуухаар хохирогч сэтгэлзүйн хямралд улам өртдөг. Мөн энд мэдүүлэг авдаг цагдаа нь хүртэл онцгой анхаарах хэрэгтэй. Анхны мэдүүлгээр бүхнийг баталгаажуулж авах хэрэгтэй. Учир нь бэлгийн болон биемахбодийн хүчирхийлэлийн ураг төрлийн холбоотой хүмүүс ихэвчлэн үйлддэг. Тиймээс үүнд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Хоёр дахь мэдүүлэг дээр хохирогч хэрэгтэнд зөөлөн ханддаг тохиолдол олон бий.
Үүнээс гадна хохирогч өөрөө өргөдөл гаргасан тохиолдол маш бага хувийг эзэлдэг. 80 хавтаст хэргийн таван хувь нь л хохирогч өөрөө өргөдлөө гаргасан байна. Учир нь хохирсон иргэдийн ихэнх нь бага насны хүүхэд байдаг учир тэр бүр өргөдөл гаргаж чаддаггүй. Хохирогчийн эцэг эх, гэр бүлээс өргөдөл гаргасан нь 77 хувийг эзэлж байна. Хохирогчийн ар гэрийнхэн ямар тохиолдолд өргөдөл гаргаж байна гэхээр давтан гэмт хэргийн дараа эсвэл хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан тохиолдолд ар гэрийнхэн нь мэдэж өргөдөл гомдол гаргадаг.
-Судалгаагаар энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт хэр байгаа нь гарсан уу. Тэр бүр мэдэгддэггүй, нуун дарагдуулдаг гэж сонссон?
-Хэрэг гарсан өдрөө 50 орчим хувь мэдэгддэг. Зарим нь 6, 7 жилийн дараа мэдэгдсэн тохиолдол ч бий. Энд зөвхөн нэг кейс дурдахад хойт эцэг нь 11 настай охиныг бүтэн зургаан жил хүчиндсэн, үүний дараа хохирогчийн дүү болох дөрвөн настай охиныг хоёр жил хүчиндсэний дараа мэдсэн байдаг. Ийм олон жилийн дараа мэдэгдэж байна гэдэг нь асран хамгаалагчид нь анхаарал сайн хандуулахгүй байна, хариуцсан эмнэлгийн байгууллагад тэр бүр очиж үзүүлэхгүй байна, эрсдэлтэй бүлгийн хамтарсан багийнхан төдийлөн анхаарал хандуулахгүй байгаагийн илрэл. Тиймээс үүнийг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар насанд хүрээгүй хохирогчид зайлшгүй өмгөөлөгчийн туслалцаа үзүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол хохирогчийн авсан өмгөөлөгчийг хүчирхийлсэн этгээд хөлсөлсөн тохиолдол их гардаг. Саяхан гарсан нэг кейсд ийм тохиолдол гарсан. Нэг өмгөөлөгч хохирогчоо ч, хүчирхийлэгчээ ч өмгөөлж байсан байна. Тэгэхээр өмгөөлөгч алинд нь үйлчлэх вэ гэдэг ноцтой асуудал гарч ирнэ. Гэтэл хохирогч нь гол төлөв насанд хүрээгүй, тэр бүр санхүүгийн чадамж муутай байдаг. Харин хүчирхийлсэн этгээд энэ төрлийн гэмт хэргийг олон удаа үйлдсэн байсан, аль болохоор ялаас мултаръя гэж бодон мөнгө төгрөгөө ахиу өгдөг учраас өмгөөлөгч нөгөө талд үйлчлэх магадлалтай байгаа юм. Тиймээс гэмт этгээд хохирогч хоёр хоёулаа нэг өмгөөлөгчтэй байж хэзээ ч байж болохгүй. Гэтэл хөдөө орон нутагт тийм тохиолдол их бий.
-Ц.Цогзолмаа гишүүний санаачилгаар намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагууд хүүхдийн бэлгийн болоод бие махбодийн хүчирхийллийн асуудлаар зөвлөлдөх уулзалт хийсэн. Та энэ үеэр ноцтой тоо баримт дурдсан. Тухайлбал, 12-17 насны 1613 эх төрсөн, 20 хүртэлх насны 1668 эх үр хөндүүлсэн байна гэсэн. Энэ хэр бодитой тоо юм бэ?
-2017 оны арваннэгдүгээр сарын 27-нд Монгол Улсын Ерөнхийлөгч ХЗДХ-ийн сайдад албан бичиг хүргүүлсэн. Бичигт хуулийн хариуцлагыг чангатгах, ялын бодлогыг нэмж хүндрүүлэх саналыг өгсөн. Уг бичигт “2-7 насны 298 хүүхэд хүчирхийлэлд автагдсан, 12-17 насны 1613 эх төрсөн, 20 хүртэлх насны 1668 эх үр хөндүүлсэн байна” гэсэн тоо статистик дурдагдсан. Эдгээр тоо баримт нь хүүхдийн хүчирхийлэл хавтгайрсан байгааг илтгэж байна. Үүнээс гадна тус бичигт хуульзүйн туслалцаа үзүүлсэн, зөвхөн байцаалтад оролцсон тохиолдлыг хамруулж үзэхээр 26 хувь нь өмгөөлөгчтэйгөө байцаалтад оролцсон байна. Хохирогчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан буюу шүүхээр хэрэг хянан шийдвэрлэхэд дуустал нь хуулзүйн туслалцаа үзүүлсэн нь 33 хувь байна. Үлдэж байгаа 67 хувь нь өмгөөллийн үйлчилгээ аваагүй гэсэн үг. 93.75 хувь нь сэтгэл судлаачийн зөвлөгөө аваагүй байна.
-Бага насны хүүхдүүдийг хамгаалах чиглэлд яаж ажиллах ёстой юм бэ. Хуулиар тэмцэх хэрэгтэй юм уу, эсвэл нийгмийн сэтгэлзүйтэй тэмцэх хэрэгтэй юм болов уу?
-Улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн бүлгийн уулзалтаар хүүхдийн хүчирхийлэлд дан ганц эмэгтэйчүүд төдийгүй эрэгтэйчүүд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй гэж үзсэн. Тиймээс энэ чиглэлийн ажилд эрэгтэйчүүдийг оролцуулъя, мөн ямар нэгэн улстөржилт хэрэггүй гэж үзсэн. Үүнээс гадна гэмт этгээдэд хариуцлага тооцох ялын бодлогыг хүндрүүлэх, гэр бүлийн орчинг онцгой анхаарах хэрэгтэй.
Энэ төрлийн гэмт хэрэг гэр бүлийн орчинд олноор үйлдэгдэж байгаа учир хүүхдүүдэд багаас нь бэлгийн амьдралын ойлголттой болгох, ямар нэгэн байдлаар бие эрхтэнд нь хүрэх юм бол болохгүй гэдгийг багаас нь ойлгуулах хэрэгтэй. Нөгөө талаасаа яамдуудын ажлын ачаалал их байдаг учраас энэ чиглэлийн ажлыг муу хийж байна. Тиймээс гэр бүл, хүүхэд, залуучуудын тусгайлсан бие даасан бүтэцтэй болох хэрэгтэй байна. Ийм тусгайлсан бүтэцтэй болоход их хэмжээний мөнгө гарахгүй. Энэ төрлийн агентлаг нь байгаа шүү дээ.
-Ерөнхийлөгч 2017 онд цаазын ялыг сэргээх санал гаргаж байсан. Цаазын ялыг сэргээх боломжтой юу?
-Цаазаар авах ялыг халсан олон улсын гэрээ нь Үндсэн хуультай харшлаагүй. Энэ утгаараа түүнд тусгасан суурь үнэт зүйлийг бататгасан учраас уг гэрээг Үндсэн хуульд харшилсан хэмээн дагаж мөрдөхгүй байж болохгүй. 1992 онд баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж тус тус заасан байдаг. Монгол Улс нь олон улсын гэрээг хэрэглэх хандлагын хувьд эрх зүйн монист тогтолцоотой улс юм. Энэхүү тогтолцоо ёсоор нэгдэн орсон олон улсын гэрээ нь үндэсний хууль тогтоомжийн нэг хэсэг болж, түүнтэй адил хүчин чадал бүхий баримт бичигт тооцогддог. Тус гэрээнээс яаж гарах талаар олон улсын гэрээний эрх зүйн Венийн конвенцоор хоёр нөхцөл зааж зохицуулагддаг. Нэг талаар, уг конвенцын 56 дугаар зүйлд гэрээнээс гарах саналаа уг гэрээнд нэгдэн орсноос хойш 12 сарын дотор мэдэгдвэл гарах боломжтой гэсэн байдаг. Гэтэл Монгол ингэж мэдэгдээгүй. Түүнчлэн Нэмэлт II протоколд нэгдэж ороод зургаан жил болсон. Нөгөө талаар олон улсын гэрээ нь мөн чанараараа гарахыг зөвшөөрсөн агуулгатай бол энэ талаар тодорхой заалтгүй байсан ч уг гэрээнээс гарч болно гэж өөр нэг нөхцөл заасан. Гэтэл НҮБ-ийн Хүний эрхийн хороо болон маш олон шинжээчид Нэмэлт II протоколд нэгдэн орсон л бол гарч болохгүй гэсэн тайлбарыг хийдэг. Филиппин 2016 онд уг протоколоос гарч, цаазаар авах ялыг сэргээх гэж оролдсон. Энэ үед НҮБ-аас хүчтэй буруушаасан. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс 2007 онд тогтоол хүртэл гаргаж цаазаар авах ялыг халах төдийгүй халсан улсуудыг буцааж сэргээхгүй байхыг анхааруулсан. Ерөнхийлөгчийн зүгээс бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амь насыг нь хөнөөсөн жигшүүртэй хэрэг олноор гарч байгаа учир цаазаар авах ялыг сэргээе гэдгийг хэлж байгаа.
-Цаазаар авах ялыг халснаас хойш гэмт хэргийн тоо буурсан гэдэг юм билээ.
-Цаазаар авах ялыг халахаас өмнөх болон халсны дараах онц хүнд гэмт хэргийн гаралтын тоог харьцуулахад уг гэмт хэргийн тоо өссөн тоо баримт байхгүй. Цаазаар авах ялыг хэрэглэж байсан 2002-2009 оны үед хүнийг санаатайгаар алах гэмт хэргийн тоо жилд дунджаар 294 гардаг байсан. Цаазаар авах ялыг халснаас хойш буюу 2010-2017 оны хооронд жилд 213 болж буурсан. Жилд бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэг 30-35 удаа гардаг. Энэ хэрэг огцом өсөөгүй, тогтвортой байгаа. Монголчуудын буруу зөвийг ялгах чадвар дээшилж хөгжсөн төдийгүй хэвлэл мэдээлэл, цахим ертөнцийн тусламжтайгаар энэ хэрэг үйлдэгдсэн даруйдаа ил гардаг болсон. Тэгээд тоо нь өссөн юм шиг харагдуулж байгаа хэрэг. Социализмын үед ч, цаазаар авах ял байх үед ч бага насны хүүхдийг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарч байсан. НҮБ болон Их Британи, Канад, Энэтхэг зэрэг бусад орнуудад хийсэн судалгаагаар цаазаар авах ял нь бүх насаар нь хорих ялаас илүү онц хүнд гэмт хэргийн гаралтыг бууруулдаг гэдэг нь нотлогддоггүй. Мөн Ерөнхийлөгчийн хэлсэн дээрх үгний хоёр дахь утга нь бага насны хүүхдүүдийг хүчиндэж, амь насыг нь бүрэлгэсэн хүнтэй хатуу хариуцлага тооцох ёстой. Энэ бол шударга ёс гэсэн агуулгатай байж магадгүй. Хуй нэгдлийн үед шударга ёс гэдгийг “амийг амиар” гэж ойлгож байсан. Хүн төрөлхтөн, ялангуяа ардчилсан улсууд шударга ёсыг ингэж ойлгохоо больж байна. Шударга ёс гэдэг нь тухайн гэмт хэргийн хэр хэмжээнд тохирсон ялаар шийтгэх юм гэж ойлгодог болсон. Мэдээж ардчилсан улсын суурь үнэт зүйлд нийцсэн ялын төрлүүдээс хамгийн тохирсныг нь сонгоно гэсэн үг. Үндсэн хуулийн нэг гол зарчим бол гэм буруугүй хүнийг хэзээ ч шийтгэж болохгүй. Харамсалтай нь, цаазаар авах ялтай ямар ч улсад гэм буруугүй хүнийг шийтгэх магадлал их гардаг. 2000 оны үеийн Монгол Улсад цаазаар авах ялыг оногдуулсан шүүхийн шийдвэрт анализ хийсэн судалгааны дүгнэлтээр нийт цаазаар авах ялд оногдуулсан шүүхийн шийдвэрийн 30 хүртэл хувь нь алдаа гаргах магадлалтай гэж гарсан. Гэм буруугүй хүнийг цаазлах магадлал 30 хувьтай байгаа хэрэг. Гэм буруугүй хүнд цаазаар авах ял өгчихөөд түүнийгээ өөрчилсөн тохиолдол Монголын түүхэнд маш их байдаг. Монголд 1958-2011 он хүртэл 870 хүнд цаазаар авах ял оногдуулсан. Цаазын ялын бүх мэдээллийг төрийн нууцад оруулдаг учраас энэ хүмүүсийн хэд нь яг гэм буруутай байсан бэ гэдгийг бид мэдэж чадахгүй. Жишээлбэл, “Баянхонгор аймагт нэг хүнийг хүчиндээд хөнөөсөн хоёр хүнийг цаазаар авсан. Гэтэл хүчирхийлээд, хөтлөөд, чирээд явсан мөр нь нэг л хүнийх байсан учраас дээрх хоёр хүний нэг нь гэм буруугүй байсан байх магадлалтай” хэмээн харамсан өгүүлсэн байдаг. Өөр хэргүүд дээр ч нэр бүхий хуульчдын ийм харамсал бий. Ер нь энэ ялыг улс төрийн зорилгоор ашигладаг. Монгол Улс 1937-1939 оны хооронд 30 шахам мянган гэм буруугүй хүнээ цаазалсан гашуун түүх бий. Цаазаар авах ял ийм аймшигтай үр дагавартай учраас бид шударга ёс гэдгийг амийг амиар бус ийм олон хүчин зүйлүүд дээр тулгуурлаж авч үзэх, тодорхойлох ёстой.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (18)