Сонгинохайрхан дүүрэг нь нийслэлийн хамгийн олон хүн амтай, дагаад ядуурал ихтэй дүүрэг. Гэхдээ улсаас татаас авдаг, ядуурал ихтэй гэж шалтаг тоочилгүйгээр өөртөө байгаа боломжоо ашиглах ёстойг тус дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн онцолж байна.
Тэрбээр “Бид тохижилт, үйлчилгээ, бүтээн байгуулалтад гол анхаарлаа хандуулан ажилладаг. Гэтэл иргэдийн амьжиргаагаа дээшлүүлэх гол суурь нь эрүүл мэнд, боловсрол. Тиймээс иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх шаардлагатай байна. Учир нь иргэн хүн эрүүл байж сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх боломж нээгдэнэ. Тиймээс манай дүүргийн зүгээс иргэдийнхээ эрүүл мэнд, боловсролын салбарт анхаарч ажиллаж байна. Дүүргийн төсвөөс иргэдийн эрүүл мэндийн боловсрол, ЭЕШ-ын оноог дээшлүүлэхэд хөрөнгө гарган ажиллаж байна” гэсэн юм.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгалын хэлтэс хамтран “Эрүүл иргэн” аян, “Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх дүүргийн дэд хөтөлбөр”-ийг нээлтийн үеэр тэрбээр ийн хэлсэн юм. Тус аяны хүрээнд эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэдийг элэгний B, C вирус болон бусад нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах юм. Энэ удаагийн аяны бас нэг онцлого тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс аянд нэгдсэн байна. Аяны хүрээнд 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш нийгмийн даатгалын дэвтэрээ 38400 төгрөг нөхөн бөглүүлж, ЭМД болон нийгмийн даатгалтай болох боломжийг олгож буй аж. Ингээд “Эрүүл иргэн” аян, “Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх дүүргийн дэд хөтөлбөр”-ийн нээлтийн үеэр Тус дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Болортуяагаас тодруулга авснаа хүргэе.
Ж.САНДАГСҮРЭН: ӨВЧНӨӨ ЭМЧЛҮҮЛЖ ЧАДАХГҮЙ ИРГЭД ОЛОН БАЙНА
-“Эрүүл иргэн” аян, “Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх дүүргийн дэд хөтөлбөр” нээлтээ хийлээ. Аяны хүрээнд нарийн мэргэжлийн оношилгооноос эхлээд амны эрүүл мэнд, чих, хамар, хоолой гээд үзлэг шинжилгээг үнэ төлбөргүй хийнэ. Иргэдийн хувьд халдварт өвчин туссанаа мэдэхгүй, анзаарахгүй байдлаас болж хүндрүүлдэг тохиолдол олон бий. Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах нь чухал байна. Үүнээс гадна өвчин туссанаа мэддэг ч эмчилгээ хийлгэх боломжгүй хүн олон бий. Ийм иргэдийг ч гэсэн аяны хүрээнд үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй хамруулж, эмчилнэ.
-Өнгөрсөн жил зохион байгуулсан аянаар ямар үр дүн гарсан бэ?
-Өнгөрсөн жилийн хувьд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан. Түүнчлэн хамгийн олон оршин суугчтай 22 дугаар хорооны иргэдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийсэн. Эндээс өвчлөлийн хувийг тодорхойлсны үндсэн дээр энэ жилийн аяныг өрнүүлж байна. Жишээлбэл, уушгины сүрьеэ өвчин 350 орчим, бэлгийн замаар халдварлах өндөр гарсан.
Ж.БОЛОРТУЯА: 10 ХҮҮХДИЙН ЕСИЙНХ НЬ ШҮД ХОРХОЙТОЙ
-Дүүргийн иргэдийн дунд ямар өвчин зонхилж байна вэ?
-Манай дүүрэг нийслэлийн хамгийн олон иргэнтэй дүүргийн нэг. Үүнийгээ дагаад ядуурал ихтэй. Ядуурал байгаа газарт өвчлөл байх нь дамжиггүй. Хүн амын дунд сүрьеэ, БЗХӨ-өөс гадна халдварт бус өвчлөл их байна. Халдварт бус өвчинд зүрх судасны даралт ихсэх, чихрийн шижин элбэг. Тиймээс эрүүл мэндийн боловсролыг бүх нийтэд түгээх зайлшгүй хэрэгтэй. Ямар өвчин ямар замаар халддагыг мэддэггүй иргэд олон байна.
-Тэгвэл хүүхдүүдийн хувьд?
-Чих хамар хоолой, амны хөндийн өвчин их байна. 10 хүүхэд тутмын есийнх нь шүд хорхойтой байна.
Г.Нацаг