УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өчигдрийн хуралдаан Түрээсийн орон сууцны хөтөлбөр, журам, бүртгэлтэй холбоотой асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Барилга, хот байгуулалтын сайдын мэдээлэл сонсох үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, А.Сүхбат нарын хооронд маргаан үүссэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хэлсэн үгэнд бухимдсан А.Сүхбат салаавч гаргажээ. Тодруулбал, “Ам ажлын зөрүүртэй Ардын нам яг юу хийж байгааг Та бүхэн хэлье. 2016 оноос хойш ТОСК-иас нэг ширхэг ч барилгын суурь эхлээгүй. Та бүгдийн ашиглалтад оруулсан гээд байгаа 1500 орон сууц бүгдээрээ АН-ын үед эхэлсэн, ашиглалтад ороход бэлэн болчихсон байсан. Тэдгээрийг ашиглалтад оруулж байна. Харьцуулаад үзээрэй. Үүний 970-ыг нь түрээсээр хуваарилах тухай асуудлыг ярьж байна. Бүр энэ нь УИХ-д оччихсон нааж явна. Иргэд юунаас айж байна гэхээр ЖДҮ-ийн асуудлаар нүдүүлсэн УИХ-ын гишүүд түрээсийн орон сууцыг хамаатан садандаа өгчих вий гэж байна.
ЖДҮ авдаг А.Сүхбат бол хамаатнаа яаж түрээсийн орон сууцанд оруулах талаар бодож байгаа. Надтай хэрүүл хийж болно. Зүгээр би тоо яръя. 22 мянган айлын орон сууцыг ТОСК ашиглалтад оруулсан. 2000-ыг нь түрээсээр ашиглуулах гэж байна. Тэр үед ямарч асуудал гарч УИХ руу орж байгаагүй.
Харин өнөөдөр 1500-хан айлын орон сууц барьсан ТОСК 900-г нь хуваарилахдаа УИХ дээр хэрүүл хийгээд явж байна. Д.Тогтохсүрээн, чи Бүлгийн даргын хувьд Ардын намынхандаа ажил хий гэж зөвлө” хэмээн байр сууриа илэрхийлсний дараа гишүүн А.Сүхбат түүн рүү хоёр удаа салаавч гаргажээ. Үүнийг нь харж суусан Д.Мурат гишүүн аварга А.Сүхбатыг тайвшруулснаар энэ асуудал намжсан байна.
2013 онд одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Хөдөлмөрийн сайд асан Г.Баярсайхантай маргалдахад түүний өмнөөс салаавч гаргаж байсан удаатай. Улмаар чуулганы нэгдсэн хуралдааны танхимд маргаанаа зохицуулахаар гарсан тэд өөр хоорондоо гар зөрүүлж байсан билээ.
С.Сүлд
Сэтгэгдэл (32)