Өмнөговь аймгийн Сэрвэй сумын Сайншанд багийн иргэн цасан шуурганаар осгож нас барсан байдалтай олджээ. Ойрын өдрүүдэд орсон цасан болон шороон шуурганы үеэр 41 иргэн алга болсон гэх дуудлага аймгийн онцгой байдлын газарт ирсний дагуу өнөө өглөөний 10.00 цагийн байдлаар 36 иргэнийг олсон бол дөрвөн иргэнийг эрэн хайх ажлыг үргэлжлүүлж байна. Иргэдээс цасан шуурганд төөрчихлөө гэсэн 37 дуудлага бүртгэгдсэнээс 36-г нь олж амь насыг нь аварсан нь энэ аж. Түүнчлэн малаа алдсан гэх дуудлага их байгаа юм байна.
Яг одоо Дорнод аймагт нойтон цас орж салхины хурд 14-16 метр секунд хүртэл ширүүсч байна. Аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр 12-нд шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн төв, зүүн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж буй. Салхи баруун өмнөөс секундэд 14-16 метр, өдөртөө нийт нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч цасан болон шороон шуурга шуурч байгаа тул малчид иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малыг хол бэлчээхгүй байх, жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулав.
Сэтгэгдэл (1)