Улаанбаатар хотын нийт иргэдийн 58 хувь нь буюу 200 мянга орчим өрх нь гэр хороололд амьдардаг гэсэн судалгааг ТОСК-иас хэдэн жилийн өмнө гаргажээ. Нийслэлд тулгамдаж буй агаар, хөрсний бохирдолын дийлэнхийг гэр хорооллын яндангаас гарсан утаа, ил жорлонгын бохирдол үүсгэж буйг олон судалгаагаар баталсан нь бий.
Тухайлбал, салбар яамнаас "Хөрсний бохирдлын нэг том шалтгаан нь гэр хорооллын ил жорлонгоос үүдэлтэй нянгийн бохирдол юм.
2014 оны судалгаагаар 310 мянга гаруй ил жорлон нийслэлд бий. Түүнийг дагаад 130 гаруй мянган угаадасны нүх байна гэх тооцоо гарсан.
Монгол Улс гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг зохицуулах стандарт баталсан. Гэвч нийслэлийн гэр хорооллын 80 гаруй хувь нь энэ стандартыг мөрддөггүй. Энэ бүгдээс үүдэн хөрсний бохирдол дээд цэгтээ хүрч байна" хэмээн мэдэгдэж байжээ. Энэ ч утгаараа хөрсний бохирдлын гол үүсгэгч ил жорлонг багасгаж, агаарыг бохирдуулагч гэр хорооллын яданыг цөөрүүлэхээр орон сууцжуулах шат дараатай ажил зохион байгуулж буй ч хангалттай үр дүнд хүрээгүй л байна. Тэгвэл эрдэмтэн, судлаачид дээрх асуудлаас хамгийн амархан бөгөөд хямд зардлаар салах боломжит хувилбар бол ногоон байгууламж гэдгийг онцолж байна.
Тодруулбал, нэг га ойн мод, сөөг нь 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, утаа униарын 30-35 хувийг өөртөө шингээдэг байна. Тэр дундаа навчит мод дуу, чимээний 25 хувийг замхруулж, тоос шороог 21-76 хувь хүртэл өөртөө барьдаг.
Тэгвэл агаар орчин, хөрсний бохирдлыг цэвэршүүлэх зорилгоор НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү Үндэсний мод тарих өдөр тохиолдуулан Чингэлтэй дүүргийн XII хорооны 217 айлд тус бүр таван мод буюу нийт 1220 мод тарьж өглөө.
Тэрбээр "Мод тарьж ургуулна гэдэг бол байгаль дэлхийгээ баярлуулж байгаа том үйл хэрэг. Үүнээс гадна нэг хүн 18 ширхэг модыг ургуулбал энэ насандаа байгалиас авсан хүчилтөрөгчийг буцааж өгсөнтэй тэнцдэг гэж судлаачид дүгнэсэн байдаг. Мод дагаж ус, ус дагаж амьдрал үргэлжлэдэг. Мод бол байгалийн хамгийн том тэнцвэржүүлэгч, цэвэршүүлэгч юм. Энэ үйл хэрэгт оролцож байгаа та бүхэнд баярлалаа. Модыг зөвхөн тариад орхих биш арчилж ургуулна гэдэг хамгийн чухал ажил юм. Учир нь мод тарих нь хүүхэд өсгөж, хүмүүжүүлэхтэй дүйцэхүйц ажиллагаа шаарддаг" гэлээ.
Харин зорилтот бүлгийнхээ талаар тэрбээр "Модыг арчилж ургуулах боломжтой, мод тарих хүсэлтэй 217 айлыг сонгож авсан. Ингэхдээ тэдний сонирхлын жимсний модыг тарьж өгч байна. Хавар нь цэцэглэж, намар нь үр жимсээ өгөх боломжтой чацаргана, монос зэргийг сонгосон. Үүнээс гадна хүүхдүүд энэ төрлийн модыг ургуулах, арчилах ихээхэн сонирхолтой байдаг. Үүгээрээ ч байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэл багаас нь суудаг" гэсэн юм. Мөн үүнээс гадна эдгээр модыг авахдаа Нийслэлийн төсвөөс нэг ч төгрөг гаргаагүй. Мод үрслүүлж, ургуулдаг байгууллагууд дэмжсэн гэдгийг онцолж байлаа.
Бид энэхүү сурвалжлагаа бэлтгэж явахдаа тус хорооны иргэн Ж.Цэдэвдорж хэмээх хичээнгүй, зүтгэлтэй, ажилсаг хүнтэй тааралдсан юм.
Учир нь одоогоос хэдэн жилийн өмнө хөрсөнд суулгахад бэлэн моднуудыг хог дээр хаясан байхал нь тэрбээр түүж аван хашаандаа тарьсан бөгөөд тэр нь чамлахааргүй сайн ургажээ.
Энэ талаар тэрбээр "Одоогоос 4, 5 жилийн өмнө Үндэсний мод тарих өдрийг тохиолдуулан XII хорооны айлуудад "тарь" гээд мод тараасан юм билээ. Гэвч айлууд нь тухайн модоо яаж тарих, хэрхэн арчлах талаар ямар ч мэдээлэлгүй учир хог дээр хаясан байсан. Тэднээс ургаж болохоор 20 чацарганы модыг хашаандаа тарьсан. Одоогоор 70 хувь нь ургаж, бусад нь үхсэн. Тарьсан моднууд бүгд чацарганы мод байсан. Эр мод нь байхгүй болохоор одоохондоо үр жимсийг нь хүртэж чадаагүй байна. Ямартай ч хашаа ногоорч сайхан л байх юм. Ер нь ногоон байгууламж, газар хүний сэтгэлийг тайвшруулдаг юм шиг санагддаг" гэсэн юм.
Мөн тус хорооны иргэн Д.Орших "Мод тарьж өгч байгаад сэтгэл хангалуун байна. Бид өөрсдөө мод яаж тарихаа мэдэхгүй шүү дээ. Тэгтэл мод үнэгүй өгөөд дээр нь өөрсдөө тарьж өгнө гэдэг чинь их том буян юм. Гэртээ хүүхдээ хараад сууж байдаг миний хувьд энэ модыг арчлаад ургуулж чадалгүй яах вэ. Саяхан хороонд модыг хэрхэн ургуулж, арчлах талаар сургалт зохион байгуулсан. Түүнийхээ үр дүнг гаргана даа. Бас хорооноос хэрхэн ургуулж байгааг сар бүр шалгаж, заавар зөвөлгөө өгнө гэсэн. Тиймээс болох байлгүй. Уг нь хүүхдээ ногоон зүлгэн дээр тоглуулмаар л байх юм. Гэвч манай энэ хавиар тоос шороо ихтэй. Өвөлдөө агаарын бохирдол, утаа ихтэй. Ийм байхад айл өрх бүр ганц гэлтгүй мод тарьж өөртөө болон, байгаль дэлхийдээ буян үйлдэж байх хэрэгтэй. Тэгж байж л бид мөрөөдлийн орчиндоо амьдарч чадах байх л гэж боддог" хэмээн хуучилсан юм.
Мод тарих ажилд "Ногоон үндэстэн" төрийн бус байгууллага, "Утааны эсрэг ээж авуудын холбоо"-ны төлөөлөл, Нийслэлийн ус сувгийн үндэсний төв болон оюутнууд оролцсон юм. Энэ үеэр "Ногоон үндэстэн" төрийн бус байгууллагын ажилтан н.Зоригтбаатар "Би 1995 онд Хөх хотод очиход их тоостой, жинхэнэ утгаараа Хөх хот байлаа. Дараа нь 2005 онд очсон. Тэгэхэд нов ногоон, агаар нь хүртэл чийглэг болчихсон, манан татсан байсан. Энэ нь мод тарьсны үр шим юм шүү дээ Агаарын чийгний хэмжээг мод ихээр нэмэгдүүлдэг учраас агаарын бохирдлыг бууруулдаг" хэмээн ярилаа.
Тус хороо нь хүн амын тоогоороо Чингэлтэй дүүрэгтээ гуравдугаарт ордог бөгөөд иргэдийн дийлэнх нь ажилгүй, амжиргааны түвшин доогуур гэсэн мэдээ бий. Тэгвэл тус хорооны иргэн Д.Батдэмбэрэл "Хоёр идэхгүй хоосон хонолгүй амьдарч байгаа хүмүүс өөрсдөө мод худалдан авч тарина гэдэг үлгэр. Хэрвээ өрх бүр өөрсдийн гэсэн цөөн хэдэн модтой, түүнийгээ дорвитойхон арчилж ургуулвал таны хэлдгээр наанадаж агаар, хөрсний бохирдол буурна. Гэр хорооллын хог хаягдал дийлдэхээ больсон гэхэд болно. Хаа сайгүй шороо, хог хаягдал байхгүй бол орчноо дагаад цэвэрхэн байна" гэлээ. Мөн тэрбээр "Мод усалгаа чухал нь үнэн байх. Энэ хавийн оршин суугчид чинь дээхнэ үед гурван км зайнаас усаа зөөдөг байлаа. Одоо ч нэлээд хэдэн худагтай болсон. Саяхан буюу гуравдугаар сард нэг худаг нээгдэж, үйл ажиллагаагаа явуулж байна. Ийм байхад мод тариулсан айлууд усалж ургуулаад үр жимс авах байлгүй дээ" хэмээн ярьснаар худаг усны асуудал нь анхаарал татав. Энэ талаар хамт мод тарилцсан Ус сувгийн үндэсний төвийн ажилтнаас тодруулахад "Үнэн. Би энд ус авчирдаг байсан. Сүүлд гурван худаг шинээр нээгдсэн. Тэрнээс бүр өмнө нь усны машин долоо хоногт хоёр удаа ирдэг байлаа. Машин ирээд сигналдангуут хүмүүс усны саваа аваад гүйлддэг байлаа" хэмээн хуучилсан юм.
Дэлхий дээрх хамгийн бохирдолтой хотуудын тоонд нийслэл хот маань багтдаг.
Үүнээс гадна хуурайшилт их, агаар хөрсний бохирдол аюулын харанга дэлдэж буй гээд Улаанбаатарыг тойрсон асуудал дуусашгүй. Хэдий асуудал их ч асуудлыг өөрсдөөсөө зайлуулж үлдээх биш өөрсдөө асуудалд яг одооноос эхлээд анхаарал хандуулж, гарц гаргалгааг хайбал болохгүй зүйл байхгүй мэт.
Ийнхүү иргэдийн төлөөлөл болсон цөөн хэдэн хүн 1000 гаруй мод тарихад хоёр өдрийг зарцуулсан юм.
Тэд 200 өрхийн хашаан дахь хөрсний бохирдол багасвал байгаль дэлхий баярлах биз ээ хэмээсэн. Гэвч зарим нэг иргэд "Мод тарьлаа гээд ямар хэрэг байна, сүр бадраах юм" гэх зэргээр хандаж байсан нь сэтгэл урах шиг болов. Уг нь нэг ч гэсэн мод тарьж, нэг ч гэсэн зүлэг талбайг арчилж байвал ард түмэн бидэнд л хэрэгтэй баймаарсан. Учир нь дээр хэлснээр гэр хорооллын хөрсний бохирдол газар авахын хэрээр гэдэсний халдварт өвчин тархах олширсон гэдгийг ХӨСҮТ-өөс анхааруулж бий. Ийнхүү зарим нэг иргэд попорлоо, сүртэй юм гэж хүлээж авсан хандлагыг нэгэн ах тас цохин өөрийн сэтгэгдлийг хуваалцсан юм. Тэрбээр тээврийн жолооч хийдэг ч ажлынхаа хажуугаар мод, ургамал тарих сонирхолтой. Сонирхолдоо хөтлөгдөн хашаандаа өргөст хэмхний хүлэмж байгуулжээ. Уг хүлэмжид сүүлийн таван жил өргөст хэмх тарьж, өрхийн хэрэгцээгээ хангадаг болсон талаар тэрбээр ярив. Ийн хөдөлмөртөө урамшиж, хашаандаа чацаргана, монос мод тарихаар Ц.Баатархүү төлөөлөгчид хандсан аж.
Тээврийн жолоочийн хүнд бэрх ажлын хажуугаар жимс, ногоо тарьж, орчны бохирдлыг бууруулахад өөрийн багахан чөлөөт цагаа хумслах тэр ахыг хараад өөрийн эрхгүй баярлав.
Дээр хэлсэнчлэн Улаанбаатар хотод 300 гаруй мянган ил жорлон бий. Тэгвэл айл өрх бүр хашаандаа тав, аравхан мод тарихад л нийслэлийн хөрсний бохирдол багасч, дагаад агаарын бохирдлоос салах боломжтой болно. Хүн хэмээх араатан агуу бүхнийг бүтээж чаддаг шигээ агуу бүхнийг сүйтгэдэг этгээд араншинтай. Түүн лугаа хийж бүтээхийн төлөө тэмцэж чадвал юуг ч даван туулах чадамж бий.
Өнөөдөр эдийн засаг саарч, идэх хоол, өмсөх хувцсаар өлмөн зэлмэн байж болно.
Гэхдээ алс хэтээ харвал бидэнд ходоодондоо хийх хоолноос илүүтэй, амьсгалах агаар, гишгэх эрүүл хөрс нэг чухал гэдгийг ухаж ойлгох хэрэгтэй. Тиймээс иргэн бүр, өрх бүр мод тарьцгаая. Тэгж байж л нүхэн жорлонгийн бохирдлоос салах боломжтой болох биз ээ.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (2)