“Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Туркойз хилл ресурс” компанийн хувьцааны ханш 1.50 хувиар унажээ. Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компанийн хувьцааны үнийн уналтын шалтгааныг Компанийн хяналтын багцыг буюу 50.8 хувийг эзэмшдэг “Рио Тинто” болон бусад жижиг хувьцаа эзэмшигчдийн дунд гарсан зөрчилтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.
Монгол Улс нь тус төслийн 34 хувийг эзэмшдэг бөгөөд уг гэрээг байгуулахаас эхлээд өнөөдрийг хүртэл улстөржилт хэт орсон гэдэг шүүмжлэл дагуулаад буй.
Учир нь Монгол Улсын Засгийн газраас Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг байгуулж, шалгалт явуулсан. Үүний дараа “хөрөнгө оруулалтын гэрээг цуцална” гэсэн албан бус мэдээлэл цацагдаж, улмаар Засгийн газар гэрээг цуцлахгүй, засаж өөрчлөх асуудал хөндөгдөнө гэдгийг албан ёсоор зарласан. Түүнчлэн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ болон АТГ-ын дарга асан Х.Энхжаргал нар тус гэрээтэй холбоотой хээл хахуулийн хэрэг бий гэдгээс эхлээд ноцтой баримт бий гэдгийг дурдсан юм. Энэ бүх мэдэгдэл, улстөржилт нь хувьцааны үнийн уналтад нөлөөлсөн байж магадгүй гэсэн дүгнэлтийг шинжээчид хийж байна.
Түүнчлэн “Туркойз хилл ресурс”-ын хувьцааны ханш сүүлийн зургаан сард байнга унаж байгааг stocksequity.com онцолсон байна.
Торонтогийн хөрөнгийн биржид өчигдөр компанийн нэгж хувьцааны өчигдрийн хаалтын ханш 1.75 канад доллартай тэнцэж байсан нь 20 хоногийн өмнөхөөс 12.78 хувиар унасан үзүүлэлт юм. Сүүлийн 50 хоногоор авч үзвэл 18.74, сүүлийн 200 хоногоор тооцвол 29.63 хувиар унажээ. Харин жилээр тооцвол бараг хоёр дахин унаад байна. Одоогоос яг жилийн өмнө тус компанийн нэгж хувьцааны ханш 3.76 канад доллартой тэнцэж байсан юм.
Г.Алимаа
Сэтгэгдэл (2)