Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 15 дугаар сургуульд сүрьеэгийн тохиолдол илэрсэн билээ. Тиймээс ХСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны төвөөс тус сургуулийн хүүхдүүдийг шинжилгээнд хамруулсан юм. Энэ талаар тус төвийн ХСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга, клиникийн профессор Д.Энхмандахтай ярилцлаа.
-15 дугаар сургуулийн 38 сурагч, нэг багш сүрьеэтэй гэж оношлогдсон хэмээн салбарын сайд өчигдөр мэдээлсэн. Танай байгууллагаас тус сургуулийн бүх сурагчдыг үзлэгт хамруулж байна. Шинжилгээний хариу гарсан уу?
-15 дугаар сургуульд үзлэг хийсэн. Одоогоор 38 сурагч, нэг багш халдваргүй сүрьеэтэй гэж оношлогдсон. Тиймээс эдгээр иргэдийг сүрьеэгийн халдвар тараах эрсдэлгүй гэж ойлгож болно. Халдвар тараахгүй учир эмчийн бичиж өгсөн эмийг ууж эмчилгээгээ, хяналтандаа орно.
-38 сурагчийг багшаасаа халдвар авсан гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ үнэн юм болов уу?
-Хэнээс халдвар авсныг мэдэх боломжгүй. Энэ өвчин агаар дуслын замаар тархдаг нийгмийн халдварт өвчин. Гэтэл сургууль, цэцэрлэгүүдэд агааржуулагч алга, олон ээлжээр хичээллэдэг, нэг ангид хэт олон хүүхэд суралцдаг. Ийм орчинд халдвар талрах эрсдэл өндөр. Түүнчлэн дан ганц сургууль, цэцэрлэг гэлтгүй олон нийтийн газар, гэр орноосоо халдвар авах боломжтой. Судалгаагаар гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвар авдаг. Би гэхэд сүрьеэ халдвартай. Гэхдээ унтаа байдалд байгаа учир бусдад халдаахгүй. Өнөөдөр бид хаанаас ч халдвар авч, хэн ч энэ өвчнөөр өвдөх боломжтой.
-Олон нийт зүгээс тухайн сургуульд багшилж байсан багшийг буруутгаж, дайрах нь их байна. Багшид нь шинжилгээ хийхэд ямар хариу гарсан юм бэ?
-Тухайн багшид холбогдох бүх шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр халдваргүй сүрьеэ гэж батлагдсан учраас эмчилгээ хийж байна. Тиймээс сүрьеэ өвчний халдвар бусдад тараахгүй гэж ойлгож болно.
-Халдвар авсан сурагчид, багш хэдэн сарын дараа бүрэн эмчлэгдэх вэ?
-Хамгийн багадаа зургаан сар эм уух ёстой. Ууж байгаа эм нь урьдчилан сэргийлэх эмчилгээ гэсэн үг. Эдгээр сурагчид сүрьеэ өвчин туссан юм биш. Сүрьеэгийн халдвар авсан. Сүрьеэгийн халдвартай хүний дархлаа сулрах, ядрах, буруу зуршлаас болж энэ нь хүндэрч, сүрьеэ өвчин болдог. Тиймээс сүрьеэ өвчин тусахаас нь урьдчилан сэргийлж эмчилгээ хийж байна гэсэн үг. Гэтэл иргэд үүнийг буруу ойлгож байна. “ЕБ-ын 15 дугаар сургуулийн бүх хүүхдүүд сүрьеэ туссан байна. 38 хүүхэд нэг багш сүрьеэгээр өвсөн байна” гэдэг бол ташаа ойлголт.
-Сургуулиудад танай байгууллагаас хэдэн сарын давтамжтай шинжилгээ хийдэг вэ?
-Бид зургаан сарын зайтай шинжилгээ хийх журамтай. Тэр дагуу үзлэг шинжилгээгээ хийдэг. Одоогийн байдлаар “Глобал сан”-гийн санхүүжилтээр 90 сургуульд үзлэг, шинжилгээ хийсэн. Нэг сургуулиас 100 гаруй багш ажилчид хүүхдүүдийг хамруулсан. Сүрьеэний шинж тэмдэг илэрсэн сургуулийн хүүхэд багш ажилчдыг үзлэгт хамруулдаг. Одоо ч үргэлжилж байна. Он гарсаар 14 сургуулийг үзлэг, шинжилгээнд хамруулаад байна.
-2015 оноос 15 дугаар сургуульд сүрьеэгийн шинж тэмдэг илэрсэн гэсэн мэдээлэл байна. Танай байгууллагаас хийсэн шинжилгээгээр өмнө нь илрээгүй юм уу?
-Бид ямар нэг зорилгогүйгээр сургуулиудад очиж шинжилгээ хийдэггүй. Тодорхой хэмжээнд сүрьеэгийн тохиолдол илэрсэн сургуулиудад очиж шинжилгээ хийдэг. Тухайн сургуулийг төлөвлөгөөндөө тусгаж, зургаан сар бүр үзлэг хийдэг. Хэрвээ сүрьеэтэй гэж оношлогдвол эмчилгээ хийж эдгээдэг. Манай сүрьеэгийн тандалт судалгааны албаны төв энэ чиглэлээр мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, газар дээр нь ажилладаг.
-Тэгэхээр цаашид хичээлээ үргэлжлүүлээд явах боломжтой гэж ойлгож болох уу?
-Шинжилгээнд хамрагдсан хүүхдүүд халдваргүй гэж оношлогдсон. Тиймээс халдвар тархана гэсэн эрсдэл байхгүй. Гэхдээ сургуулиуд дээр ариун цэврийн шаардлага хангах, агаарын сэлгэлтийг маш сайн хийх, агааржуулалтын системийг яаралтай тавих ёстой. Энд дан ганц сургууль агааржуулалтад анхаарах биш, Монгол Улсын барилга байгууламжийн агааржуулалтын системд онцгой анхаарах хэрэгтэй байна.
-Сүрьеэгийн тохиолдол жилд хэр олон бүртгэгддэг вэ?
-Монгол Улсад жилд сүрьеэгийн 4000 тохиолдол бүртгэгдэж байна. Түүний 10 хувь хүүхдийн сүрьеэ эзэлдэг. Голцуу 5-14 настай хүүхдүүд, залуучууд их өвдөж байна. Шалтгаан нь чанаргүй хоол унд хэрэглэх, агааржуулалт байхгүйтэй холбоотой. Энэ өвчнийг эрт илрүүлж, эрт эмнэлэгт хандаж эмчлүүлэх юм бол зургаан сарын дотор бүрэн эдгэрэх боломжтой. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн халдвартай сүрьеэ авлаа гэхэд эхний 14-21 хоног заасан эмийг нь уувал халдваргүй болно гэсэн үг.
Б.Хишигжаргал
Сэтгэгдэл (3)