Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг хориглосон Засгийн газрын тогтоол өнөөдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар болон бусад албаны төлөөлөлтэй хамтран таниулах арга хэмжээ зохион байгуулж байна. Засгийн газрын дээрх тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Улаанбаатар хот руу орох товчоодод хяналт тавих явуулын пост ажиллуулах, төвийн зургаан дүүрэгт 4,604 ажилтныг хяналтын багаар ажиллуулахаар болсон байна. Энэ талаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны дарга Ч.Гантулга "Гэр хорооллын айлуудын амьдрах орчны судалгааг хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 25 мянган өрхийн судалгаа нэгтгэгдсэн. Судалгааны үр дүнд үндэслэн сайжруулсан түлш түгээх системийг ажиллуулах, айл өрхийг цахилгаан халаалт, дулаалгын материал, шүүгч, эко ариун цэврийн байгууламж худалдан авахад нь хөнгөлөлт олгох, дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн” гэлээ.
Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица "Дэлхийд гурван тэрбумаас илүү хүн нүүрс, керосин зэрэг цэвэр бус технологиос хамааран амьдарч байна" гээд “Хүрээлэн буй болон агаарын бохирдлын хавсарсан нөлөөгөөр дэлхийд жил бүр долоон сая хүн цус харвалт, зүрх судасны өвчин, уушгины хавдар, амьсгалын замын халдварын улмаас эрсдэж байна. Гурван тэрбумаас илүү хүн орон байраа халаах, гэрэл гаргах, хоол хийхийн тулд нүүрс, керосин зэргийг ашигладаг. Айл өрхийн түвшинд цэвэр түлш, технологийн хүртээмжийг нэмэгдүүлснээр агаарын бохирдлыг бууруулах боломжтой” гэв.
Энэ үеэр сайжруулсан түлш нь стандартаас 1.6 дахин өндөр илчлэгтэйг мэргэжилтнүүд онцолсон юм. Уг шахмал түлш нь стандарт хэмжээнээс 1.5 дахин бага үнслэг, 1.6 дахин их илчлэгтэй бөгөөд бат бэх нь 1.1 дахин байгаа лабораторийн шинжилгээгээр батлагджээ.
Г.Алимаа