Бид өчигдрийн дугаартаа ЖДҮХС-гаас зээл авсан Засгийн газар, УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнууд хэзээ хариуцлагаа хүлээх вэ гэсэн нийтлэлээ хүргэсэн билээ.
Тэгвэл энэ удаа ЖДҮХС-гаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах шинэчилэн баталсан журмыг танилцуулж байна. Уг журмыг өнгөрсөн сарын 19-ны өдөр баталсан бөгөөд зээлийн хүсэлтийг энэ сарын 27-ноос зургадугаар сарын 10-ны хооронд хүлээн авахаар журамд тусгасан.
Шинэчилсэн журмаар Засгийн газар болон УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтны хамаарал бүхий эдгээдийн аж ахуйн нэгжид зээл олгохгүй гэдгийг тодорхой тусгаж өгсөн. Гэвч “Завсар байвал салхи сийгнэ” гэдэг шиг шинэчилсэн журмаар санхүүжилтийг арилжааны банк болон ЖДҮХС-гаас олгохоор болсон өмнөх алдаагаа давтахгүй гэх газаргүй гэдгийг харах эдийн засагч, шинжээчид байна. Учир нь шинэчилсэн журмаар 20 саяас 300 сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-гаас харин 300 саяас 1.000.000.000 төгрөг хүртэлх зээлийг арилжааны банкаар дамжуулна гэж заасан бий. Эндээс 20 саяас 300 сая төгрөгийн санхүүжилт авах нэрийдлээр жижиг хэлбэрийн олон удаагийн зээл авах эрсдэлтэй. Тиймээс нийтэд нь арилжааны банкаар дамжуулдаг байх ёстой гэдгийг анхааруулж буй юм.
Учир нь ЖДҮ-гээс зээл авсан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүдийн дунд 300 сая төгрөгийн зээлтэй хүмүүс цөөнгүй байсан. Тиймээс л ЖДҮ-чин нэртэй 300 саяын зээлтэй төрийн өндөр албан тушаалтнуудын тоо дахин нэмэгдэх вий гэсэн болгоомжлол төрж буйг хэлэхэд илүүдэхгүй биз ээ.
Гэвч салбарын сайдын шийд нэгэнт гарсан. Энэ сарын 27-ноос зээлийн хүсэлтийг хүлээж авахаар болсон.
АТГ-гаас УИХ-ын гишүүн Б.Батзориг болон нэр бүхий УИХ-ын гишүүдийг тус зээлтэй холбогдулан шалгаж байгаа. Үүнээс өмнө Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан тус зээлтэй нэр холбогдож, хууль бусаар зээл авсан УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээс нь түтгэлзүүлэх санал гаргасан ч УИХ-ын гишүүдийн олонхи дэмжээгүй юм.
Одоогийн байдлаар мэдээлэлд ойр байдлаа ашиглаж, ЖДҮХС-гаас зээл авсан нийт зээлийн хэмжээ 100 орчим тэрбумын хэргийг АТГ шалгаж байна.
Тодруулбал, одоогоор УИХ-ын нэр бүхий 40 орчим гишүүн зээл авсан нь баримт ил болоод буй. Тэдгээрийн дотор Ерөнхий сайд У.Хүрэлсүх зэрэг эрхмүүд багтаж байна. Урт хугацаатай, жилийн гурван хувийн хүүтэй, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн авах ёстой зээлийг тэр тэрбумаар нь олгосон хэргээ цайруулахын тулд Итгэлийн зээлийг олгох гэж байна гэх хардлага нийгэмд гараад буй. Аль нь ч бай, энэ жилээс эхлэн ЖДҮХС-гийн зээлийг хууль, журамд заасан дүрмийнх нь дагуу олгох ёстой, үүний тулд тавих хараа хяналтыг улам чангаруулна гэдгийг холбогдох албаныхан мэдэгдсэн юм.
Ингээд шинэчлэсэн журмыг танилцуулъя.
Өмнөх журамд УИХ-ын гишүүдэд ЖДҮХС-аас зээл олгохгүй гэсэн заалт тусгаагүй байсан. Тэгвэл шинэ журмаар
УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын компани, аж ахуй нэгж, хамраалал бүхий этгээд нь ЗЭЭЛ ОЛГОХГҮЙ гэж тов, тодорхой зааж өгсөн байна.
Мөн уг зээлий арилжааны банкаар болон ЖДҮХС-аар дамжуулан олгоно гэж заасан. Энэ заалт нь хамгийн их эрсдэл дагуулах магадлалтай гэж эдийн засагчид үзэж буй. Учир нь дээр хэлсэнчлэн 80 саяас доош үнийн дүнтэй зээлийг ЖҮХС-гаас шууд олговол жижиг зээл хэлбэрээр санхүүжилт авах магадлалтай гэж буй.
Түүнчлэн төсөл сонгон шалгаруулахдаа нарийвчилсан үнэлгээг олон улсын байгууллагын хэрэглэдэг аргачлалын дагуу хийхээр болжээ.
ЖДҮХС-ААС УРТ ХУГАЦААТАЙ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ, ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМД ОРСОН ГОЛ ӨӨРЧЛӨЛТҮҮД:
Төрийн өндөр албан тушаалтан, түүний гэр бүлийн гишүүдийн хувь эзэмшдэг компанийн төслийг хүлээн авахгүй.
Хороо, дэд хороо нь төсөл сонгон шалгаруулах, үнэлэх үйл явцыг цахимаар болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй, ил тод зохион байгуулна.
Төсвийн хөрөнгөөс зээл авсан хувь хүний овог нэр, хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар, шалгарсан төслийн нэр, үйл ажиллагааны чиглэл, төсөл хэрэгжих байршил, сонгон шалгаруулсан шийдвэрийг цахим хуудсаараа дамжуулан нийтэд ил тод мэдээлнэ.
Төсөл сонгон шалгаруулах хороо, дэд хорооны саналын эрхтэй 7 гишүүний 4 нь Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулсан төрийн бус байгууллагын төлөөлөл байна.
Хөнгөлөлттэй зээлийн зарим эх үүсвэр, төсөл сонгон шалгаруулах эрхийг орон нутагт шилжүүлсэн.
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Сум хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй бол зээл олгохгүй.
Хөнгөлөлттэй зээлийг дамжуулан олгох арилжааны банкинд тавигдах шаардлагыг бий болгосон.
Хөнгөлөлттэй зээл авах жижиг, дунд үйлдвэрэрхлэгчдэд тавигдах шаардлагыг иргэн, хуулийн этгээдээр салгаж, тодорхой болгосон.
Төсөл хүлээн авах хугацааны товыг тогтоохдоо жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд төсөл бичих хугацаа олгох зохицуулалты гхийсэн.
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн төслийг хүлээн авах, шалгах, судалгаа хийх, хурлаар хэлэлцүүлэх зэрэг үе шат бүрийг нарийвчлан зааж хариуцлагыг нэмэгдүүлсэн.
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шууд зээл олгох тохиолдолд зээлийн эрсдэлийн болон хөрөнгийн эрсдлийн даатгалд жил бүр заавал хамруулна.
Тэргүүлэх чиглэлийг тодорхойлох.
Төсөл сонгон шалгаруулалтыг онооны системээр үнэлнэ.
Дээд хэмжээ – ЖДҮХС 1.000.000.000 хүртэлх
Дээд хэмжээ – Орон нутаг 200 сая хүртэлх
Доод хэмжээ – Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 20 сая
Доод хэмжээ – Орон нутаг 20 сая хүртэлх байна.
Г.Нацаг
Сэтгэгдэл (1)