Монголын хоёр дипломатч өнгөрсөн сарын 3-ны өглөө 70 кг хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-ын Дрезден хотод саатуулагдсаныг тус улсын “Bild” сонин өчигдөр мэдээлсэн. Тэд Чех-Германы хилийн ойролцоо А17 дугаар хурдны зам дээр явж байгаад саатуулагдсан бөгөөд машины арын тээшиндээ тус бүр нь 500 гр-ын жинтэй 140 боодол хар тамхи тээвэрлэж явсан талаар “Bild” онцолсон. Энэ нь гурван сая евротой тэнцэх хэмжээний хар тамхи гэдгийг хэвлэлүүд мэдээлээд байгаа.
Харин Монголбанкны өнөөдрийн ханшаар нэг евро нь 2985 төгрөгтэй тэнцэж буй. “Bild”-ийн мэдээллийн мөрөөр сурвалжлахад 70 кг хар тамхи тээвэрлэж явсан Монголын хоёр дипломатч нь БНТУ-ын Истанбул дахь Монголын Ерөнхий консулын газарт ажилладаг Э, Б нар ажээ.
Э нь томилогдоод гурав шахам жил болж байгаа, томилогдохоосоо өмнө одоогийн УИХ-ын нэгэн гишүүн, төрийн өндөр албан хаагчийн туслах, жолоочоор ажиллаж байсан юм байна. Хоёр дипломатчийн саатуулагдах үедээ унаж явсан автомашин нь дипломат дугаартай, Э-гийн нэр дээр байдаг юм байна.
Хэдийгээр Э,Б нар нь дипломат эрхтэй ч дипломат албанд байдаг “Персон нон грата” ч болж болохгүй бололтой. Учир нь тэд дипломат алба хашдаг БНТУ-ын нутагт биш ХБНГУ-д саатуулагдсан учир тус улс тэднийг дипломат ёсоос гадуур авч үзэх магадлалтай байгаа аж. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдвэл ХБНГУ-ын хуулиар 5-11 жилийн ял оногдуулдаг байна.
Дашрамд сануулахад Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Р.Болд ажилладаг бол Истанбул дахь Монголын Ерөнхий консул нь Э.Мөнх-Очир билээ. Р.Болдын хугацаа дуусахаар Э.Мөнх-Очир Элчин сайдаар томилогдож, харин Р.Болдыг хуулийн байгууллагын өндөр албан тушаалд очно гэсэн яриа улс төрийн хүрээнийхэн дунд тархсан байсан. БНТУ-д Монгол Улсыг төлөөлөн суугаа дипломатууд ийм хэрэгт холбогдсон нь харин энэ ярианд цэг тавьж мэдэхээр болоод байна.
С.Балдан-Очир
Сэтгэгдэл (26)