Хүний эрхийн үндэсний комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамиртай ярилцлаа.
-Эрүү шүүлт гэж юуг ойлгох вэ?
-Эрүү шүүлтийг эрх бүхий албан тушаалтан буюу хуулиар эрх олгосон хүмүүс үйлддэг. Олон улсын гэрээ конвенц, Эрүүдэн шүүхийн эсрэг гэрээ конвенцид зааснаар төрийн алыан тушаалтан мэдээ, мэдүүлэг, баримт гаргах зорилгоор өөрөө эсхүл бусдын өдөөн хатгалтаар бие махбодь болон сэтгэл санааны хувьд шаналган зовоож байгаа үйлдлийг эрүү шүүлт гэж үздэг. Тэгвэл 2002 онд батлагдан гарсан Эрүүгийн хуульд зөвхөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч эрүүгийн хэргийг шалгах явцдаа эрүү шүүлт тулгавал гэмт хэрэг гэж үздэг байсан. Харин 2017 оны долдугаар сарын 1-ээс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуульд дээрх эрүү шүүлт тулгаж байгаа эрх бүхий нийт төрийн албан тушаалтныг хамруулан үздэг болсон юм.
Тухайлбал, өмнөх Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед Өмнөговь аймагт ажиллаж байсан хэсгийн төлөөлөгч хулгайн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан хоёр, гурван хүнийг эрүүгийн хэрэгт сэжиглэн баривчилсан. Ингэхдээ тухайн иргэдийг дөрвөн хөллүүлж, аманд нь чулуу зуулгаж сумын гудамжаар харгис, балмад байдлаар авч явсан. Өөрөөр хэлбэл, ийм байдлаар эрүү шүүлт тулгасан гэсэн үг. Энэ асуудлаар тухайн иргэдийн өмгөөлөгч нь гомдол гаргахад аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхээс энэ нь танхайрах гэмт хэрэг гэж зүйлчилсэн. Учир нь өмнөх Эрүүгийн хуульд эрүү шүүлтийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гэж заасан тул хэсгийн байцаагчид хамаараагүй юм. Ингээд тухайн хэсгийн байцаагчид танхайрах гэмт хэргээр ялласан ч Улсын Дээд шүүхээс Монгол Улс Эрүүдэн шүүхийн эсрэг гэрээ конвенцид нэгдэн орсныхоо хувьд энэ конвенц манай улсын хуулийн нэгэн адил үйлчлэх учраас уг заалтыг үндэслэл болгож, хэсгийн байцаагч төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байхдаа хэрэгт холбогдсон хүмүүсийг эрүүдэн шүүсэн тул эрүү шүүлт тулгах гэмт хэрэг гэж зүйлчилсэн байдаг. Түүчнлэн зодож цохихоос гадна сэтгэл зүйн дарамтад оруулах ч эрүүдэн шүүлтийн нэг хэлбэр болдог.
-Он гарсаар эрүү шүүлттэй холбоотой хэчнээн гомдол ирэв?
-Хүний эрхийн комисст ирж байгаа гомдлын дийлэнх хувийг цагдан хорих, хорих ангиудаас ирүүлдэг. Эрүү шүүлттэй холбоотой гомдол, мэдээлэл ч цөөнгүй ирдэг юм. Он гарсаар эрүү шүүлттэй холбоотой 20 гаруй гомдол ирсэн. Иргэдээс ирүүлсэн гомдолд Хүний эрхийн үндэсний комисс холбогдох ажиллагааг хуульд заасны үндсэн дээр явуулдаг. Уг асуудлыг материалжуулан харъяалах газар руу нь шаардлага хүргүүлж, шалгуулдаг юм. Тухайлбал, цагдаагийн алба хаагчийн үйлдсэн гэмт хэргийг АТГ шалгана. Цагдаагийн алба хаагч, АТГ-ын алба хаагчийн үйлдсэн гэмт хэргийг ТЕГ шалгадаг. Шүүх, прокурор, АТГ, ТЕГ-ын алба хаагчийн үйлдсэн гэмт хэргийг Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах алба шалгана. Өөрөөр хэлбэл, эрүү шүүлт явуулсан алба хаагчийг мөрдөн шалгах харьяаллыг ингэж тогтоож өгсөн байдаг.
-Өнгөрсөн оны хувьд Хүний эрхийн үндэсний комисст ирүүлсэн гомдол, мэдээллээс хэдийг нь шалгаж, шийдвэрлэгдсэн бэ?
-Прокурорын байгууллагаас ирсэн мэдээллээс үзвэл 2018 онд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжтэй 69 гомдол мэдээлэл хүлээн авч, 22 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, 46 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн. Манай байгууллагад ирж байгаа гомдол мэдээллийн тоо шүүхээр шийдвэрлэгдсэн гомдлын тоо эрс зөрүүтэй. Тухайлбал, цагдаагийн алба хаагчид хоёрдугаар сард нэгэн иргэнийг гэрээс нь баривчилахдаа хөл нүцгэн авч явсан асуудлаар гомдол ирүүлсэн. Бид уг асуудлыг материалжуулан харъяаллын дагуу шалгуулахад “өвлийн улиралд гэрээс нь гуталгүй авч гарсан нь цагдаагийн алба хаагчийн буруу байна. Гэхдээ гэртээ архидан согтуурч байна гэж дуудлага өгсөн байна. Энэ хэргийн зорилго нь мэдүүлэг, байцаалт авах биш юм. Харин эрүүлжүүлэхээр авч явсан байна. Тиймээс энэ бол эрүү шүүлт тулгах гэмт хэрэг биш. Энэ асуудал цагдаагийн албан хаагчийн ёс зүйн зөрчил байгаа учраас тухайн албан тушаалтанд хариуцлага тооцлоо” гэсэн хариу өгсөн.
-Төрийн алба хаагч чиг үүргээ явуулахдаа бие махбодь болон сэтгэл санаанд дарамт учруулахыг эрүү шүүлтийн нэг хэлбэр гэж үзнэ гэлээ. Тэгвэл гэмт хэрэгт сэжиглэгдэж буй тухайн этгээд хэн нэгний дарамт, шахалтаар хэрэг хүлээн ялаа эдэлж байх үедээ гомдол гаргах боломжтой юу?
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гомдол гаргах эрхтэй. Мөн шийтгэл авсан ч нээлттэй. Эрүүдэн шүүж байгаад цуглуулсан баримт нотлох баримтад хамаарахгүй. Тухайлбал, хэн нэгнийг зодож байгаад хэргийг нь хүлээлгэвэл энэ нь нотлох баримтад тооцогдохгүй гэсэн үг. Түүнчлэн эрүү шүүлт тулгаж авсан баримтаас гадна гэмт хэрэг үйлдсэн нь бусад баримтаар нотлогдож болдог. Өөрөөр хэлбэл, эрүү шүүлт тулгасан нь тухайн этгээд гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг нотолж байгаа асуудал биш. Хоорондоо ялгаатай ойлголт. “Би хэрэг хийгээгүй. Учир нь намайг ингэж эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн” хэмээн гомдол гаргаж, энэ нь нотлогдвол хэргийг дахин шалгадаг юм.
-Аль ч нийгмийн үед эрүү шүүлт байдаг ярьдаг... Мөн эрүү шүүлтийг халахад олон жил, сайн хууль, түүнийг хэрэгжүүлэхээс шалтгаална гэж хуульчид ярьдаг, үүнийг шийдвэрлэх ёстой байх... Эрүү шүүлт гэдэг зүйлийг үндсээр нь авч хаях, халах тийм боломж байгаа болов уу. Та энэ талаар ямар байр суурьтай байдаг вэ?
-Байлгүй яах вэ. Аль ч нийгмийн үед эрүү шүүлт байсаар ирснийг түүх харуулдаг. Эрүү шүүлт нь хүний халдашгүй байх эрхэнд халдаж байгаа үйлдэл юм. Эрүү шүүлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх зэрэг нь хоорондоо уялдаа холбоотой. Үүнд хамгийн чухал үүрэг гүйцэтгэх эрх бүхий субъект нь төр юм. Төр эрүү шүүлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, түүнд тохирсон ял шийтгэл оноох, бодлого боловсруулах, түүнчлэн иргэн болн иргэний нийгмийн байгууллагууд хамрагдаж байж үр дүнд хүрнэ. Дан ганц төр гэлтгүй хөндлөнгийн хяналтууд ч хэрэгтэй. Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн нэмэлт протуколд нэгдэн орсон улсууд “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм” бие даасан байгууллага байгуулахыг конвенц шаарддаг юм. Энд нэгдэн орсон улсууд нэг хүртэлх жилийн дотор уг байгууллагыг байгуулах ёстой ч манай улс байгуулалж чадалгүй таван жил өнгөрлөө. Өөрөөр хэлбэл, төр эрүү шүүлтийн эсрэг урьдчилан сэргийлэх ажлуудаа хийхгүй байна гэсэн үг шүү дээ. Тиймээс уг байгууллагыг байгуулахыг Хүний эрхийн үндэсний комиссоос удаа дараа шаардлага хүргүүлсэн.
-Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм байгуулснаар ямар давуу талтай вэ?
-Энэ байгууллага нь аль ч объект руу нэвтрэн орж, хяналт шалгалтыг хийх бүрэн эрхтэй. Комиссын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай объект руу нэвтэрч хяналт, шалгалт хийх эрхтэй боловч эрхээ бүрэн хэрэгжүүлэхэд тодорхой саад бэрхшээл тулгардаг юм. Харин “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм” нь зөвхөн төвлөрсөн цагдан хорих, хорих ангиар зогсохгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дотуур байр, цэргийн анги, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эмчилдэг асрамжийн газар зэрэг газруудад чиг үүргийнхээ дагуу шууд хүрч үйлчлэх боломжтой. Учир нь чөлөөтэй нэвтрэх боломжгүй объектуудад байгаа хүмүүс эрүү шүзүлтэд өртөх магадлал өндөр байдаг тул тухайн байгууллага энд шууд хүрч ажиллана гэсэн үг.
-Хүний эрхийн үндэсний комисс хуулийн байгууллагатай хэрхэн уялдан ажилладаг вэ?
-Эрүү шүүлттэй холбогдуулан хууль хяналтын байгууллага, зэвсэгт хүчин, хил хамгаалах ерөнхий газар, цагдаагийн ерөнхий газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар тус бүрт сургагч багш нарыг бэлтгэж байна. Мөн орон нутгийн ажилчид тухайн газартаа сурталчилгаа, мэдээллийг иргэдэд өгөх ажлуудыг иргэдэд өгч ажилладаг. Түүнчлэн дээрх байгууллагуудтай хамтран санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд хяналт шалгалт, сургалт сурталчилгаа, ажилчдын мэдлэг чадавхийг нэмэгдүүлэх бүх ажлыг төлөвлөгөө гарган хийж байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)