Сайд Б.Энх-Амгалангаас асуух зүйл байна. Дархан болон Налайхын зам хэзээ ашиглалтад орох вэ, товлож төлөвлөсөн хугацаандаа хүлээлгэж өгөх үү. Засгийн газрын хүрээнд хийсэн гэрээ, хөрөнгө оруулалтын хүрээнд шинэчлэл хийж эхэлсэн энэ хоёр замын ажил, бүтээн байгуулалтын үр дүнг хүн бүр харж байна, бас хүлээж байна. Аль алиныг нь шинэчилж, ард түмнээ аюул осолгүй автозамаар зорчуулах тухайгаа тунхаглан тууз хайчилсан нь саяхан биш гэж үү.
Гэтэл үргэлжлэн орсон борооны улмаас Дархан болон Налайх чиглэлийн зам харгуй хаагдав. Холбогдох газраас тухайн орчмын түр замын зорчих хэсгийг хааж, нэг өдрийн “гал унтраах” шийдвэр гаргасан нь энэ.
Нэлээд олон хүний уур бухимдлыг хүргэв. Чин үнэнийг тодотгоход нийслэлийн автозамын түгжрэл гэхээсээ хөдөө орон нутагт дардан биш дурдан замаар явах, түүнийг шийдэх нь салбар хариуцсан яам, сайдын үүрэг гэлтэй. Үргэлжилсэн цас, бороо зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнөөс хэн ч сөрж чадахгүй. Харин тэр бүгдэд холбогдох арга хэмжээ авч, шийдвэр гаргах нь салбар хариуцсан сайдын үүрэг биш гэж үү.
Уг нь та “Би өөрөө жолоочийн хүүхэд. Миний бага нас жолоочийн кабинд өссөн” хэмээн нэгэнтээ ярилцлага өгч байсан хүн нь Б.Энх-Амгалан. Гэвч “Тээврийн кабинд өссөн” арвин түүхтэй сайд өнөөдөр яг юу хийв. Үргэлжилсэн борооны улмаас замын хөдөлгөөнийг нь хааж байгаа Налайх-Чойрын замын бүтээн байгуулалтыг харахад ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орох нь тун эргэлзээ төрүүлэх.
Адаглаад Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөхөөр эхэлсэн ажил хэзээ дуусах бол.
Засгийн газраас одоо байгаа хоёр эгнээ авто замыг Азийн хөгжлийн болон Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр шийдсэн. Санхүүжилтийг нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар холбогдох газруудтай аман болон албаны хэлэлцээ хийсний үр дүнд шийдвэрлэж, өдгөө ажлыг нь эхлүүлээд буй. Хачирхалтай нь, хамгийн сүүлийн үеийн техник, технологийг хэрэглэх Б.Энх-Амгалан сайдын “амлалттай” бүтээн байгуулалтын ажил урагшлах шинжгүй өвөлтэй золгох нь.
Угтаа бол “Хуучин замыг газар дээр нь бутлаад, эргүүлж боловсруулаад дэвсдэг технологийг ашиглах учраас хугацаандаа ашиглалтад орно гэж тооцож байгаа” хэмээсэн салбарын сайдын үг “Улаанбаатар-Дархан хотын чиглэлийн авто замын техникийн шаардлагад хуучин асфальтыг ресайкл машинаар фрезердэж далан эсвэл дэд сууринд ашиглах ёстой байхад хуучин асфальтыг хуулалгүйгээр дээр нь шууд далангийн ѳндѳрлѳгѳѳ хийж байна. Автозамын зѳвлѳх болон тѳслийн нэгжийнхэн харж хяналтаа тавихгүй хийлгэж байна. Асфальтан дээр шороо тогтоно гэж байхгүй. Замын технологи ноцтой зѳрчиж байна” гэсэн нь зүгээр ч нэг шүүмжлэл биш болов уу. Орон нутгийн гэлтгүй Налайх-Чойрын зам ямар байдгийг "Кабинд өссөн сайд" эрхбиш мэдэж байх учиртай. Та замын хөдөлгөөн хаах биш түүгээр аюулгүй зорчих үндсийг бүрдүүлэх үүрэгтэй сайд биш гэж үү?!. Дахиад л бороо орно.
Цаг уурынхан түүнийг тогтооно гэхээсээ байгалийн цаг уур, "зан ааш" тэрийг тодорхойлно. Тэр үед орон нутгийн зам харгуй дахин эвдрэх үү, түүгээр дамжин өнгөрөх тээврийн хэрэгслүүд таг гацах уу?. Ер нь Налайх, Дарханы зам товлосон хугацаандаа багтаж ашиглалтад орох уу, сайд аа?
С.Сүлд
Сэтгэгдэл (5)